Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж төсөл, арга хэмжээ 59 суманд хэрэгжихээр боллоо
Нийгэм“Сумын хөгжил:
Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү төсөл, арга хэмжээ нв үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох ялангуяа инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг шинэчлэх, шинээр барих, сумын иргэдэд нийтийн аж ахуйн үйлчилгээг иж бүрнээр хүргэх, тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн шаардлагыг хангах, төвлөрлийг сааруулах зорилготой төсөл юм.
Тус төсөл, арга хэмжээ 19 аймгийн 59 сумын төвд хэрэгжинэ.
Энэхүү 59 сумыг “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн хүрээнд тодорхойлсон бүлэг суурингийн тогтолцоо, Үндэсний хөгжлийн газрын боловсруулсан “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-той уялдуулан суурин хүн амын тоо, нийгмийн үйлчилгээний таталцал, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль экологийн эмзэг байдал, газар нутгийн даац болон багтаамж, хүн амын ус хангамжийн эх үүсвэр, усны нөөц зэрэг төвлөрөл үүсгэх хүчин зүйлүүдийг харгалзан сонгож төлөвлөсөн байна.
Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр:
-Сумдын хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжаар дамжуулан стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж, хөрсний бохирдлыг бууруулна.
-Дулаан хангамж, хэрэгцээний халуун усаар тогтмол хангаж, нийтийн халуун усны үйлчилгээг хүн амд үзүүлнэ.
-Сумын төвийн орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, худалдаа, үйлчилгээний байгууллагууд болон айл, өрхийн 40 хүртэлх хувийг буюу нийт 7800 өрхийн 31.2 мянган хүн ам инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоно.
-Шилжилт хөдөлгөөнийг бууруулж, сумандаа ая тухтай амьдрах таатай боломжийг бүрдүүлнэ.
-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нийтийн аж ахуйн үйлчилгээний тогтвортой үйл ажиллагааг хангана.
-Өрхийн бичил үйлдвэрлэл хөгжих нөхцлийг бүрдүүлэх юм.
Эх сурвалж: БХБЯам