Хүчирхийлэгчид төрийн ордонд ч бий

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-18 00:50:18

Монголд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг чангаруулсан ч энэ төрлийн гэмт хэрэг буурсангүй. Жил ирэх тусам цагдаагийн байгууллагад бүртгэгдэх дуудлага мэдээлэл өсч, гэмт хэрэг буурахгүй байгаа нь эмзэглэмээр. Улсын хэмжээнд энэ оны таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 596 гэмт хэрэг үйлдэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 27.6 хувиар өссөн дүн юм.

Цагдаагийн байгууллагаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 159 иргэнд торгууль ногдуулсан бол 2816 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчилжээ. Гэхдээ шинэчлэн баталсан хууль бодит амьдрал дээр тусгалаа олохгүй, хэрэгжилт хангалтгүй байгааг иргэд одоо ч шүүмжилсээр байгаа нь үнэн. 

Өдөр бүр төрсөн, хойд эцгийнхээ гарт харгисаар зодуулж бэртсэн, нөхөр нь амь насыг нь бүрэлгэсэн гэх хар бараан мэдээллүүд хөвөрсөөр. Үүнийг байдаг л үзэгдэл мэт хүмүүс дөжирчээ. Нийгмийн сүлжээнд ч бас “Хүчирхийллийг тэвчихгүй” гэх давлагаа өрнөдөг ч  удаан “насгүй”.  Тэгсхийгээд мартагддаг болоод уджээ. Харамсалтай нь, хаалганы цаана хэчнээн аврал эрсэн эмэгтэй, хүүхдийн эрүүл мэнд, амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг тодорхойлох аргагүй. Учир нь, хэлээ хазаад тэвчих үү, цагдаад мэдэгдэж илүү их тамлуулах уу гэх эргэлзээ, айдас дунд олон эмэгтэй "чөтгөрийн тойрог" шиг амьдралаар чимээгүй амьдарч байна. Энэ нь хүчирхийлэгчдийг давраах шалтгаан болж байна.

Өнөөдрийг хүртэл гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг биш гэх хандлага өөрчлөгдөж, айл хөршүүд соргог болсон нь сайн хэрэг. Хананы цаана, хашаанд, гудамжинд эхнэр, хүүхдэдээ агсардаг нэгнийг хөрш нь мэдээлдэг болж эхэлжээ. Цагдаагийн байгууллагад өдөрт бүртгэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 150-200 дуудлага мэдээллийн ихэнх нь  хөрш зэргэлдээ айл өрхөөс ирүүлсэн дуудлага. Харин зориг гаргаж, өөрсдөө цагдаад мэдэгдсэн хохирогчид цөөхөн аж.

Нөгөөтэйгүүр энэ төрлийн гэмт хэрэг зөвхөн гэр хороололд ажилгүйдэл, архидалтаас үүдэн гардаг гэх ойлголт хүмүүсийн дунд одоо ч “амь бөх”-тэй байна. Хүчирхийлэгчид зөвхөн ажилгүй, архинд “донтсон” хүмүүс байдаггүй. Олны танил урлаг соёлынхон, загвар өмсөгч, цагдаа, хууль санаачлагч нь хүртэл хүчирхийлэл үйлддэг болохыг бид харлаа. 

Хоёр өдрийн өмнө (2021.06.16) УИХ-ын нэр бүхий гишүүн эхнэрээ зодсон хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тухай мэдээлэл цахим мэдээллийн сувгуудаар түгсэн. Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр гэр бүлийнхнээс нь гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэл нээн, шалгаж буй аж. УИХ-ын нэр бүхий гишүүний эхнэр өнгөрсөн Лхагва гаригийн өглөө 04:00 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг шалгаж байгаа юм.

Түүний эхнэрийн гомдолд үндэслэн УИХ-ын гишүүнд холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлсэн юм. Түүний мэдээлснээр, УИХ-ын гишүүний эхнэрт гэмтлийн зэрэг тогтоон, шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ч Зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 5.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцлага тооцож болзошгүй. Зарим хэвлэлд мэдээлснээр, энэ нь УИХ-ын гишүүн эхнэртээ гар хүрсэн явдал анхных биш аж.

Олны анхаарлыг татсан УИХ-ын гишүүний “зэс нь цухуйсан” нь л энэ болохоос биш төрийн ордонд хууль санаачлагч эрхмүүдийн хэд нь ч хүчирхийлэгч байхыг үгүйсгэхгүй. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүчирхийлэлд нас хүйс, албан тушаал, боловсрол, мөнгөтэй, мөнгөгүйн ялгаа байхгүй. 

Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Э.Баярбаясгалан “Гэр бүлийн хүчирхийллийн онцлог нь хайртай дотнын хүмүүс дунд болдог, хохирогчид нэр хүндээ бодоод цагдаагийн байгууллагад мэдээлдэггүй, далд үйлдэгддэгээрээ онцлогтой. Архидалт, ядуурал, ажилгүйдэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан биш. Энэ бол нөлөөлж буй хүчин зүйл. Суурь шалтгаан нь, айдсаас үүдэж буй хүчтэй, хүчгүйн тэнцвэртэй биш харилцаа юм. Үүнд өнгө мөнгө, албан тушаал, нэр хүнд, эд хөрөнгө, боловсрол, мэргэжил огт хамаардаггүй. Энэ утгаараа хаана ч үйлдэгдэж болно.

Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн гэр хороололд үйлдэгдэгдэхгүй. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж буй гэмт хэрэг өсч байгаа нь иргэдийн эрхзүйн мэдлэг дээшилсэнтэй холбоотой. Далд үйлдэгдэж буй гэмт хэргийг хөршүүд цагдаагийн байгууллагад мэдээлдэг болж, хөндлөнгийн хяналт сайжирсан. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн ихэнх нь хөршийн дуудлага. Цөөн тохиолдолд хохирогчид өөрсдөө цагдаад ханддаг. Ерөнхийдөө хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, хуулиар хүлээсэн хариуцлагаа хүлээнэ” гэж хэлсэн юм. Гэвч хууль санаачлагчид нь өөрсдөө хүчирхийлэгч байх нь хэр ёс зүйтэй вэ?

Холбоотой мэдээ