НАР, САРАНД ЗАЛБИРАХ УЧИР УТГА

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-06-15 23:55:33

Алтан нар амьдралыг тань гийгүүлнэ.


Мөнгөн сар сэтгэлийн гомдол хир буртгийг тань үргээнэ.


Амьдрал бэлэглэсэн аав ээжээ хайрла.

Өглөө нарандаа мөргө.

Үдэш саранд зовлон жаргалаа хүүрнэ.

Шөнө долоон бурхандаа залбир.

Өдөр бүр.

Амь амьдрал бэлэглэн алтан хүйгээрээ холбогдсон ээждээ санаатай, санамсаргүйгээр бүү гомдоогоорой.

Ээж чинь төрөөгүй бол чи ч энэ дэлхийд төрөхгүй шүү дээ.

Магадгүй шоргоолж болж төрөх ч байсан юм билүү хэн мэдэх вэ

Сэтгэлийг нь амар байлгавал болоо гэдэг чинь худлаа шүү.

Завтай үедээ утсаар ярих болов уу? Амралтын өдрөөрөө ирэх болов уу?

Ач зээ нараа үнсэх юмсан гэж амттан атга чихрээ өөрөөсөө харамлан аав ээжүүд байнга саравчлан харж суудаг юм.

Өглөө Мянга мянган жил хүн төрөлхтөнийг ивээн ээж байгаа нарандаа залбираарай.

Өглөө эртлэн босоод ажилаа төлөвлөн уулын цаанаас гэгээ татуулан мандах нарандаа залбираарай.

Мандаж буй наран өөд хоёр гараа алдлан алгаа наран зүгт харуулан нүдээ аниад нарны дулаахан таатай илч гэрлийг мэдрэн гүнзгий амьсгаа аваад удаан гаргана.

Алтан нар минь амьдарлыг минь гийгүүлэн байгаад талархая хэмээн үнэн сэтгэлээсээ хэлээрэй.

ӨГЛӨӨНИЙ НАРАНД ЗАЛБИРАХАД ХҮСЭЛ БҮХЭН БИЕЛДЭГ

 Би өглөө болгон аливаа бурханд биш харин наранд залбирдаг.

Нар бол адгийн үйлдэл хийсэн хүнийг ч элбэрэн ээдэг, нэг ч өдөр алгасалгүй өгөөмөр нь аргагүй манддаг,  хүн төрөлхтнөөс хэдэн зуу дахин илүү насыг насалсан учраас нарны туяанд өөрийнхөө бодол сэтгэлийг даатгаж сүсэглэхэд юунаас ч илүү их итгэл үнэмшил төрдөг юм.

Өглөөний наранд залбирахдаа 

Өглөө эртлэн босоод өдрийг аз жаргалтай өнгөрөөхийн тулд өглөөний нарны сайхныг биширч 5 хором мандаж буй нар зүгт хараад хоёр гарын алгаа нар луу харуулан зогсоод, нарны элч хэрхэн гарыг чинь, нүүрийг чинь ээж байгааг нүдээ аниад мэдэрнэ. 

Тэгээд “Алтан нар минь өнгөт цацрагаараа амьдралыг минь гийж хайрла” гэж 3 удаа үнэн сэтгэлээсээ давтан хэлээд амьдралдаа, эргэн тойрондоо талархах 3 шалтгааныг хэлнэ.

Жишээ нь:

1. Гэр бүлийн гишүүд минь эрүүл энх, эсэн мэнд байгаад талархаж, ухаалаг хүү, хөөрхөн хээнцэр охидуудын аав  болгосонд баярлалаа, үр хүүхдүүдээрээ маш их бахархаж байна.

2.    Амьдралд тохиосон өөрчлөлт бүхэнд дасах болон өөрчлөлт бүрээс сайн талыг харах чадвартай      

болгосонд маш их баярлаж байна.

3.    Өөрийн чухал хүссэнээ хэлж залбир.... 3 дахь хүсэл хүн болгоны нууц хүсэл байна шүү...

Наранд залбирсанаар амьдралд талархах шалтгаан өглөө бүр шинээр төрдөг юм .

Бидэнд эрүүл энх, элбэг баян амьдрал, саруул ухаан бэлэглэсэнд талархъя хэмээн залбиран мөргөөрэй.

Үдэш Саранд өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна.

Хоолойд тээглэн тороод байдаг гуниг бухимдлаа саранд хүүрнэн өгүүлэхэд сэтгэл хөнгөрөн гуниг арилна.

Шөнө Долоон бурхан одондоо хандан залбираад өвөг дээдэстээ сааль сүү, цайны дээжээ арвай буудайтайгаа өргөн, үр хүүхдүүдээ даатган сүслэн залбир.

Эцэст нь байгаль дэлхий (уул ус савдаг, нар сар,долоон бурхан) төрсөн газар шороондоо залбирч явахад бүх зүйл бүтнэ өөдлөнө.

Аз жаргал, амжилт хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

                         Хийморь Чука

Холбоотой мэдээ