Миний амжилтанд хүрэхгүй байгаад надаас бусад нь буруутай

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-13 03:03:40

Хөөрхий дөө энэ хүн өрөвдмөөр биш гэж үү? 

Ганц хэн нэгэн ч бус тэр байтугай амьдрал хүртэл энэ хүнийг амжилтанд хүргэхгүй байлгаад байгаа юм байна. 

Өдөр тутмын амьдралдаа дийлэнх хүмүүс яагаад амьдралдаа ахиц дэвшиц гаргаж чадахгүй байгаагаа хэтэрхий их завгүй байгаа учраас амрах унтах хэрэгтэй байсан тэгээд надаа ном унших, мэдлэгээ тэлэх өөр цаг зав байгаагүй гэнэ. 

Яагаад албан тушаал ахиж чадахгүй байгаагаа манай дарга надад дургүй эсвэл миний ажил хийхэд хүнд хэцүү гэнэ. 

Яагаад хичээлдээ сайн дүн авахгүй байгаагаа манай багш хичээлээ сайн тайлбарладаггүй, их хүнд хичээл болохоор би сайн ойлгодоггүй гэнэ. 

Яагаад ядуу байгаагаа юмны үнэ хэтэрхий өндөр, улс төрчид хэтэрхий их идэж байна, эдийн засаг муу байна гэнэ. 

Энэ мэтээр бид яаж ийж байгаад л болохгүй бүхнийгээ бусад дээр тохчихдог. 

Яаж ийж байгаад л хэн нэгэн эсвэл орчин тойрон бүр эсвэл байгаль дэлхий цаг агаарыг хүртэл буруутгаж орхино.

Тэгж чадсан цагт л яагаад ч юм бидний зовиур арилж, өөрсдийгөө буруугүй хэмээн өөрсөддөө нотолж чаддаг.

Гэвч эдгээр зүйлсийг буруутгалаа, хариуцлагаа өөрөөсөө холдууллаа гээд юу өөрчлөгдөх юм бэ?

Зэмлээд байгаа дарга багш чинь гэнэтхэн танд сайн болох уу, ойлгохгүй хийж чадахгүй байгаа зүйлс чинь гэнэт амархан болох уу, аа эсвэл гэнэт эдийн засаг сайжирч, юмны үнэ буурч,улс төрчид мөнгө идэхээ болих уу?

Мэдээж үгүй.

Харин энэ бүхнийг өөрчилж болох түлхүүр нь юу вэ бас хэн бэ?

Энэ бол ТА.

Таньд бүхнийг өөрчилөх тэр хүч бас боломж бий.

Амьдралдаа болж буй бүх зүйлсээ гартаа авах цаг чинь ирсэн.

Өөрөө өөртөө шалтаг тоочиж, бусдыг өөрийнхөө болохгүй бүхэнд буруутгахыг өнөөдөр зогсоо.

Жим Рон хэлэхдээ “Та жилийн 4 улиралыг өөрчилж чадахгүй гэвч та өөрийгөө бүрэн өөрчилж чадна” гэсэн байдаг. 

Тиймээ өөрчлөлтийг гаднаас бус өөрөөсөө хай, болохгүй зүйлсийг гаднаас бус өөрөөсөө хай. 

Гагцхүү тэгж чадсан тэр л цагт та амьдралаа бүрэн гартаа авч таны амьдралыг хурцлагч, чиглүүлэгч хүч нь “хөндлөнгий салхи шуурга” бус та өөрөө юм гэдгийг ухаарах болно. 

Гагцхүү үүнийг ухаарсан цагт та өөртөө тулгарч буй асуудал, бэрхшээл бүхэнтэй нүүр тулан учирч шийдлийг олох тэр урам зоригийг олж авах болно.  Амжилтын өөд тэмүүлэх хүсэлтэй хүний хамгийн түрүүнд бууж өгөн, бүрэн үндсээр нь устгах ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол энэ яалт ч үгүй мөн. 

Бусдыг зэмлэн, өөрөө өөртөө шалтаг тоочих тэрхэн хоромд л та амьдралаа бусдаар тодорхойлуулж байна гэсэн үг. 

Харин та өнөөдөр ҮГҮЙ гэж хэл. 

Амьдралынхаа, хувь заяаныхаа эзэн нь та гэдгээ тунхаглан зарла. 

Асуудал бэрхшээл бүхэнтэйгээ дайны талбарт уулз. 

Та чадна , та бүхнийг дийлэн гарч ирч чадна.

Гагцхүү ӨНӨӨДӨР та энэ өөрчлөлтийг хий, битгий хойшлуул, битгий маргааш өглөөнөөс эхлэн гэж бод.

Яг Одоо.

Цаас, үзгээ бариад хэнийг юуг хэрхэн яаж зэмлэж байснаа бич  харин бичээд дууссан хойноо ураад хая.

Тиймээ яг одооноос эхлэн та цоо шинэ амьдралаа эхлэ.

Чамд амжилт хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ