"Сэлбэ, Дунд голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн"
НийгэмУлаанбаатарт орсон үргэлжилсэн борооны улмаас хэд хэдэн газар усанд автаж, автомашин, явган хүн зорчих боломжгүй болжээ.
Өнөөдөр (2021.06.09) Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц усанд автжээ.
Энэ талаар Геодези, усны байгууламжийн газраас тодруулахад “Сүүлийн өдрүүдэд бороо их орж, өчигдөр уулаараа цастай байсан нь хайлсан.
Үүний улмаас Сэлбэ, Дунд голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн.
Энхтайваны гүүрний нүхэн гарцын тухайд усаа гол руу шахдаг.
Гэвч усаа шахдаг голынх нь түвшин нэмэгдсэн учир одоогийн нөхцөл байдал үүсээд байна. Өөрөөр хэлбэл, нүхэн гарц усаа шахаж чадахгүй байна.
Манай байгууллага яаралтай арга хэмжээ авч байна.
Дахин бороо орохгүй бол өнөөдөртөө үүсээд буй нөхцөл байдлыг хэвийн болгоно” гэв.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр (2021.06.08) борооны улмаас үер, усны 10 дуудлага, мэдээлэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудад иржээ.
Эдгээр дуудлагаас гадна Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 алба хаагч тус дүүргийн 19 дүгээр хороо Сэлбэ голын эрэг дагуу Зунжингийн зүүн талд зургаан айл, Зуун модны задгайд гурван айл усанд автсаныг аюулгүй байдлыг нь тус тус ханган ажилласан байна.