Би өөрөө эхлээд хүн шиг хүн болох ёстой!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-13 13:37:15

Хэрхэн яаж нэг хүний мөрөөдөл, үзэл бодол хэдэн сая хүнийг араасаа дагуулж түүхийн хуудсыг үндсээр нь өөрчирлсөн өөрчлөлтийг хийж болдог гэдгийг харуулсан манай дэлхийн томоохон баатруудын нэг бол яах аргагүй Махатма Ганди гэдэгтэй хэн ч маргахгүй байх

Түүний сургаалиудаас “Энэ дэлхий ертөнцөд хармаар байгаа өөрчлөлтөө эхлээд өөртөө хий” сургааль нь хамгаас үнэ цэнэтэй бас хүчирхэг.

Бусдын л адил би нийгмийн эмзэг асуудлуудын талаар санаа зовниж, өөрчлөлт шинэчлэлтийг хүсч, улс эх орон маань хөгжөөсэй хэмээн мөрөөддөг.

Хүмүүс илүү их найрсаг нөхөрсөг байгаасай, бие биендээ харамгүй тусалдаг байгаасай, аливаад шударга үнэн сэтгэлээсээ ханддаг байгаасай, хэрүүл зодоон хүчирхийлэлгүй нийгэмтэй болчих юмсан, хүмүүс архи тамхи битгий их хэрэглээсэй, дайн дажин битгий болоосой, улс төрд байгаа хүмүүс нь ард иргэдийнхээ тусын тулд ажилладаг байгаасай, хүмүүс илүү өөдрөг сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй амьдраасай гэх мэтчилэн санаа зовних зүйлс их.

Гэвч хэдий энэ зүйлсийн талаар хичнээн их санаа зовнисон байлаа ч эдгээрийн ядаж ганц асуудлыг шийдэхийн тулд миний хийж чадах зүйл гэж ер нь юу байна аа? 

Үнэнийг хэлэхэд би өөрөө ч энэ хүсч мөрөөдөөд байгаа зүйлүүдээсээ зөвхөн цөөн хэдийг нь л өөрийнхөө амьдралд баримталдаг юм байна. 

Өөрөөр хэлбэл нийгмийг, бас хүмүүсийг тэгж их өөрчлөгдөөсэй гэж хүсч явдаг хүн маань өөрөө өөрчлөгдөхийг хүсээгүй, өөрөө өөрийгөө хөгжүүлж эхлээ ч үгүй байлаа.

Тиймээс би дараах сорилтыг хүн бүхэнд тавихыг хүсч байна. 

Та эхлээд өөрөө өөрийгөө өөрчилж, амьдралын зөв голдрилд оруул. 

Харин дараа нь хажуу дахь найзыгаа өөрчлөх боломжтой бас чадалтай болно. 

Хоёулаа болоод авсан цагт дахиад 2 найзаа өөрчлөнө. 

Ийнхүү 4 нь 8 болж, 8 нь 16 болж явсаар нэг л мэдэхэд магадгүй бид нийгэм даяараа, улс орон даяараа өөрчлөгдөх, хамтдаа дээр дурдсан асуудал бэрхшээлүүдгүйгээр амьдрах боломж бий болж болох юм. 

Баабар гуайн залуучууд бид нарт хандаж хэлсэн бас нэг сайхан сургааль бий. 

“Юун түрүүний асуудал бол өөрөө л хөл дээрээ босох юм шүү. 

Тэрнээс биш асуудал бол хорвоогоор дүүрэн байна. 

Хөл дээрээ босч чадаагүй байж чи энэ олон асуудлуудын алийг нь ч шийдэж чадахгүй…Нийгэм дэх өөрийн байр сууриа олох чинь л та нарын хамгийн том зорилго юм шүү. Аа харин тэгсэн цагтаа л энэ болохгүй овоороод байгаа олон асуудлыг шийдэх арга замуудыг бод.”

Тиймээ залуусаа “оймсныхоо цоорхойг эхлээд нөхөж суръя харин дараа нь озоны давхаргын цоорхойг нөхөх талаар ярилцъя.” 

Өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил зөвхөн надаас таниас чамаас л эхлэх болно. 

Эхлээд өөрөө өөрийгөө хүн шиг хүн болгоё харин тэгж чадсан цагт л бидэнд өрөөлийг өөрчлөх боломж гарах болно

Аз жаргал, амжилт хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг


Холбоотой мэдээ