Нетаньяхуг залгамжлах Нафтали Беннет гэж хэн бэ?

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-07 10:48:27


Ирэх хоёр жилийн хугацаанд Израилийн Ерөнхий сайдаар 49 настай Нафтали Беннет гэдэг улстөрч ажиллах нь үндсэндээ тодорхой боллоо.

“Израиль, Палестины хоёр улс зэрэгцэн орших” тухай томьёоллыг эрс эсэргүүцдэг, тусгай хүчинд алба хааж байсан, чинээлэг саятан түүний удирдсан “Ямина” нам /Шинэ барууны үзэлтнүүд/ өнгөрсөн 3 дугаар сард болсон сонгуульд Израилийн парламент болох Кнессетийн 120 суудлаас 7-г ньавчээ.

Гэсэн хэдий ч парламент дахь хоёр гол эвслийн хүчний харьцаа ойролцоо байгаа учраас түүний удирддаг фракц жингийн туухайг хааш нь ч хазайлгаж мэдэхээр улс төрийн хүч болж хувираад байна.

Израилийн хэвлэлүүдэд бичиж байгаагаар, Беннет ирэх хоёр жилийн хугацаанд ерөнхий сайдаар ажилласныхаа дараа уг албан тушаалыг сөрөг хүчний удирдагч Яир Лапид-ад шилжүүлэн өгнө гэсэн тохиролцоог сөрөг хүчний эвсэл ба Беннетийн нам хийжээ. 

Өмнө нь Б.Нетаньяху, Я.Лапид хоёр Ерөнхий сайдын суудлыг Беннетэд санал болгож байсан удаа бий. 

Парламентад олонх болохын тулд аль нэг нам, эвсэл Кнессетэд дор хаяж 61 суудал авсан байх ёстой боловч 3 дугаар сарын сонгуулийн дүнгээр аль нь ч давамгайлж чадсангүй. 

Ерөнхий сайд Б.Нетаньяху олонхийн эвсэл бүрдүүлэхээр оролдсон боловч бүтэлгүйтсэн байна. 

Харин сөрөг хүчний удирдагч Я.Лапид парламентад суудалтай намуудын 56 депутатын дэмжлэгийг авсны дараа Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин 28 хоногийн дотор эвслийн засгийн газар байгуулахыг түүнд даалгасан ба уг хугацаа 6 дугаар сарын 2-нд дууссан юм. 

Гэтэл энэ хугацаанд Израиль-ХАМАС-ын мөргөлдөөн дэгдсэнээр Нетаньяхугийн хувьд цаг хожих боломж гарч ирлээ.   

Харин энэ үед Беннет төвч үзэлт Лапидтай үзэл бодол нийлдэггүй хэдий ч сөрөг хүчний талд орсноор Израилийн түүхэнд хамгийн удаан буюу 12 жилийн турш Ерөнхий сайдын албыг тасралтгүй хашсан Нетаньяхугийн “ноёрхол” төгсгөл болж байна.  

Нафтали Беннет Хайфа хотод төрсөн бөгөөд түүний эцэг эх нь АНУ-аас Израильд ирж суурьшсан хүмүүс юм. Нетаньяхугийн нэгэн адил тэрбээр "Сайерет Маткаль" гэдэг армийн тусгай хүчний ангид алба хааж байв. Тус анги барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх, Израилийн дайсан гэгддэг этгээдүүдийг баривчлах тусгай ажиллагааг гүйцэтгэдэг ажээ.


Өмнө нь Нетаньяхугийн баруун гар гэгддэг байсан Беннет 2006-2008 онд Ерөнхий сайдын Тамгын газрын даргаар ажиллаж байсан боловч дараа нь тэд хоорондоо түнжин хагарснаар Беннет “Ликуд” намаас гарч “Еврейн орон гэр” гэдэг баруун үзэлтнүүдийн намд элсжээ. 

Улмаар тус намыг парламентад суудалтай болгосон байна.

Дараа нь тэрбээр янз бүрийн засгийн газруудын бүрэлдэхүүнд сайдын албыг хашиж байгаад 2019 онд түүний шинээр байгуулсан нам нь Кнессетийн ээлжит сонгуульд ялагдсанаар албан тушаалаа орхисон байна

Гэвч дараагийн сонгуулийн дүнгээр Беннет парламентад эргэн иржээ. 


Түүнийг хэт үндсэрхэг үзэлтэн гэж тодорхойлдог бол тэрбээр өөрийнхөө тухай “би Нетаньяхугаас илүү баруунтан” гэдэг

Израиль бол зөвхөн еврейн улс байх ёстой, Баруун эрэг, Зүүн Иерусалим, 1967 онд израильчуудын эзлэн авсан Сирийн Голаны өндөрлөгийн газар нутгийг эзэмших түүхэн эрх нь Израильд бий гэж байнга батлан хэлдэг хүн бол Беннет.

Еврейн суурингуудын асуудал 

Тэрбээр Баруун эрэг дэх еврейн суурингуудыг хэвээр үлдээхийн төлөө олон жилийн турш тэмцэж байгаа юм. 

Эдгээр 140 орчим сууринд Зүүн Иерусалимыг оруулаад нийтдээ 600 мянга гаруй еврейчүүд амьдардаг. 

Эдгээр сууринг палестинчуудын газар нутагт хууль бусаар байгуулсан гэж дэлхийн хамтын нийгэмлэг үздэг бол Израилийн эрх баригчид ийм дүгнэлтийг огт хүлээн зөвшөөрдөггүй. 

Суурингуудын асуудал бол Израиль-Палестины сөргөлдөөнийг өдөөж буй гол шалтгаануудын нэг билээ. 

Палестинчууд тэдгээр сууринг устгахыг шаарддаг бол Нетаньяху хэвээр үлдээхийн төлөө байдаг хэдий ч уг асуудлаар төдийлөн хатуу байр суурь баримталж чадахгүй байгааг Беннет шүүмжилдэг.


Англиар сайн ярьдаг Беннет Израилийн байр суурийг тайлбарлан ойлгуулахын тулд гадаадын телевизийн сувгуудын нэвтрүүлэгт байнга оролцдог ажээ.

Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарын боломжийг тун чадамгай ашиглаж бодол санаагаа илэрхийлдэг бөгөөд зарим үед хэтэрхий илэн далангүй ярьж, заримдаа бүр бүдүүлэг түрэмгий үг хэллэг ашигладаг.

Нэгэн удаа Израилийн телевизийн сувгаар явуулсан мэтгэлцээний үеэр Кнессетийн гишүүн нэгэн араб иргэн хэлэхдээ “еврейчүүд Баруун эрэгт суурьшин амьдрах эрхгүй” гэсний хариуд Беннет “та нарыг модон дээрээсээ бууж ирээгүй байх тэр үед энэ нутагт еврейн улс аль хэдийнэ байгуулагдчихсан байсан” гэсэн аж.

Тэрбээр Израиль ба Палестины хоёр улс зэрэгцэн орших тухай томьёоллыг шууд үгүйсгэн няцаадаг гэдгийг дээр дурдсан. 

Харин асуудлыг энхийн замаар зохицуулах нь зүйтэй гэсэн байр суурийг дэлхийн ихэнх улс орон, түүний дотор Израилийн гол холбоотон болох АНУ, одоогийн ерөнхийлөгч Жо Байден дэмждэг билээ. 

Сөөм ч газрыг ч өгөхгүй 

Энэ оны 2 дугаар сард ярилцлага өгөх үеэрээ Беннет “Израилийн газар нутгаас нэг сантиметрийг ч өгөхгүй. Гүйцээ” гэж мэдэгдэж байсан юм. 

Түүгээр ч үл барам Израиль улс Иудея ба Самария-гийн ихэнх хэсгийг өөртөө нэгтгэн авах ёстой гэж үздэг.

Иудея ба Самария гэдэг нь Иордан голын Баруун эргийг Библийн сударт тэмдэглэсэн нэршил юм

Түүнээс гадна, хэдийгээр өнөө цагийн Израиль улсад цаазын ялыг хориглосон боловч террорист халдлага үйлдсэн Палестины зэвсэгт этгээдүүдийг цаазлах нь зүйтэй гэсэн байр суурийг Беннет баримталдаг. 

Ташрамд дурдахад, цорын ганц удаа буюу 1962 онд нацистын гэмт хэрэгтэн Адольф Эйхманыг Израильд дүүжлэн цаазалсан тохиолдол бий. 

2018 онд Газын зурваст нөлөөгөө тогтоосон ХАМАС хөдөлгөөнийхөнтэй мөргөлдөөн үүсэх үед Беннет гал зогсоохыг эсэргүүцэж байв. 

Хамгийн сүүлд болсон мөргөлдөөний үеэр тэрбээр хэлэхдээ “Израилийн армийн хариу цохилтонд өртөж олон арван энгийн номхон иргэд хүн амиа алдсан явдалд ХАМАС-ын удирдагчид өөрсдөө буруутай” гэж байлаа. 

Беннетийн хөндөх дуртай чухал сэдвүүдийн нэг бол үндэсний бахархал, өөртөө итгэх итгэл юм. 

2014 онд “Нью-Йорк таймс”, “Гаарец” гэх мэт зүүний либерал сонинууд Израилийн бодлогыг шүүмжилсний хариуд тэрбээр богино хэмжээний хошин дүрс бичлэгийг /видеоролик/ цацсан байна. 

Уг бичлэгт нэгэн хипстер еврей эр эргэн тойрондоо байгаа бүх хүмүүсээс ямар ч шалтгаангүйгээр, утга учиргүйгээр уучлал гуйна. 

Дараа нь тэрбээр энгийн төрхөндөө эргэж ороод “өнөөдрөөс эхлээд уучлал гуйхаа зогсоолоо, гүйцээ” гэж хэлдэг ажээ.  

Улс төрд орж ирэхээсээ өмнө Нафтали Беннет цэргийн албанд тушаал дэвшиж, бизнест чамгүй амжилт олчихоод байв. 

Хошууч Беннет Израилийн тусгай хүчний хоёр ч ангид алба хааж байхдаа хэд хэдэн удаа байлдааны ажиллагаанд оролцож байжээ. 

Армиас бэлтгэлээр халагдсаныхаа дараа тэрбээр компьютерийн технологийн салбарт старт-ап компани байгуулсан ба дараа нь компаниа худалдсанаар саятан болжээ. 

“Би нэг удаад 17 стейк иддэггүй, надад хувийн нисэх онгоц, тансаг моторт завь байхгүй. 

Дуртай зүйлээ хийхийн тулд би эрх чөлөөг худалдан авсан” гэж тэрбээр 7 жилийн өмнө хэлж байв.

Эх сурвалж: ВВС 

Холбоотой мэдээ