Домгийн төгсгөл буюу миний нүдээрээ үзсэн орчин үеийн Монгол орон
НийгэмМанай оронд айлчлаад буцсан Уралын Холбооны Их сургуулийн профессор, Сэтгүүл зүйн сургуулийн захирал Дмитрий Стровский Монгол орны талаарх өөрийн сэтгэгдлийг бичжээ.
Монгол гэхээр л бидний ихэнх нь нэгэн адил зүйлийг төсөөлдөг, хязгааргүй уудам тал газар, хаа нэгтээ үзэгдэх бөмбөгөр цагаан гэр, сэтгэлийн хөдөлгөөнгүй гэмээр гандсан царайтай нутгийн иргэд, мөн дунд сургуулийн түүхийн хичээлээс үлдсэн Чингис хааны дүр төрх. Магадгүй арай ахимаг насныхан бол Монголын коммунистуудын ээлж халаагүй лидер болох Юмжаагийн Цэдэнбал, мөн сансрын анхны нисгэгч Гүррагчааг нь санах байх.
Миний хувьд ч Монголын тухай төсөөлөл он удаан жил дээрх ойлголтуудаар хязгаарлагдаж байв. Харин энэ оронд нэг долоо хоногийг өнгөрүүлсэнийхээ дараа илүү тодорхой ойлголттой болж билээ. Олон арван жилээр толгойд суусан төсөөллүүдийн ихэнхи нь бүрмөсөн алга болсон. Аяллын үед хамт явсан монгол хамтран зүтгэгчид маань "Ямар төсөөлөл?” гэж мэдэхийг хичээж байв. Хамгийн наад зах нь л гэхэд бараг л феодалын харьцаа нь хэвээрээ шахам байгаа хоцрогдсон орон гэх төсөөлөл байна.
Мэдээж аж амьдралд нь уламжлалт шинжүүд хангалттай хадгалагджээ. Улсын нийслэл Улаанбаатарын хил хязгаараас гараад л хязгааргүй цэлийх тал – нэн эрт үеэс өнөөг хүртэл хадгалагдсан монголчуудын аж амьдралын уламжлалт ахуй. Морио бардамхан зайдласан нүүдэлчид хязгааргүй уудам тал нутгаар тархсан мал сүргээ хариулна, шингэн утаа суунаглуулсан нөгөө л гэрүүд...
Гэтэл үүнтэй зэрэгцэн хорин таван жилийн өмнөхөөс нь огт өөр болгосон зүйлс ч орчин үеийн Монголд байна.
Эрх чөлөө – домог биш
Зарим хүнд үнэмшигүй санагдаж болох хэдий ч өнөөгийн Монгол ардчиллыг тунхаглаад зогсохгүй энэ чиглэлд итгэлтэй алхмуудыг хэдийнээ хийжээ. ХХ зууны эхэн үе хүртэл феодалын харилцаа бат бэх оршин тогтнож байсн энэ оронд ийм зүйл боломжтой гэж үү? Тийм гээд төсөөл дөө.
Ард түмэн төрийн эрхийг бүрэн гартаа авч, Монгол хүн болгонд нийгмийн боломжууд тэгш нээгдэх хүртэл хол байгаа нь үнэн. Амьдралын ерөнхий түвшин тийм ч их сайн биш байгаа нь харахад л мэдрэгдэнэ. Тэгсэн ч.
Амьдралын түвшний өсөлтийг ямар ч оронд авч үзэхэд эдгээр асуудлыг ил тод хэлэлцэх боломжоос эхэлдэг. Өөрөөр хэлбэл, янз бүрийн үзэл санаа, чиг хандлагыг тооцож, ингэснээр улс орны оюуны болон ахуйн хөгжлийн аль ч салбарын хөгжлийн зөв зам мөрийг тогтоодог. Тэгвэл парламентын дөрөвхөн нам засагладаг манай улсаас ялгаатай нь гэвэл хууль тогтоох дээд байгууллага болсон Улсын Их Хурал нь л гэхэд бүтэц бүрэлдэхүүний хувьд алаг. Энд "баруунтнууд” ч, "зүүнтнүүд” ч, "төвийг сахигчид” ч байгаа нь орчин үеийн Орос улсаас илүүтэйгээр олон ургальч үзэлтэйг, мөн ард түмнийхээ ашиг сонирхолд хүндэтгэлтэй ханддаг болохыг илэрхийлж байна. Сөрөг хүчнээ хууль ёсны болон хориглогдсон хэмээн хуваадаг манай улсаас ялгаатай нь гэвэл Монголын төр улс төрийн янз бүрийн үзэл санаа, хандлагад (мэдээж экстремист үзлээс бусдад нь) хүлээцтэй ханддаг болохоор телевизийн голлох сувгуудаараа ч улс төрийн хурц мэтгэлцээнүүдийг чөлөөтэй нэвтрүүлдэг юм билээ. Монголын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь ХМХ-үүдийг төрийн эрх мэдлийн аль нэг бүтцийн хяналтад байхыг хориглодгоороо сонин хэвлэлийн ихэнх нь төрийн хяналтад байдаг Орос улсаас ялгаатай.
Гэхдээ мэдээж бүх зүйл тунгалаг биш. Улстөрчид олон нийтээс далдуур ХМХ-үүдийг дарамталдаг, авлига хээл хахууль газар авч байна, үндэсний баялаг гадагш урсч байна, мөнгөний ханш унаж байна хэмээн монголчууд нэгэн дуугаар гомдоллодог. Товчхондоо бол энэ талаараа манай өнөөгийн бодит байдлыг санагдуулж байв.
Санагдуулж байгаа боловч бүр адилхан гэсэн үг биш. Нийслэлийн нийгэм улс төрийн сэтгүүлийн орлогч эрхлэгч, 25 настай Т-тай ярилцах зууртаа тэдний сэтгүүлд шүүмжлэл их гардаг тухай дурдав. Чингэхдээ томоохон, нөлөө бүхий улстөрчид, бизнесмэнүүдийг ч шүүмжилдэгээ ярив.
-Дараа нь заналхийлэхгүй юу?
-Мэдээж дургүйцэх явдал байлгүй яахав. Гэхдээ танайхан шиг тооцоо бодох, "хар тэмдэг” тавих явдал бол байхгүй шүү гэв.
Энд сэтгүүлчдийг алдаггүй, зоддоггүй юм билээ. Би монгол мэргэжил нэгтнүүдэдээ манай улсад сүүлийн 15 жилийн турш хэдэн арван сэтгүүлчийг хохироосон хэргүүд гарч, илрээгүй тухай ярихад тэд намайг гайхашран харцгаасан. Яг тодорхой хэлэх юм бол нэг ч хэргийг илрүүлж, эцэслэн шийдээгүй. "Энэ чинь танай орны нэр хүндэд муугаар нөлөөлнө шүү дээ” гэж тэд харамсч байлаа.
Гэтэл манай эрх мэдэлтнүүд Орос орны нэр төрийн талаар ул суурьтай боддог билүү... Монголчууд үнэхээр гэнэн юм даа.
"Хил хязгааргүй сэтгүүлчид” хэмээх олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ Орос орон 2014 онд 152 байрт орж байсан бол Монгол Улс бусдын түрүүнд биш юмаа гэхэд 54 дүгээр байрт орсон нь манай улсаас илүү таатай нөхцөлтэйг илтгэж байна.
Тэгэхээр үг хэлэх эрх чөлөөний тухайд Монгол Улс манай улсаас зуугаад оноогоор түрүүлж явна. ХМХ-ийн ерөнхий хөгжлийн хандлагаараа ч гэсэн тэр. Гурван сая хүн амд нийтдээ 500 орчим нийгэм-улс төрийн хэвлэлүүд, 100 гаруй телесуваг оногдож байна.
Мэдээж та монголчууд энэ их мэдээллийг хэрхэн хүлээж авдаг бол гэж асуух байх. Мэдэхгүй юм. Гэвч тэдэнд сонголт хийх боломж бий: юуг унших, юуг сонсох, юу үзэх. Телевизийн сувгуудаар нь хамгийн хурц улс төрийн асуудлаар эсрэг тэсрэг байр сууриуд мөргөлдөж буй хөтөлбөрүүдийг олж үзэж болно. Тэгвэл та манай ТВ дээр хэзээ хамгийн сүүлд иймэрхүү маягийн зүйл үзсэн бэ? Санахгүй байна уу? Тэгэлгүй дээ.
ЗХУ, хожим нь Орос улс монголчуудад хэрхэн амьдрахыг олон арван жилийн турш заасаар ирсэн. Мөн чадах бүхнээрээ тусалсан. Гэтэл бид бусад улс орон бие даан амжилттай суралцаж, тэр ч байтугай зарим талаараа багшаасаа ч түрүүлж болохыг тооцож үзээгүй аж.
Том ертөнц дэх жижиг орон
Монголд байхдаа би Улаанбаатарын хэд хэдэн их сургуульд лекц уншсан юм. Ер нь бол Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүл зүйн сургуулийнхан ийм л зорилгоор намайг урьсан билээ. Гэхдээ Монголд долоо хонох зууртаа би өөр бусад сургуулийн багш оюутнуудтай ч уулзсан юм. Эдгээр уулзалтууд дээр бид оросын ХМХ-үүдийн хөгжлийн тухай төдийгүй орчин үеийн хорвоо ертөнцийн чиг хандлагын талаар, сэтгүүл зүйг судлах шинжлэх ухааны олон арга барилын талаар гээд өнөөдрийн мэдээллийн бодит байдалтай холбоотой олон сэдвийг хөндсөн. Иймэрхүү маягаар харьцах сонирхол Монголын оюутан-сэтгүүлчдэд их байсан – уулзалт болгон дээр 100-300 орчин хүн цугларч байлаа.
Надад тэдгээр оюутнуудын байж байгаа байдал таалагдсан. Эхэндээ жаахан гэрэвшсэнээ төд удалгүй өөриймсч, энэ тэрийг сонирхож, асуултаа тавьцгаана. Лекц болгон дээр асуулт дэндүү олон байсан болохоор зарим тохиолдолд зохион байгуулагчид цаг хугацаандаа баригдан мэтгэлцээн хэлэлцүүлгийг таслахаас өөр аргагүй байдалд хүрч байсан.
Энэ бүхэн юуг өгүүлнэ вэ?
Монгол орон хорвоог үзэх уламжлалт ойлголтоосоо салахыг эрмэлзэн, залуу үеийнхээ оролцоотойгоор "том ертөнц” рүү нэвтрэх цонхыг өөртөө нээж, дэлхий ертөнцийн нэгээхэн хэсэг гэдгээ мэдэрч байгаа болов уу. Үүнийг тус улсад өргөн тархаад буй гадаад хэлийг эрчимтэй судлах явдал ч илэрхийлж байна. Таван жилийн өмнөхтэй харьцуулахад гадныхан Улаанбаатарын гудамжинд илүү олон үзэгдэнэ. Монголын сэтгүүл зүйн гадаад өнгө төрх ч европын орнуудынхаас бараг ялгарахгүй болжээ.
Энэ орон өөрийн уламжлалт-хуучны ухамсар, ахуйгаа идэвхитэй өөрчилж байгааг нотлох иймэрхүү жишээ олон байна.
Хүмүүс аяганы тал нь хоосон, тал нь устай хэмээн таадаг аягатай усны сургамжит түүхийг санаж байна уу? Энэ түүх орчин үеийн Монголыг ойлгоход хамгийн тохиромжтой жишээ болно гэж бодож байна. Хэрвээ энэ орныг гаднах өнгөөр нь, амьдралын нөхцөл, чанар, зам харгуй, хоол хүнсний онцлог гэх мэтээр нь дүгнэвэл та өөрчлөлтийг олж харахгүй ч байж мэднэ. Харин хүмүүстэй нь ярилцаад, тэдний юу бодож байгааг, өөрсдийгөө хэрхэн үнэлж дүгнэдгийг мэдэж авбал өөрчлөлт байна гэдгийг тодорхой харж авна.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн асуудлыг хамтдаа хэлэлцэж байсан монгол оюутнууд л гэхэд оросын үе тэнгийнхэнтэй нь харьцуулбал харь оронд цөөн зорчсон байв. Гэвч тэдгээр охид, хөвгүүд орчин үеийн хорвоо ертөнц ямар болохыг, мөн монголчууд хөндлөнгөөс хэрхэн харагддагийг мэдэхийг ухамсартайгаар хүсч байсан.
...Нэг лекцэн дээр оюутан охидын нэг нь надаас хүч, үл таалах хэлээр харилцаж байгаа өнөөгийн хорвоо ертөнцөд жижиг улс орон хүндэтгэл олж авч чадах уу гэж асуусан. Эсвэл зөвхөн хүчирхэг улс гүрнүүд л "хүссэн хөгжмөө захиалдаг уу” гэж.
Мэдээж түүний асуултад жижиг орон гэдэг нь Монгол улс байсан. Өнөөгийн хүчирхэг тэмцлийн ертөнцөд хөршүүдтэй нь харьцуулбал жижигхээн хүн амтай, хэл яриа нь бусадтай огт адилгүй, Орос, Хятадтай харьцуулахад дэлхийн соёлын өвд оруулсан хувь нэмэр багатай улс орон юугаараа ч ялгарах вэ гэж бодмоор.
Бодол санаандаа би энэ хорин настай залууст талархан алга ташсан. Өөр улс оронд амьдарч буй тэдний үе тэнгийхний хэд нь ийм асуудлыг сонирхох бол: тэд өнөө маргаашаа л бодож байгаа. Монгол оюутнуудын ихэнх нь миний төсөөлсөнөөс тэс өөр хүмүүс байсан нь гайхашрал төрүүлсэн: тэд их мэдрэмжтэй, өдөр тутмын амьдралд нь шууд бус хамааралтай зүйлст ч сэтгэл тавьж байв.
...Би тэдэнд орчин үеийн хорвоо ертөнцөд том улс, жижиг улс, чухал улс, чухал бус улс гэж байхгүй гэж хариулсан. Хуваах юмгүй болсон цагт зөвхөн ийм л ухамсар манай гарагийг сүйрлээс хамгаална. Тэгээд ч хэсэг хугацааны дараа аль улс орон нь лидер болж, аль нь хоцрогдохыг хэн ч мэдэхгүй. 1980-аад оны дундуур хүчирхэг ЗХУ хэдхэн хоногийн дотор тусгаар улсууд болон задрана гэдгийг төсөөлөх боломжтой байсан гэж үү?
Орос орны талаар хүндэтгэлтэйгээр
ЗХУ задарсанаас хойш 25 жил өнгөрчээ. Гэтэл Монголд манай оронд хүндэтгэлтэй хандсан хэвээр байна. Зөвхөн ахмад насныхан төдийгүй залуус нь ч манай түүхийг, манай улстөрчдийг сайн мэдэх юм. Мэдээж энэ бүхэн сургуулиас эхтэй байх, бусад орны соёлоос илүүтэй Оросын соёлыг ултай суурьтай үздэг юм билээ. Уламжлал гэхүү дээ. Эдгээр оюутнууд хэвлэл мэдээллээс манай оронд урьдных шигээ Монголд туслах эдийн засгийн боломж байхгүй гэдгийг сайн мэдэж байгаа.
Тэглээ ч гэсэн Орост хандах хандлага одоо ч гэсэн ахмад үеийнхэн гэлтгүйгээр бүхэлдэээерэг, нээлттэй, итгэлтэй хэвээр байна. Биднийг өмнөх шигээ л хүчирхэг улс гүрэн гэж үзэж, Монголд шаардлага гарсан үед дэмжлэг үзүүлж чадна гэдэгт итгэсээр байна.
Энд түүхэн хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэж байгаа бизээ. ХХ зуунд Монгол орны хувь заяанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн улс орон манайхаас өөр байхгүй билээ.
1939 оны зун Зөвлөлтийн арми Монгол руу цөмөрсөн япончуудыг бут цохисон Халх голын тулааны талаар сонсоогүй нэг ч оюутантай одоо ч гэсэн таарахгүй биз. 1970-аад оны үед ЗХУ нь Эрдэнэт хотод хүчирхэг уулын баяжуулах үйлдвэрийг байгуулж, Улаанбаатарт орон сууцны олон дүүргүүдийг барьж өгсөн. 1980-аад оны эхээр дэлхийн тойрог замд "Союз” хөлгийг хөөргөн гаргахад хоёр сансрын нисгэгч ниссэний нэг нь Монголын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа байлаа. Харин хичнээн монгол хүн манай оронд боловсрол эзэмшсэн бэ гэвэл тоог нь гаргах ч аргагүй олон. Одоо ч энэ үйл явц үргэлжилсээр байгаа билээ.
Тиймээс Монголын Орост хандах хандлага маш их хүндэтгэлтэй бөгөөд манай хоёр орны өмнөх харилцааны хөгжлөөр тодорхойлогдож байгаа юм. Энэ нь өнөөгийн харилцаанд ч өөрийн ул мөрийг үлдээжээ. Монголын дунд сургуулиудад урьдныхтай адил орос хэл зааж, "Аист” суваг нэвтрүүлгүүдээ орос хэл дээр цацсаар байгаа.
-Монгол оронд орос хэл ирээдүйд ч хэрэгтэй байсаар байх болов уу? гэж ерөнхий редактор Дамдинсүрэнгийн Намхайгаас асуув.
Тэр над руу үл итгэсэн байдалтай харсанаа
-Монголд өөр сонголт байгаа гэж үү? Орос орон сэтгэл зүйн хувьд Хятад улсаас илүү бидэнд ойр. Хэдийгээр геополитикийг тооцож анхаарах ёстой ч түүхийг ой санамжаас устгаж болохгүй шүү дээ гэв.
Тиймээс ч хүмүүс надад итгэлтэй дотно хандаж байсан биз. Багш сурган хүмүүжүүлэгчид нь ч, оюутнууд нь ч тэр.
Тавиас дээш насныхны ихэнх нь орос хэлийг сайн ойлгодог, зарим нь зүгээр л ярилцах хүсэлтэй байсан. Гэвч оюутнууд ч гэсэн Орос орны амьдралыг нэн сонирхож, байнга л ямар нэгэн зүйлийг асууж байв. Тэдний энэ дотно илэн далангүй харьцаанд олон зууны турш монголчуудад удамшсан багшид хандах хандлага соёл илрэн гарсан. Өнгөрсөн зуунуудтай харьцуулахад илүү их эрх чөлөөтэй өнөө цаг үе ч монголчуудын өвөг мөн чанарыг өөрчилсөнгүй. Залуус одоо ч багш сурган хүмүүжүүлэгчдэдээ хүндэтгэлтэй хандах аж. Тэр дундаа орос сурган хүмүүжүүлэгч болсон надад түүхээс улбаатайгаар бүр их хүндтэй хандсан.