УИХ: У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд тангараг өргөнө

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-11 15:16:07

УИХ У.ХҮРЭЛСҮХИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАТАЛЛАА

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас бусад гишүүд бүгд дэмжсэн юм.

Мөн У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр тогтож, 11:40 цагт тангараг өргүүлэхээр тогтсон төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын 61 гишүүнээс 47 нь зөвшөөрч 77 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны зургадугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаарх цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол санал бичгээр гаргасан бол цэцийн даргын тогтоолоор томилсон гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэнэ. 

Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана гэж заасан нь Үндсэн хуулийн тэгш байдлыг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг гишүүдийн олонх дэмжив. Тодруулбал, санал хураалтад 61 гишүүн оролцож 31 гишүүн дэмжиж, 59 хувиар санал дэмжигдсэн юм. УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн баталлаа.

"ИРГЭД БАЙГАА ГАЗРААСАА ЦАХИМААР САНАЛ ӨГӨХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ"

УИХ-ын чуулган эхэллээ. Чуулганаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлах болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтох асуудлыг хэлэлцэж байна.

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангийн илтгэлийг УИХ-ын гишүүд сонсов.

П.Дэлгэрнаран 

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн ээлжит сонгууль нь Covid-19 халдварын хүнд цаг үед зохион байгуулагдсан ч бидэнд шинэ сорилт боллоо. СЕХ хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцож саналаа өгсөн нийт 1.216.246 сонгогчдын олонхийн буюу 823.326 /67.69 хувь/ санал авсан нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг гаргалаа.

Уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгийн хамт танилцуулж байна” гэв.



Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны /ТББХ/ санал дүгнэлтийг ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав

Танилцуулгад дурдсанаар “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд олонхын санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцэв. 

Үүний өмнө СЕХ-ноос сонгуулийн дүнг нэгтгэн УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. 

У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь дэмжив. 

У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр тогтож, 11:45 цагт тангараг өргүүлэхээр тогтов” гэлээ.

Дээрх илтгэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

СЕХ-нд талархмаар байна.

Энэ удаагийн зохион байгуулалт сайн байлаа.

Улс төрийн соёл талаасаа шинэ соёлийг бий болгосон сонгууль боллоо.

Улстөржилт, хэл ам багатай тайван сонгууль  болж өнгөрлөө.

Бид цаашид сонгуулийнхаа  хуулиудыг тодорхой хэмжээнд  шинэчлэх шаардлагатай.

Зөв сонгуулийг хийх, улстөржилтийг зохистой  түвшинд байлгах, хязгаарлах тал дээр хийх ажил байна.

Иргэд оршин суугаа харъяаллыг хамаарахгүйгээр  цахимаар байгаа газраасаа  санал өгдөг болох нь их зөв.

Хоёрдугаарт:

Тогтолцоо тал дээрээ анхаарах хэрэгтэй. 

Тухайлбал, зохистой сонгуулийн тогтолцоог бий болгох  улс төрийн төлөвшил тал дээр анхаарахгүй бол Монгол Улсын хувьд дөрвөн жилийн циклийг аваад үзэхэд гурван сонгууль болдог. 

Анхан шатны сонгууль, УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль. 

Өмнөх орон нутгийн сонгуулийг авч үзэхэд нэг аймагт 1500 хүн нэр дэвших жишээний. 

2020 оны УИХ-ын сонгуульд 600 нэр дэвшигч нэр дэвшсэн. 

Тиймээс сонгуулийг тоог цөөлөх тэр дундаа  анхан шатны сонгуулийг хийх шаардлаггүй. 

Энэ асуудал дээр хуулийн төсөл боловсруулаад явж байна.

СЕХ-оос  сонгуулийн тоог цөөлөхтэй холбогдуулж юу гэж бодож байна вэ? 

Цаашид сонгуулийн сурталчилгаанд материал тараахдаа  хүний оролцоогүйгээр цахимжих шаардлагатай гэж харж байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

Ялангуяа гадаадад суугаа иргэдийн сонгох эрхийг хангахад цахим сонгууль чухал.

Цахим бодлогын байнгын хороонд энэ талаар танилцуулахад ажлын хэсэг гаргаад  уг асуудлыг судалж байна. 

Сонгуулийн тоог цөөлөх эсэх асуудлыг  Үндсэн хуулийнхаа зарчмын  хүрээнд шийднэ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Энэ удаагийн сонгууль өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудтай харьцуулахад хэл ам, хэрүүл тэмцэл багатай болж өнгөрлөө.

Маш хүнд цаг үед сонгуулийг амжилттай зохион байгуулсан СЕХ-д талархмаар байна.

Гэвч жил ирэх тусам сонгуульд оролцох иргэдийн ирц буурч байна.

Хаана ч байсан иргэн хурууныхаа хээгээр сонгуулиа өгөх боломжийг судалж үзэх хэрэгтэй.

Энэ боломжийг хангавал ирц нэмэгдэнэ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд иргэд хүний бөөгнөрлөөс  болгоомжлоод саналаа өгөөгүй гэх дүгнэлтэд хүрсэн.

Үүнээс гадна сонгуульд оролцох иргэдийн идэвхийг сайжруулахын тулд олон талын арга хэмжээг авч ажиллана.

Хаягийн бүртгэлийн асуудлыг илүүтэй анхаарахгүй бол энэ нь нэгэн төрлийн сонгуульд оролцох боломжийг хааж байна.

Гэнэтийн нөхцөл байдал тулсан үед уян хатан нөхцөлд саналаа өгөх нөхцлийг  бүрдүүлэхийн тулд  судалгаа хийнэ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.

Таны дүгнэлтээр бол СЕХ-ны чадавхыг сайжруулах хэрэгтэй гэж хэлж байна.

Тэгэхээр яг ямар чадавхыг сайжруулах вэ.

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд иргэдийн байгаа газраас нь саналаа өгөх боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Сонгуулийг эмх цэгцтэй зохион байгуулах нь хууль тогтоомжоос хамаарна.

Цаг хугацааны хувьд тулгалгүй эртнээс бэлтгэл ажлыг хангах нь чухал нөлөөтэй.

Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой бүртгэлийн асуудлыг  цахимжуулах юм бол иргэд байгаа газраасаа саналаа өгөх боломж бүрдэнэ.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: 

Сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж дууслаа гэж үзэж байна. 

Гэсэн хэдий ч сонгуулийн үеэр гарсан зөрчлийн тухай мэдээлэл сонсмоор байна.

СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: 

Сонгуулийн зохион байгуулалттай холбоотой 670 гомдол мэдээлэл ирүүлсэн. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог нь гомдол маргааныг шийдвэрлэх харьяаллыг тодорхой зааж өгсөн. 

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш зөрчлийн шинжтэй нийт 44 гомдол мэдээлэл иржээ. 

Үүнээс 19-ийг нь шийдвэрлэсэн байна.  

Цагдаагийн байгууллага үлдсэн зөрчлийг шалгаж байгаа учраас дууссаных нь дараа СЕХ-д ирүүлдэг. 

Тэр үед нь танд эргэн мэдээлэл өгье.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

СЕХ  сурталчилгааны 14 хоногийн хугацаанд нэр дэвшигчдээ хамгаалж чадсангүй. 

Нэр дэвшигч нь халдвар авсан. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. 

Мөн мэтгэлцээнийг зохион байгуулаагүй. 

Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл. 

Хэн хариуцлага хүлээх вэ. 

Хүүхдүүд хоёр жил цахимаар хичээл хийж байхад гурван  нэр дэвшигчийн  мэтгэлцээнийг зохион байгуулж чадахгүй байгаа нь гутамшиг. 

Техник технологи хөгжсөн энэ цаг үед татварын мөнгөөр ажилладаг  МҮОНРТ ажлаа хийсэнгүй. 

Мэтгэлцээнгүй сонгуулийг дахиад хэрхэвч зохион байгуулж болохгүй шүү. 

Иргэдийн мэдэх эрх гэж бий шүү.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: 

Нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулсны дараа түүнийг төрийн хамгаалалтад авсан. 

Нэр дэвшигч халдвар авсанд харамсч байна. 

Ийм нөхцөлд СЕХ хэрхэн ажиллах талаар хуулийн зохицуулалт байхгүй. 

Иймээс цаашид анхаарч ажиллана. 

Мэтгэлцээн сонгуулийн сурталчилгааны нэг хэлбэр. 

Мэтгэлцээнийг зохион байгуулах хуулийн зохицуулалт байхгүй. 

Энэ удаагийн мэтгэлцээн тодорхой шалтгааны улмаас хойшиллоо. 

Мэтгэлцээн иргэдийн мэдэх эрх, сонголтод маш их нөлөөтэй гэдэг таны саналтай санал нийлж байна.



Холбоотой мэдээ