Тэргэнцэртэй иргэдэд ээлтэй, анхны эко, цахилгаан автобус

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-10 11:37:37


2020-2021 онд нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж, 300 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, хүүхдийн, цахилгаан давхар болон энгийн автобусууд, зориулалтын стандартад нийцсэн таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөснийг холбогдох удирдлагууд мэдэгдсэн билээ. Улмаар өнгөрөгч оны зургаадугаар сарын 14-өөс цахилгаан давхар автобусыг туршиж, хөдөлгөөнд оролцуулаад байв. 

-ЦАХИЛГААНААР ЦЭНЭГЛЭГДДЭГ 15 ЭКО АВТОБУСЫГ НИЙТИЙН ТЭЭВЭРТ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ-



Зургаан сарын турш иргэдэд үйлчилсэн уг автобусыг сайжруулалт хийхээр түр татаад буй. Гэвч энэ сарын 7-ноос эхлэн 100 хувь цахилгаанаар цэнэглэгддэг 15 эко автобусыг нийтийн тээвэрт ашиглаж эхлээд байна. Уг автобусыг хэдийн туршсан тул албан ёсоор хөдөлгөөнд оролцуулж байгаа нь энэ. Иймд бид уг автобустай танилцахаар “Зорчигч тээвэр III” ОНӨААТҮГ-аас өнөөдрийн сурвалжилгаа бэлтгэлээ.

Баазын тохижилт болон барилгад засвар, тохижилтын ажил хийгдэж байсан тул орчин эл хуль, ажилчид ид ачаалалтай ажиллаж байлаа. Жолоочид ээлж сэлгэхээ хүлээж, засвар үйлчилгээний багийнхан ажлаа хийгээд оволзож байв. Энд тэнд сэлбэг болон засвараас гарсан автобусууд эгнээ дарааллан зогсжээ. Засварчид тоос дарсан хувцсаа хаа нэг гөвж, хөлсөө ханцуйгаараа нудрах нь ихэд завгүй, басхүү шаргуу хөдөлмөрлөж буйг нь илтгэнэ. Биднийг хажуугаар нь камер барин явааг ч анзаарах сөхөөгүй байсан нь “Зорчигч тээвэр III”-ын залуус ажлаа уйгагүй хийдгийг илтгэх мэт…

Хашаанд шатахуун түгээх цэг болон эко цахилгаан автобус цэнэглэх хэсгийг хослуулжээ. Ээлжээс буусан жолооч автобусаа цахилгаанд залгаж, цэнэглэсний дараа дараагийн ажилдаа орно. Эко автобусыг шөнө нь цэнэглээд өдөрт 240 гаруй км явдаг болохыг тус баазын ахлах инженер С.Нарантуяа онцолсон юм. Байгууллагынхаа бүхий л зүйлсэд гар бие оролцож, арын албаа хариуцлагатай даадаг түүнтэй бид завчилан ярилцлаа.

15 цахилгаан автобусыг нийтийн тээвэрт явуулж байгаа гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй танилцуулаач? 

-Энэ ажлын хүрээнд манай “Зорчигч тээврийн нэгтгэл 3 ОНӨААТҮГ” 46 тээврийн хэрэгслээр парк шинэчлэлт хийхээр төлөвлөж, гэрээнд гарын үсэг зурсан. Одоогоор 36 тээврийн хэрэгсэл ирээд байна. Энэхүү тээврийн хэрэгсэл нь 100% цахилгаанаар ажилладаг, байгальд ээлтэй технологиор хийгдсэн гэдгээрээ онцлогтой.

Үүнээс 15 тээврийн хэрэгслийн дөрвийг нь Офицеруудын ордон-Ханын материал чиглэлд, зургааг нь Офицеруудын ордон-5 шар чиглэлд, тавыг нь Налайх-Офицеруудын ордон чиглэлд тус тус шугмын үйлчилгээнд ашиглаж эхэллээ.

-100 хувь цахилгаанаар ажилладаг гэлээ. Цэнэглэх газрууд нь хэр их байгаа вэ? 

-Энэхүү автобусууд нь 100% цахилгаанаар явдаг учраас цэнэглэлтийн цэгүүдийг эцсийн буудал бүрт байршуулсан. Шугмын үйлчилгээнд гарахад завсар дундуур нь цэнэглэх төлөвлөгөөтэй зохицуулж байгаа.

-Нэг удаагийн цэнэглэлтээр хэр хол замыг туулах вэ?

-Одоогоор шөнийн цагаар бааз дээрээ цэнэглээд 200-240 км зам туулж үйлчилгээг доголдуулахгүй ажиллуулж байна. Бааз дээр дөрвөн тээврийн хэрэгслийг зэрэг цэнэглэж шугамд гаргадаг.

-Засвар үйлчилгээний тал дээр ямар зохицуулалт хийсэн бэ?

-Засвар үйлчилгээний мэргэжлийн багийг бэлтгэсэн. Бид эдгээр автобусыг нэг жил, давхар автобусыг зургаан сарын хугацаатай ажиллуулж туршсан. Тиймээс засварын хамт олон нь бүрдсэн. Байгальд ээлтэй энэхүү цахилгаан тээврийн хэрэгсэл нь түлшээр ажилладаг ердийн тээврийн хэрэгслүүдээс хоёр дахин бага хөрөнгө зарцуулна.


ЦАХИЛГААН АВТОБУСТАЙ Б.Цэцэг: Торгуулийг нь төлж байгаад алалцана ТАНИЛЦСАН НЬ-

Хуулга хамгаалалтаа ч бүрэн хуулж амжаагүй, будаг нь ханхалсан шинэ автобуст орж орчин болон шинэ техниктэй нь танилцлаа. Хамгийн эхэнд жолоочийн шилэн бүхээг эрхгүй нүдэнд тусав. Есөн камер асаалттай байх бөгөөд автобус дотор болж байгаа бүхнийг жолооч хянах, цаашлаад асуудал гарахад иргэд камер шүүлгэх боломжтой байна.


Олон цагийг жолооны ард өнгөрүүлдэг тэдний тав тухыг хангаж өгчээ. Зөөлөн суудал, электрон төхөөрөмжүүд нь хараа булаана. Ер нь бидний зорчдог хуучин автобустай харьцуулшгүй гоёмсог байлаа. Дээр нь тэргэнцэртэй болон ахмад настай, жирэмсэн иргэдэд зориулсан суудал болон тэмдэглэгээтэй.






Нэмэлт хоёр суудлыг авсаархан шийдэж өгсөн нь нүдээ олжээ. Зорчигчид автобусаар үйлчлүүлэхдээ цэлгэр том дэлгэцээр дуртай дуучныхаа клип болон байгууллагын рекламыг үзэх боломжтой байна. Энэ нь нөгөөтэйгүүр зардал багатай маркетинг ч болж болохуйц. Автобусны зориулалтын зөөлөвч нь арьсаар бүрэгдсэн бөгөөд эдэлгээ даахаар бат бөх харагдав.

Гэвч гадуур нь хамгаалалтын бүрээс хийхгүй бол иргэд хумс, хайч, хутгаар цоолж сүйтгэдэг гэдгийг баазын ахлах инженер С.Нарантуяа санаа алдан хэлэв. Үүнээс харахад иргэд маань дор бүрнээ ухамсартай байж, нийтийн өмчид хүндэтгэлтэй басхүү хайр гамтай хандах хэрэгтэй мэт санагдав.

-ЖОЛООЧ: ДАВХАР АВТОБУСЫГ ТУРШИЛТЫН ЗУРГААН САРЫН ТУРШ БАРЬСАН-


Автобустай танилцаж дуусаад давхар автобусыг туршилтын зургаан сарын турш барьсан анхны жолоочтой ярилцлаа. Тэрбээр камерын өмнө бага зэрэг түгшиж, багагүй сандарсныг онцолъё.

-Цахилгаан автобусыг барихад хэр вэОнцлогийг танилцуулаач? 

-Цахилгаан автобусыг барихад илүү амар, биед эвтэйхэн. 

Энэ автобус нь барихад дуу чимээ бага байдаг.

-Та хэзээнээс эхлээд автобус барьж эхэлсэн бэ?

-Би 2003 оноос эхлээд тасралтгүй том оврын автобус барьж байна.

-Бааз бүрт цэнэглэж байгаа гэсэн. Цэнэглэхэд хэр төвөгтэй бэ?

-Маш амархан. 30-40 минут цэнэглээд өдрийн турш явдаг.

-Тоноглолтын хувьд энгийн автобусаас юугаараа ялгаатай вэ?

Есөн ширхэг камертай. 

Бүх зүйлээ камераар хянаж чаддаг гэдгээрээ онцлог” гэв. 

Ийнхүү бид тус байзын үйл ажиллагаатай танилцаж, ажлын зүг хөдөллөө.


ДҮГНЭЭД ХЭЛЭХЭД: 

Хуучин автобусаа хэрэглээнээс халж, шинэ автобусуудаар баазаа төрөлжүүлэх ажлын хүрээнд залуус ажлаа сэтгэл гарган шижигнэтэл хийсээр… Гэвч нийтийн тээврээр үйлчлүүлэх залуусын тоо харьцангуй цөөн, дээр нь маш ихээр бохирдуулж, гэмтээдэг нь мэргэжилтнүүдийн ярианаас анзаарагдав. Нийтийн тээврээр үйлчлүүлэх залуусын дундаж тоо 7000 бөгөөд өдөрт ойролцоогоор 35 сая төгрөг олдог гэнэ. Технологи, техник нь сайжирч, хэчнээн шинэлэг автобусуудыг оруулав ч иргэд тархиндаа, ухамсартаа шинэчлэлт хийх цаг нэгэнт иржээ.

Холбоотой мэдээ