ЗГ: Хүүхдийн мөнгийг хэвээр олгож, бусад халамж, дэмжлэгийг зогсооно
Нийгэм"НААДМААС ХЭМНЭСЭН МӨНГИЙГ ЦАР ТАХАЛД ЗАРЦУУЛНА"
Засгийн газраас мэдээлэл хийж байна.
Энэ үеэр “УОК-оос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох, эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэр гарсан.
Тодруулбал, эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулах, нэг ч хүнийг нас баруулахгүйн тулд ажиллах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.
Цаашдаа хатуу хөл хорио тогтоохгүй байхын тулд иргэд, ААН-үүдийн хүчин чармайлт чухал байна.
Орон нутаг, аймаг сумдын баяр наадмыг хориглож, нийслэлд наадмыг тэмдэглэхдээ цахимаар үзэгчгүй зохион байгуулна.
Хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулна” гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан “ Энэ оны төсвийн орлого тавдугаар сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд чамлахааргүй үзүүлэлт.
Төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсан.
Засгийн газраас авч хэрэгжүүлсэн “Ажлын байрыг дэмжих 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилт”-ийн үр дүнд эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 2019 оны суурь гүйцэтгэлээс зарим үзүүлэлтүүдээрээ давсан.
Энэ жил экспортуудын гол түүхий эдүүдийн үнэ монголд таатай байсан нь эдийн засагт эерэгээр нөлөөллөө.
Өнгөрсөн зургадугаар сарын хугацаанд Covid-19 халдварын улмаас хүнд нөхцөл байдалтай байсан хэдий ч урт хугацааны сунжирсан хатуу хөл хорио барилгүй байсны үр дүнд эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг гарсан.
2021 оны эхний таван сарын байдлаар “E-Barimt” системд бүртгэлтэй ААН-үүдийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 25.0 хувиар өссөн байна.
Үүнийг 2019 оны мөн үетэй харьцуулахад дөрвөн их наяд төгрөгийн абсолют дүнгийн өсөлттэй гарсан.
Үүнд, эдийн засгийг идэвхжүүлэх, 10 их наяд төгрөгийн бодлогын арга хэмжээ, иргэн бүрт олгосон 300 мянган төгрөг болон хүүхдийн мөнгө зэрэг нь нөлөөлсөн” гэлээ.
НААДМЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛНА
НЭМЭЛТ:
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бөгөөд зөвхөн цахим хэлбэрээр зохион байгуулах шийдвэр гарчээ. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ой тохиож байгаа бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа цар тахлын халдвараас сэргийлж, цахим хэлбэрээр, үзэгчгүй зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Харин аймаг, орон нутаг Үндэсний баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэр гарчээ.
Сонирхуулахад өнгөрсөн жилийн Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг цахим хэлбэрээр, үзэгчгүй зохион байгуулж байсан билээ.
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ болж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 11.40 цагт мэдээлэл хийнэ. Өнөөдрийн хуралдаанаар Covid-19 халдварын нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм.
УИХ-аас батлагдсан цар тахалтай тэмцэх хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо өчигдөр хуралдсан. Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Вакцины дархлаа тогтоц буюу нийт халдвар авсан 70 гаруй мянган иргэний арван хувь нь вакцинд хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар бүрэн тунд хамрагдаад, 14-өөс дээш хоносон хүмүүст буюу дөрвөн хүн тутмын гурав нь халдвараас хамгаалагдаж байгаа гэсэн тооцоо гарсан. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс үйлчилгээний газруудад хяналт тавина. Мөн зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана. Тухайлбал, хоол үйлчилгээний газар түр хугацаанд зааланд үйлчлэхийг хязгаарлах, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах саналаа Засгийн газарт хүргүүлнэ" гэдгийг мэдэгдсэн.
- УОК-оос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох,
- Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг мөн өдрөөс долоо хоногийн хугацаанд үйл ажиллагааг хязгаарлах,
- Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг зургадугаар сарын 15-ны 06.00 цагаас эхлэн зургадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоож, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэдийн зөвшөөрлийг халдварын шинжилгээний сөрөг хариунд үндэслэн тухайн аймгийн Онцгой комиссоос олгох зэрэг шийдвэрийг гаргасан.
Энэ бүх асуудлыг Засгийн газар хэлэлцэж, шийдвэр гаргах юм. Дашрамд дурдахад, Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүйгээр хатуу хяналт тавихаа мэдэгдсэн билээ.