ЗАЛУУС: Бид ИРЭЭДҮЙГЭЭ эмээ, өвөөгөөрөө сонгуулсаар өдий хүрлээ...
Улс ТөрЗалуу сонгогч нарын төлөөлөл юу хэлэв-
Залуус сонгуулийг хэр ач холбогдолтой зүйл гэж боддог бол? “Сонгууль” гэх үг тэдний чихэнд хол сонсогддог болов уу? Эсвэл...
Бид залуу сонгогч нарын төлөөлөлтэй ярилцаж тэдний анх удаа саналаа өгсөн сэтгэгдэл, сонгуулийн ач холбогдлыг юу гэж боддог, үзэл бодлоо худалдахгүй байх тухайд ямар бодолтой байдаг талаар ярилцлаа.
ЗУРГААН ЖИЛ УЛСАА УДИРДАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОНГОХ ТҮҮХЭН СОНГОЛТЫГ БИД ХИЙХ ГЭЖ БАЙНА
Хэнийг сонгох нь хүний өөрийн итгэл үнэмшлийн асуудал.
Гэхдээ заавал саналаа өгөх нь залуусын, иргэн бүрийн үүрэг юм.
Хэрэв та сонгууль өгөхгүй бол сонгогчдын тоо багасаж, дэмждэг хүнийхээ эсрэг санал өгч байгаатай адил зүйл болно.
Чиний дэмждэг үзэл санаа ялагдвал чи өөрөө л буруутай.
Өөрөөр хэлбэл залуу хүн та саналаа өгөхгүй бол чиний дэмждэггүй хүн ялалт байгуулна гэж ойлгож болох юм.
Би анхны сонгуульдаа “нүдээ аниатайгаар”өвөө эмээгийнхээ үзэл бодлын дор саналаа өгч байсан.
Миний охин өвөө, эмээ нь насаараа энэ намыг дэмжиж ирсэн гээд л надад аминчлан ярьж байлаа.
Анхны сонгуулиа өгөх гэж буй залуу сонгогчид гэр бүлийн, найз нөхдийн сонголтыг дагаж саналаа өгдөг байдал ажиглагддаг.
Хөндлөнгийн нөлөөнд авталгүй хүсэл зорилгоо илэрхийлэн саналаа өгөх хэрэгтэй.
Саналаа худалдах нь ардчиллын хариуцлагын тогтолцоог гажуудуулдаг.
Сонгогчид ухамсартай, сонор сэрэмжтэй байж санал худалдан авах оролдлогод өртвөл иргэний үүргээ биелүүлж заавал холбогдох эрх бүхий байгууллагад хандах хэрэгтэй.
Зургаан жил улсаа удирдах ерөнхийлөгчийг сонгох түүхэн сонголтыг бид хийх гэж байна.
Үр хүүхэд залуу хойч үе, гэрэлт ирээдүйнхээ төлөө үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцоцгооё.
ҮЗЭЛ БОДОЛ, САНАЛАА ХУДАЛДДАГ ҮЕ ӨНГӨРСӨН
Г.Сэргэлэнбаатар:
Бид бүгд энэ улсад амьдарч байгаагийн хувьд улсынхаа удирдагч, ард түмний төлөөллөө зөв манлайлагч хүнийг сонгох ёстой гэж боддог.
Уг хариуцлагатай үйл явдлыг сонгууль гэж ойлгодог.
2020 оны УИХ-ын сонгууль бол миний хамгийн анхны сонгууль байсан.
Бид нар гэр бүлээрээ Монгол үндэсний хувцсаа өмсөж очин саналаа өгсөн.
Ирээдүйнхээ төлөө анх удаа сонголтоо хийсэн болохоор үнэхээр догдолж байсан шүү.
Бидний үзэл бодлыг хэн ч худалдаж авч чадахгүй.
Сонгуулийн сурталчилгаа гэж янз бүрийн л юм сонсогддог.
Эцсийн эцэст хаалттай ширээн дээр үзэг бариад хүн бүр өөрийнхөө сонголтыг нууцлалтайгаар хийдэг. Үзэл бодол, саналаа худалддаг үе өнгөрсөн.
Сонгууль бол бидний ирээдүйд нөлөөлөх хүчин зүйл.
Тэгэхээр ирээдүй, үр хүүхэд, сайхан амьдралын төлөө хамгийн зөв сонголтыг хийж, сонгуульд байж болох хамгийн дээд ирцээр оролцоцгооё гэж залуусаа уриалмаар байна.
САНАЛАА ӨГӨХ НЬ ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭЖ БАЙГАА ХАМГИЙН ЭНГИЙН ХЭЛБЭР ЮМ
Өмнө нь сонгуульд тийм ч их ач холбогдол өгч байгаагүй.
Ээж, өвөө хоёроо дагаад, бараг таньдаг нэр байвал л сонгож дугуйлаад гардаг байлаа.
Гэхдээ ажил амьдрал дээр гараад, нийгмийн олон асуудалтай нүүр тулаад, бие даагаад эхэлсэн чинь ямар чухал юм бэ, ач холбогдол өгөөгүйгээс ямар олон буруу сонголт хийж, хайнга хандаж байв гэдгээ ойлгосон.
Сонгогдсон хүн яг ажлаа хийж чадах уу, миний амьдарч буй орчин тойрныг сайжруулж, илүү боломжийн амьдарч, ажиллах нөхцөлийг бүрдүүлж, ядаж л аюулгүй, цэвэрхэн, тухтай байлгах гэж хичээх нь үү гээд мөрийн хөтөлбөрийг анхааралтай унших хэрэгтэй.
Тэгж байж илүү дээр ирээдүй бий болно.
Бас зөвхөн саналаа өгөөд л болох биш, цаашид амлалтаа биелүүлж байна уу, ажлаа хийж байгаа юу гэдэгт хяналт тавьж явах нь чухал.
Хамгийн анх сонгууль өгөхдөө ээж, өвөө хоёроо дагаж орж байлаа.
Олон хүн хараад суучихсан, бүх зүйл их л сүртэй, нухацтай санагдаж байлаа.
Ширээний ард суугаад саналын хуудсыг хараад үнэндээ мэддэг нэрээ, өвөөгийн хэлж ярьсан хүнийг л сонгож байсан.
Гэхдээ одоо залуус илүү нухацтай болж, өөрсдийн шийдвэрийг гаргаж, идэвхтэй болж байгаад баяртай байна.
Үзэл бодлоо худалдахгүй байх гэдэг нь өөрийн үнэ цэнийг хадгалж үлдэж байна гэсэн үг.
Бид хэнд ч худал хэлж, түүндээ итгүүлж болох ч өөрсдийгөө хэзээ ч хуурч чадахгүй.
Мөнгөнөөс ирээдүйгээ, боломжоо худалдаж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй.
Магадгүй бид зөв сонголт хийж чадвал одоо авах мөнгөнөөс илүү үнэ цэнтэй зүйлийг бүтээх боломжийг ирээдүйд бий болгоно, өөрсдийгөө үнэлүүлэх, сайхан газар амьдрах боломжтой болно гэдгээ ойлгох хэрэгтэй.