Амжилтын томъёолол чинь алдаатай байгаа юм биш биз…

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-13 03:12:00

Чи амьдралаас юу хүсч байна вэ?

Аз жаргалтай, амжилт ололт дүүрэн сайхан амьдрахыг хүсч байна гэх хариулт олон давтагдана. 

Бараг л хүн бүхний дотоод сэтгэлд явж байдаг нууцхан хүсэл…бас мөрөөдөл. 

Хамгаас дуртай зүйлээ хийгээд өглөө бүхэн амьдралд дахин төрж буй мэт мэдрэмжийг мэдрэн аз жаргалтай амьдрах тэр мэдрэмжийг үнэлж баршгүй. 

Гэхдээ энэ бол боломжгүй зүйл биш. 

Гагцүү тухайн хүнээс л зуун хувь шалтгаалдаг гээд хэлчихэд буруудахгүй байх.

Гэтэл амжилтанд хүрэхийн тулд, илүү сайн сайхан зүйлсийг амьдралдаа бий болгохын тулд юу хийх ёстойгоо бид бүгд мэднэ. 

Лекц, семинар, гэр бүл найз нөхдийн зөвлөмж, багш сурган хүмүүжүүлэгчдийн зөвлөмж, за цаашлаад ном, телевиз радио, интернэт гээд л бидэнд хүн яавал амжилтанд хүрдэг вэ, яавал сайхан амьдардаг вэ гэдэг талаар мэдээлэл болон зөвлөгөөг энэ сувгуудаас бид хангалттай авч байгаа. 

Харамсалтай нь мэдлэг, мэдээлэл, зөвлөгөө энэ бүхэн бидний нэг чихээр ороод нөгөө чихээр гарж явчаад байна.

Өөрөөр хэлбэл юу хийх ёстойгоо мэддэг, хийх хэрэгтэй гэдгээ мэддэг, хийж чадна гэдгээ ч мэддэг даанч ХИЙДЭГГҮЙ.

Яагаад? 

Бид залхуу байна, өөрийгөө дайчилж чадахгүй байна, илүү зоригтой дайчин байж чадахгүй байна, зорилгогүй байна. 

Нэгэнт л хийхгүй юм чинь хичнээн сайхан мэргэн үгсийг сонсоод, уншаад, лайк дараад шэйр хийгээд нэмэр байх вэ дээ…

Ямар ч сайхан зүйл хэтэрхий их болохоороо сөрөг зүйл болж хувирдаг.

Хөөх ямар гоё үг вэ, ямар гоё ном бэ, ямар гоё лекц вэ гээд л бүгдийг хураагаад л байх юм бол нэг л мэдэхэд нөгөө анх утга төгөлдөр, урам зориг бадрааж байсан ‘амжилт’, ‘хүсэл мөрөөдөл’, ‘зорилго’ гэх мэт үгс талх, масло, сүү гэдэг шиг л энгийн болж хувирах болно.

Харуусмаар.

Тэгэхээр ийм байна залуусаа! 

Дахиад нэг сайхан ном унших юмсан, дахиад нэг сайхан мэргэн хүний үгийг сонсох юмсан, дахиад нэг мундаг хүний лекцэнд суух юмсан гэж бодохоосоо өмнө өнөөдрийг хүртэл уншсан, сонссон, үзсэн харсан тэр зүйлс чинь хаачсан юм бол оо гээд өөрсдөөсөө нэг асууцгаая! 

Яагаад гэвэл бид цоорхой савруу ус юүлж байгаагаа ч үл анзааран илүү өндөр үнээр дахиад ус аваад байна…

Авах хүнд ганц сайхан үг байхад л хангалттай байхад хаях хүнд 1000 сайхан үг байгаад ч нэмэргүй гэдэг дээ. 

Амьдралд чинь хэрэг болохоор, амжилтанд хүрэхэд тань туслахаар, өөрийгөө хөгжүүлэхэд чинь нэмэр болохоор тийм мэдлэг, мэдээлэл, зөвлөмжтэй учирсан бол амьдралдаа заавал ХЭРЭГЖҮҮЛЖ ҮЗ залуусаа. 

Үйлдэл хийгээгүй, оролдоогүй мэдээлэл бол ердөө л хий хоосон зэрэглээ шүү. 

Ядаж нэг зүйлийг нь өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх гээд оролдоод хичээгээд үз. 

Хэн мэдлээ магадгүй чамайг амжилтанд хүргэхэд ганцхан тэр зүйл ч хэрэгтэй байсан юм билүү…

Чамд амжилт хүсье!

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.




Холбоотой мэдээ