МАН-ыг хэн удирдах вэ
Улс ТөрМАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын ерөнхийлөгч болсноор эрх баригч намын даргын суудал эзгүйрэв.
Түүнийг хэн залгамжлах нь МАН төдийгүй улс төрийн хүрээнд том асуултын тэмдэг хэвээр байна.
МАН-ын дарга болох сонирхол цөөнгүй хүнд бий. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох хүсэл сонирхлоо илэрхийлж байсан удаатай.
Тэрбээр Засгийн газрын 100 хоногийг тохиолдуулан сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр МАН-ын дарга болно гэдэгтэй итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Манай нам дүрэмтэй. Дүрмийн дагуу Ерөнхий сайд нь намын дарга байна.
Энэ дагуу л шийдэгдэнэ гэж бодож байна” хэмээн хүсэл сонирхлоо тодорхой илэрхийлсэн.
Дүрэм журмын дагуу бол тэр намын дарга болох өндөр магадлалтай.
Гэхдээ улс төр хэрхэн өрнөхийг таашгүй.
МАН-д даргын суудлаар шагнуулах хүн бий.
Тэр нь тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан.
УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн удаа дараагийн ялалтад тэр том үүрэг гүйцэтгэсэн.
Хамгийн сүүлд намын даргынхаа сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, илт давуу ялалтыг авчирсан.
Товчхондоо тэр намдаа гавьяатай нэгэн. Харин түүний гавьяаг У.Хүрэлсүх намын даргын суудлаар шагнах уу эсвэл өөрийн дэргэдээ авч, гал тогоогоо бариулах уу гэдэг нь сонирхол татах асуудал.
У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаараа хэнийг сонгохоос олон алхам нь шалтгаална.
Учир нь Тамгын газрын дарга бол Ерөнхийлөгчийн дараа орох эрх мэдэлтэн.
Товчоор бол дэд ерөнхийлөгч.
Тэгэхээр У.Хүрэлсүх сүүлийн хэдэн жил хамтран ажиллаж, ялалтын гол хүч болсон Д.Амарбаясгаланг дэргэдээ авахыг үгүйсгэх аргагүй.
МАН-ын даргын суудалд яригдаж буй өөр нэг кандидат нь Н.Энхбаяр.
МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль Монгол төрийн эрхийг бүхэлд нь атгах чухал сонголт байлаа. УИХ, Засгийн газрыг удирддаг энэ намд Ерөнхийлөгчийн суудалд дутаад байсан цаг үед төрийн эрхийг авахын төлөө чөтгөртэй ч наймаалцахад бэлэн байсан нь мэдээж.
Тиймээс ч нэгэн цагт үзэл бодол нийлээгүй хэмээн салсан Н.Энхбаяртайгаа угшил нэг гэсэн шалтгаанаар эргэн нийлж, хамтран сонгуульдав.
Нөхөн сонгуулиар наймаалцсан гэх энэ хамтын ажиллагаа хямдхан үнээр олдоогүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл МАХН-аа татан буулган байж, У.Хүрэлсүхийг дэмжсэн Н.Энхбаярт том эрх ашиг байгаа нь мэдээж.
МАХН-аа татан буулгаж буйгаа мэдэгдсэн хэвлэлийн хурлын үеэр Н.Энхбаяр МАХН-ын 220 хүн МАН-ын ямар нэгэн албан тушаалд очно гэдгийг хэлсэн.
Энэ тоон дунд Н.Энхбаярын өөрийнх болон хүүгийнх нь нэр явж байгаа нь мэдээжийн асуудал.
Тэд жижиг суудалд суухгүй.
Намын толгойд залрах нь тодорхой, харин дарга уу, ерөнхий нарийн уу.
Ямартай ч эрх баригч намд улс төр хийчих удирдагчийн сонголт цөөнгүй байна.
Ерөнхий сайдад намын даргын суудлыг өгч, эрх мэдлийг төвлөрүүлэх үү эсвэл Ерөнхий нарийн бичгийн даргаа дэвшүүлэн сонгох уу.
Бүр хөндлөнгийн хүнд тохиролцоо болгон өгөх үү.
Энэ асуултын хариу МАН-ын цагаан ордонд ид яригдаж, мөдхөн тодорхой болох биз ээ.