Халамжийг үргэлжлүүлэх эсэхийг ҮАБЗ хэлэлцэх нь зөв үү?
НийгэмCovid-19 халдварын улмаас улс орны эдийн засаг болоод нийгмийн олон салбарт хүндрэл үүсч буй.
Хоёр он дамжин үргэлжилж буй цар тахлын улмаас цөөнгүй аж ахуйн нэгж орон тоогоо цомхотгох цаашлаад үйл ажиллагаагаа зогсоож, ард иргэд хоногийн хоолоо залгуулж чадахгүй хэмжээнд хүрсэн нь ч бий.
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус хогийн төлбөрийг тэглэх, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэх шийдвэр гаргасан.
Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс эхлэн долоон сарын хугацаанд хэрэгжсэн дээрх шийдвэрийн хугацаа дуусахад 17 хоног үлджээ.
Тиймдээ ч уг халамжуудыг үргэлжлүүлэх эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр /ҮАБЗ/ эхний хурлаар хэлэлцүүлэхээр болсон гэдгийг өнгөрсөн Баасан гаригт /2021.06.11/ Засгийн газраас мэдээлсэн. Ерөнхийдөө төсвийн тодотгол хийж таван төрлийн халамжийг үргэлжлүүлж магадгүй гэх мэдээлэл бий.
Харин нийгэмд “ҮАБЗ гэдэг нь Монгол Улсын эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцдэг болохоос биш Засгийн газрын хэлэлцэх ёстой асуудлыг хэлэлцэх эрх бүхий байгууллага биш. ҮАБЗ-ийг цахилгаан, дулаан мэтийн жижиг асуудлыг шийдэх хэмжээнд харагдуулах нь маш буруу.
Монгол Улс эрхзүйт төртэй.
Монголын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа бүгд хуулиар зохицуулагдсан хуулийнхаа хүрээнд асуудлыг шийддэг” хэмээн үзэх хэсэг байна.
ҮАБЗ-ӨӨР ОРУУЛАХ БУС ЗАСГИЙН ГАЗАР ӨӨРӨӨ БИЕ ДААН ШИЙДВЭРЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
Тиймээс ҮАБЗ нь таван төрлийн халамжийг хэлэлцэх нь зөв үү гэдэг талаар хуульч Б.Мэргэнээс тодруулахад “ҮАБЗ нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагааг болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалтад хяналт тавих чиг үүрэгтэй.
ҮАБЗ-өөр хэлэлцэх асуудлыг оны өмнө төрийн байгууллагуудын агентлагуудаас санал гаргаж харъяа яамаараа хэлэлцэгддэг.
Улмаар Засгийн газраас санал оруулсны дагуу Ерөнхийлөгч дараа жил хэлэлцэх жагсаалтыг баталж хэлэлцдэг.
Мэдээж цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад гэнэт хэлэлцэх асуудал гарвал хэлэлцэх нь зүйн хэрэг.
Шаардлагатай гэж үзвэл Засгийн газраас санал болгосны дагуу хэлэлцдэг.
ҮАБЗ-д өргөн цар хүрээтэй олон асуудал хамаардаг учраас таван төрлийн халамжийг хэлэлцэх асуудлыг буруутгах аргагүй.
Нөгөөтэйгүүр уг асуудлыг ҮАБЗ-өөр оруулах бус Засгийн газар өөрөө бие даан шийдвэрлэх бүрэн боломжтой л гэж харж байна.
Өнөөдрийн энэ байдлыг харахад Засгийн газрын дэргэд ахиад нэг Засгийн газар байгаа юм шиг л харагдаж байна.
Манайхаас өөр ямар ч улсад ийм юм байхгүй.
Ерөнхийлөгчийн засаглалтай бол ҮАБЗ нь Ерөнхийлөгчийн засаглал дор явдаг.
Парламентын засаглалтай бол Засгийн газрынхаа дор байдаг.
Өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээд л явж байдаг.
Өмнөх бүх аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хараад шийдээд явах юм бол хэрэгтэй үедээ биелүүлээд хэрэггүй үед нь хэн ч тоодоггүй.
Тэгээд аюулгүйн зөвлөмжийг биелүүлээгүй учир хариуцлага тооцно гэхээр ямар ч хариуцлага тооцох заалт байдаггүй” гэлээ.
ХУУЛИАРАА ҮАБЗ-ӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖИЙГ УИХ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ
Харин УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү“ҮАБЗ хуралдаж зөвлөмж л гаргана гэж бодож байна.
Юуг хэлэлцэх вэ, ямар асуудалд хандуулах вэ гэдэг чиглэл өгөх үүрэг нь ҮАБЗ-д байдаг.
Тиймээс тэдний дотор заасан зүйлийг мөрдөөгүй бол яах вэ, мөрдвөл яах вэ гэсэн зүйл огт байхгүй.
Хуулиараа ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг УИХ хэлэлцэх ёстой.
Гэхдээ ямар шийдвэр гаргах нь УИХ-ын эрх” гэдгийг онцлов.
ҮАБЗ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ЯМАР, ЯМАР АСУУДЛААР ХУРАЛДАЖ БАЙВ ГЭДГИЙГ ТОЙМЛОВОЛ
- Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш ҮАБЗ-ийн анхны хуралдааныг 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ны өдөр хуралдуулж, уг хуралдааныг “Ажилгүйдэл, ядуурлыг дайны хэмжээнд авч үзье” гэсэн сэдвийн дор хийж байв.
2017 оны нэгдүгээр сарын 10-нд ҮАБЗ хуралдаж агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, төрийн захиргааны байгууллагууд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрхзүйн орчин бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлах зэрэг агуулга бүхий зөвлөмж гаргасан.
- 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр ҮАБЗ хуралдан, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмжийг гаргаж байв.
2019 оны арваннэгдүгээр сарын 19-ны өдөр ҮАБЗ-ийн хуралдаанаар Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв.Тухайн үед буюу /2019.11.18/ Оюутолгой төслийн далд уурхайтай холбоотойгоор нэхэмжлэгчийн гаргасан гомдлууд үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэн тул уг асуудлаар ҮАБЗ-ийн гишүүд хуралдсан.
- 2020 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор, тодруулбал, агаарын, төмөр зам, автозамаар хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байх.
- Мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү зорчихгүй байх шийдвэрийг гаргаж байлаа. Цаашлаад Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор буцаж ирж буй монгол иргэдээ нэвтрүүлэх ба итгэмжлэгдсэн ачаа барааг хилээр нэвтрүүлж, бараа таваарын импорт, экслортыг хязгаарлахгүй гэсэн зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргаж, танилцуулж байв.
2020 оны хоёрдугаар сарын 10-нд ҮАБЗ хуралдан цар тахалтай холбоотойгоор Цагаан сарыг тэмдэглэхгүй байх зөвлөмжийг гаргасан.
- 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Covid-19 Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан ҮАБЗ 08:00 цагт шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өгч байв.
2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр ҮАБЗ хуралдаж, Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэв.
- 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улсад цар тахлыг дотооддоо алдан, онцгой нөхцөл байдал үүссэн тул ҮАБЗ хуралдан, мэдэгдэл гаргаж байв. Мэдэгдэлд, хүн бүр дороо хариуцпагатай байж, цар тахлын үеэр авч хэрэгжүүлэх дэглэмийг сайтар сахиж, энэхүү хүнд үеийг хамтдаа даван туулах хэрэгтэйг онцлон, эв нэгдэлтэй байхыг уриалсан.
Хамгийн сүүлд буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн шуурхай хуралдаан зарласан ч энэ нь Засгийн газар танхимаараа огцрох шийдвэртэй давхцсан тул хуралдаж чадаагүй юм.