Угаартаж нас барсан иргэдээ тоолсоор байх уу?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-08 01:50:20


Нийслэлчүүд цар тахлын халдвараас гадна угаартаж нас барсан хүмүүсээ тоолсоор зунтай золгож байна. 

Хэдийгээр галлагааны улирал дууссан ч гэр хорооллын иргэд түлшиндээ угаартсан дуудлага тасрахгүй, хүний амь ч эрсэдсээр байна.

Өчигдрийн мэдээгээр Сонгинохайрхан дүүргийн 41-р хороонд “Гэр бүлийн таван гишүүн угаартлаа” гэх дуудлага өглөө 09:35 цагийн үед бүртгэгджээ. 

Албаныхан дуудлагын дагуу очиход гэрийн янданг сугалж, өрх бүтээсэн байдалтай,  тав болон зургаан настай хоёр хүүхэд харамсалтайгаар нар нас барсан байжээ.

Мөн тэдний аав, ээж, дүү нь угаартсан байдалтай Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэн, эмчлүүлж буй.

Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлш хэрэглээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. 

Энэ хооронд  түлшиндээ угаартсан иргэдийн тоо хэдэн зуугаар яригдаж, харамсалтайгаар нас барсан хүний тоо нэмэгдсээр. 

Ингэхдээ нэг хүн ч биш гэр бүлээрээ угаарын хийн хордлогын улмаас амь насаа алдаж байгаа нь харамсалтай.


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 24 цагт 1177 хүнээс Covid-19 илэрч, хоёр хүн нас барснаар нийт нас баралтын тохиолдол 313 боллоо. 

Харин сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 21 иргэн угаартсаны улмаас нас баржээ. 

Тодруулбал:

5-р сарын 25, 26-ны өдөр гэхэд л нийт есөн иргэн угаартаж харамсалтайгаар амиа алдсаны дөрөв нь бага насны хүүхэд байв. 

Энэ тоог цар тахлын халдвараар өдөрт нас барж буй хүний тоотой харьцуулахад ийм байна.

Сүүлийн 10 жилийн байдлаар 118 тохиолдолд 158 хүн угаартаж нас барсан.  

Жил бүр 2500 гаруй хүн галлагааны улмаас эмнэлэгт ханддаг. 

Угаарын хийн хордлогын улмаас жилд 15-20 хүн нас бардаг гэх тоог албаныхан мэдээлж байв.

Энэ бол маш том асуудал.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээр угаартсан шалтгаан нөхцөлийг авч үзэхэд, гэрт 101, байшинд 202, энгийн зуух 203, төслийн зуух 86, нам даралтын зуух зургаа байсан.

Үүнээс ханан пийшинтэй нь 86, ханан пийшин, зуух эвдэрсэн 73, зуух, яндангийн холбоос завсартай 34, яндан хөө тортогтой 30, үнс дүүрсэн 44, түлшээ дүүргээд түлсэн 85, яндан намхан 35, яндангийн хаалтаа хаасан 69, тодорхойгүй 50 тохиолдол, усгүйгээс зуух нь дэлбэрсэн гурван тохиолдол дээр цагдаагийн алба хаагчид ажилласан тухай тайлагнаж байлаа.

Албаныхан “Иргэд хайхрамжгүйгээсээ угаартаж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон” гэх тайлбарыг өгдөг.

Тиймээс өнгөрсөн өвөл “Яндангаа хөөлье” аян хүртэл өрнүүлж, 200 мянган угаар мэдрэгч үнэгүй тараасан ч тусыг эс олов бололтой.

Нөгөө талаас иргэдийн хариуцлагын асуудал  ч энд хөндөгдөнө.

Хэдийгээр урин дулаан цаг ирсэн ч гэртээ галлагаа хийхдээ анхаарч, агаар сэлгэлтийг тогтмол хийх хэрэгтэйг дахин сануулъя.


Холбоотой мэдээ