Дахиад ганцхан л алхам…ЧИ ЧАДНА

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-13 13:12:49

Амьдрал бол аялал гэдэгтэй маргах нэгэн үгүй биз. 

Харин хүн бүрийн аялал ондоо. 

Адал явдал, бэрхшээл, зовлон зүдгүүр, айдас, аз жаргал бас боломж. 

Энэ аяллыг хэн юу гэж харна түүний хувьд түүний амьдралын аялал тийм л болно.

Миний хувьд амьдрал бол ууланд авирч буй аялал. 

Өгсөх тусам улам илүү их сорилттой тулгарах боловч магадгүй өөр хэний ч мэлмийнд буугаагүйг харж, өөр хэний ч мэдрээгүй байгалийн онгон тансагийг мэдэрч, өгсөх тусам орчин тойрноо илүү мэдэрч, бүхнийг дээрээс нь эргэцүүлэн харах бололцоотой болдог.

Гэхдээ бас бэрхшээл бий. 

Авирч эхлэхэд энүүхэнд мэт харагдсан уулын оргил дөхөх тусам аажмаар холдох мэт алс харагдаж, өгсөх тусам хад асга их болж, халтирах аюул нэмэгдэхээс гадна амьсгалах агаар хүртэл давчуу болж, оргил битгий хэл урдах замаа харах боломжгүй болтол манан бүрхэх нь айдас төрүүлэм. 

Тийм ч болохоор хүн бүр зүрх зориг гаргаад явчихаж чаддаггүй, явсан нь бэрхшээлээс болоод замаасаа буцах, замдаа эндэх гэх мэт олон эрсдэлтэй тийм л аялал.

Харин тэвчээр хатуужил заан зорилгодоо үнэнч байж бүх бэрхшээлийг даваад оргилд хүрсэн цагт авах тэр мэдрэмж юутай ч зүйрлэшгүй.

Хорвоо ертөнц бүхэлдээ алганд багтсан мэт харагдаж, байгаль дэлхийн жинхэнэ гоо үзэсгэлэн, сүр хүчийг мэдрэн магадгүй хэзээ ч чадахгүй байх гэж бодогдсон тэр айдсаа ялан дийлж өрөөл бусдад хамгийн гол нь өөртөө “БИ ЧАДНА” гэдгээ батлана гэдэг дэндүү гайхамшигтай.

Аливаа зүйлд тэр тусмаа амьдралд зөв хандлага хамгийн чухал зүйл.

Амьдрал таныг сөгдүүлэх гэж биш харин хатуужуулж ухаажуулах бэрхшээл сорилтоор дүүрэн байдаг юм.

Уулын оргилд хүн бүхэн хүрч чадахгүй зөвхөн шалгарсан шилдгүүд нь гарч чадна.  

Харин   “хүн бүхэн” байх уу, шилдэг нь байх уу гэдэг бол яг одоо таны хийж буй сонголт гаргаж буй шийдвэрээс шууд хамаарах болно.

Дахиад чадахгүй нь ээ, дэндүү хэцүү байна гэж танд бодогдож байвал өөрөөсөө үүнийг асуу.

Дахиад ганцхан алхмын цаана уулын оргил байвал яах вэ?

Тиймээ, дахиад ганцхан л алхам…ЧИ ЧАДНА!

Аз жаргал, амжилт хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ