Их долоогийн дээд хэмжээний уулзалт нээгдэв
ДэлхийСиньхуа агентлагийн Их Британийн Фалмутын 6-р сарын 11-ний мэдээ:
Их долоогийн дээд хэмжээний уулзалт 11-ний өдөр Их Британийн баруун өмнөд нутаг Корнуоллын Кабис Бэй хотод нээгдэв.
Хурлын талбайн ойролцоо мөн өдөр олон эсэргүүцлийн жагсаал болжээ.
Энэ уулзалт нь Их долоогийн удирдагчдын сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн анхны уулзалт юм.
Хуралд оролцогсод мөн өдрийн үдээс хойш дугуй ширээний уулзалтад оролцож, цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт гэх сэдвийн хүрээнд ярилцжээ.
Их Британийн Ерөнхий сайд Жонсон нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: Ковид-19-ын тархалт арай намдаж буй энэ үед Их долоо нь илүү цэвэр, ногоон ертөнцийг бий болгохын тулд нэгдэж, 2008 оны санхүүгийн хямралын дараа нийгмийн олон салбарын сэргэлт тэгш бус байсан алдааг давтахаас зайлсхийх ёстой гэжээ.
Корнуоллын олон газарт мөн өдөр олон байгууллага эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
Тэд “Худал амлалтаа зогсоо”, “Их долоог эсэргүүцэж байна” гэх уриа лоозон барьж, Их долоогийн цаг уурын өөрчлөлт, байгаль экологийн хамгаалалт, вакцины хуваарилалт, нийгмийн тэгш тэнцвэртэй байдал зэрэг олон салбарт хоосон амлалт өгөөд бодитой ажил хийхгүй, дэлхийн чанартай сорилтын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авахгүй байгааг шүүмжилжээ.
Хурал 3 өдөр үргэлжилж 13-ны өдөр өндөрлөх болно.
Их долоогийн гишүүн нь Их Британи, Америк, Франц, Герман, Итали, Канад, Япон зэрэг 7 улс. Энэ уулзалтад Австрали, БНСУ, Энэтхэг, Өмнөд Африкийн удирдагчид ч урилгаар оролцоон бол Европын холбоо төлөөлөгч томилон оролцов.