Өөртөө өдөр бүр дурла!
Сонин ХачинХайр бол хүний нийгэмд өнө мөнхөд яригдах төгсөшгүй сэдэв билээ.
Хайр дотроо олон янз байдгийг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх байх.
Харин ямар ч романтик хайраас илүү хайр цаана чинь бас байнаа байна.
Мэдээж энэ бол өөрөө өөрийгөө хайрлах хайр юм.
Магадгүй та энэ сэдвийн талаар өмнө нь сонссон байж болох.
Гэхдээ хүмүүс мэддэг хэрнээ л зарим нэгэн чухал зүйлийг амьдралдаа хэрэгжүүлээд байдаггүй.
Хүмүүс амжилттай явах, аз жаргалтай байхын талаар дэндүү их ярьцгаадаг.
Тийм байхын төлөө хэрэндээ дор бүрнээ зүтгэцгээдэг нь нууц биш.
Гэхдээ та үүнийг мэддэг үү?
Амжилтанд хүрсэн хүмүүсийн амжилтын нууц дан ганц шаргуу зан, нөр их хөдөлмөрийн үр шим биш, гагцхүү өөрөө өөрийгөө хайрласны шан байдаг юм.
Хүн сэтгэлийн амьтан.
Тиймээс хүн өөрөө өөрийгөө хайрлаж, өөрийн дотоод сэтгэлээ хайраар дүүргэж байж, сая бусдад хайрыг түгээж, бусдыг баярлуулах чадвартай болно.
Таны амьдралд чухал нөлөөтэй, хамгийн эрхэм нандин хүнээ та номер нэгд тавиад өөрийгөө тэр хүний дараа тавьж үзвэл та тэр хүнийг хэдий зүрх сэтгэлдээ дэндүү агуу хүн гэж багтаасан ч өөрийгөө хайрлаж, хүндэтгэдэггүй цагт та аз жаргалыг тэр хүндээ бүрэн дүүрэн утгаар нь мэдрүүлж чадахгүй бөгөөд өөрөө ч мөн мэдрэхгүй л болов уу.
Тэгвэл та аз жаргалыг жинхэнэ утгаар нь мэдэрмээр байна уу?
Эрүүл саруул амьдармаар байна уу?
Бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулмаар байна уу?
Амжилтын оргилд ядрах зүйлгүй, зүдрэх зовлонгүй хүрмээр байна уу?
Хариулт нь тун энгийн шүү дээ хө.
Та өөрөө өөрийгөө хайрла, бүр их, дэндүү их хайрла!
Харин яаж???
- “Би өөртөө хайртай” гэж хэлж сур
Энэ нь танд сонин санагдаж болох ч өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дээшлүүлэх хамгийн үр дүнтэй, шалгарсан арга гэж хэлж болно. Энэ аргыг туршиж үзсэн нэгэн эмэгтэйн яриагаар бол эхэндээ ингэж хэлэх нь түүнд их сонин санагдсан бөгөөд өөрийгөө толинд харах болгондоо “Би чамд хайртай” гэж хэлсээр байгаад сарын дараа гэхэд аяндаа энэ л үгээр тэтгэгдэж өөртөө итгэх итгэлээ олж авдаг болсон гэжээ. Та яагаад туршаад үзэж болохгүй гэж? - Өөрийгөө бусадтай харьцуулахаа зогсоо
Хувь хүн бүр давтагдашгүй, ганц хувь бүтээгдсэн бурхны бүтээл юм. Хүн бүр өөрийн давуу ба сул талтай. Үзэг зөвхөн таны гарт л байгаа учир амьдралынхаа түүхийг та өөрөө л бичихээс биш өөр хүнээр бичүүлнэ гэдэг маш утгагүй асуудал. Тиймээс энэ цаг мөчөөс эхлээд өөрийгөө өрөөл бусадтай харьцуулахаа боль.
- Юу хийхийг хүснэ, түүнийгээ л хий
Танд аз жаргал бэлэглэдэг, таны урам зоригийг сэргээдэг зүйлийг та аль болох өдөр бүр хийхийг хичээгээрэй. Өөрийн хүссэн арга хэмжээнд оролцох, дуртай спортын төрлөөрөө хичээллэх гэх мэт..,
- Өөртөө байнга талархалтай бай
Талархалтай байснаар та өдөр бүрийг өөрийнхөө хүсч байгаагаас илүү сайхнаар өнгөрүүлэх боломжтой болох болно.
- Өөрийгөө торд, энхрийл
Өөрийгөө үргэлж тордож байх нь өөрийгөө хайрлахын салшгүй нэг хэсэг бөгөөд тиймээс хангалттай унтаж амрах, мөн шим тэжээлтэй хоол хүнсийг байнга хэрэглэх нь зүйтэй. Өөрийгөө бөөцийлөх нь тийм ч хэцүү зүйл биш шүү дээ.
- Сэтгэлээ аль болох тайван, амгалан байлга
Хүн зав л гарвал өөрийгөө шүүмжлэх дуртай байдаг. Нэг л мэдэхнээ таны дотоод хүн та хангалттай сайн байж чадахгүй байна гэсэн мессежийг таньруу шиддэг. Тиймээс одоо үүнийг мэддэг болсноос хойш аль болох өөрийгөө эерэгээр харах нь чухал юм.
- Өөрийнхөө үнэ цэнийг байнга мэдэр
Би энэ талаар дээр дурьдсан. Гэхдээ л ахиад хэлмээр санагдаж байна. Та бол Гайхалтай агуу бүтээл. Яг одоо энэ үгийг өөрийн болго гэж танд зөвлөе. Тэгээд өглөө болгон сэрээд энэ сайхан өдрийг яаж мартагдахааргүй өнгөрүүлэх вэ гэж өөрөөсөө үргэлж асуу.
- Өөртөө итгэлтэй бай
Өөртөө итгэлтэй байснаар та хүрэхийг, авахыг, хийхийг хүсч байсан бүх зүйлээ та төвөггүйхэн гүйцэлдүүлэх болно. Та амжилттай яваа өөрийнхөө дүр төрхийг аль хэдийнээ нүдэндээ олоод харчихсан бол бусад хүмүүсийн танд итгэх, итгэхгүй байх огтын хамаагүй зүйл. Зөвхөн өөртөө л итгэ.
- Хөгжилд, цэнгэ
Зөвхөн ажлын хэнээтэй бух шиг ажил ажил л гээд дайраад байлгүй өөртөө баяр баясал өгөх зүйлийг өдөр бүр хийж бай. Бусдын аз жаргалтай байгаа байдлыг хуваалц, ямар нэгэн тоглоом тогло.., Ер нь тэгээд өөрийгөө зугаацуулъя гэвэл юу эсийг хийж болхов. Тийм үү, үгүй юу?
- Өнгөрсөн хугацаанд хийж байсан алдаагаа бүгдийг нь ор тас март
Бид бүгдээрээ л ямар нэгэн байдлаар алдаа гаргацгаадаг. Ганцхан та ч биш. Тиймээс алдсан алдаанаасаа суралцаад урагш алхах нь зүйтэй.
- Хамгийн чухал гэсэн зүйл дээрээ төвлөр
Таны хувьд юу хамгийн чухал вэ? Амьдралын өдөр бүрээ тодорхой хийсэн зүйлтэй өнгөрөөхийн тулд өдөр бүр хийх зүйлийнхээ жагсаалтыг байнга гаргаж бай. Аа гэхдээ, юу чухал байна, тэр зүйлдээ л хамаг анхаарлаа төвлөрүүлэн хийх хэрэгтэй.
- Өөрийгөө яг байгаагаар нь хүлээж ав
Энэ хорвоо дээр төгс юм гэж нэгээхэн ч үгүй билээ. Үүний сацуу арван хуруу тэгш хүн ч гэж байхгүй нь тодорхой. Тиймээс өөрийгөө яг л байгаагаар нь хүлээн ав. Та цор ганц. Гайхалтай биш гэж үү