Зөвлөгөө хайж буй 20 настнуудад

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-13 04:30:26

“За дотогшоо орох цаг нь болчихлоо шүү миний хүү, аав нь хүүгээ үнсье.

Сайн сураад ирээрэй” гээд аав хэлэх үед өөрийн эрхгүй дотор харанхуйлж, нулимс асгарсан.

Гэр бүл маань хамаг байдгаа шавхаад зогсоогүй бүр өр тавьж байж надад өгсөн эхний семестерийн төлбөр болон эхний сарын байрны түрээсээ хармаалаад хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэхээр, хайртай, дотно танил бүхнээ орхиод хэнийг ч танихгүй харь орныг 17 насандаа зорьж байсан тэр цаг саяхан мэт санагдаж байна

Коллежид суралцсан 4 жил надад боловсрол мэдлэгээс илүү амьдрал хэмээх их сургуулийн хамгийн чухал хичээлүүдийг суралцах боломж надад олгосноос гурвыг нь энд хуваалцъя.  

Гарын арьс нимгэрээд цоорох хүртэл өдрийн 13 цаг аяга, таваг угаах ажил хийж байж л сая би мөнгөний бас хөдөлмөрийн үнэ цэнийг яс махандаа шингэтэл ойлгосон. 

Ээж ааваасаа 100 хан төгрөг гуйж байхад олон юм шалгаагаад сүртэй шдээ гэж боддог байснаа санаад гэмших сэтгэл тэр үед төрж байлаа.

Дүү нартаа гэж хэлэхэд мөнгө модонд ургадаггүй  болохоор ээж ааваасаа элдэв мөнгө битгий байнга шалгааж байгаарай.

Тэд чамайг хүний дайтай амьдралд хүргэхийн тулд хөлс, хүчээ урсган өчнөөн олон жил хөдөлмөрлөж байгаа гэдгийг сайн ойлго.

Ажилдаа түүртэж ядраад, гэрээ санаж бэтгэрээд, өвдөж шаналаад эхэр татан уйлаад сууж байхад минь за зүгээр дээ, чи чадна аа, одоо тайвшир гээд аргадан суусан тэр хүнээс сайн хүн гэж хэн болохыг ойлгосон.

Сайн хүн гэж чамайг гундуу явахад чинь дэмжиж, сагсуу явахад чинь шүүмжилж чаддаг хүнийг хэлдэг юм шүү.

Хүн хэзээ ч хэн байснаа, хаанаас эхлэснээ мартаж болохгүй.

Ялангуяа чамайг хэн ч биш байхад чиний хажууд байсан тэр хүмүүст үргэлж талархаж явах хэрэгтэй.

Надад өөрсөддөө байгаагүй боломжийг өгөхийн төлөө хичээж, надад санаа зовоод нойргүй хонож байсан гэр бүлийнхээ итгэл, хайрыг даахын тулд би яаж ч байсан хичээж байгаад сургуулиа төгсөх юм шүү гэх зорилготой бас тэвчээртэй байхын чухлыг би бас тэгэхэд л ойлгосон. 

Зорилгоо тодорхой гаргасан хүн найгаж ганхаад байдаггүй, бусдын нөлөөнд автдаггүй, шантарч гутраад байдаггүй. 

Хэрэв чи гаргаагүй бол яг одоо суугаад гаргах хэрэгтэй.

Мэдээж хүн бүхний амьдрал нэг цэгээс эхлэхгүй бас ижил замыг туулахгүй. 

Чиний амьдрал яаж өрнөж байгааг, чи ямар түүхтэй, чи хаашаа явж байгааг, чамд ямар бэрхшээл тулгарч байгааг би мэдэхгүй. 

Хүн ер нь өөрөө л туулахаас нааш амьдралын хүнд хэцүүг төдийлөн ойлгохгүй. 

Гэхдээ туулаад өнгөрсөн нэгний түүхээс суралцаад, өөрийн амьдралдаа нэг ч гэсэн эерэг өөрчлөлтийг бий болгож чадвал чиний амьдрал тэр хэмжээгээрээ илүү утга учиртай, илүү дээр болж чадна гэдгийг санаарай.

 Эцэст нь хэлэхэд уйлж ирээд уйлуулж буцах нь амьдралын жам. Хязгаартай бөгөөд богинохон энэ амьдралын цаг мөчүүддээ задгай мөнгө шиг үрэлгэн битгий хандаарай. 

Залуу нас бол хөгжилдөн цэнгэхээс гадна хөгжих нас чинь шүү.

Амжилт хүсье!

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ