Кремль: АНУ Навальныйг авъя гэвэл тагнуул гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-19 14:26:39

АНУ, ОХУ-ын солилцох боломжтой хоригдлуудын жагсаалтад Алексей Навалныйн нэр байхгүйг Москва мэдэгдлээ. 

Хэрвээ аливаа улс хоригдол солилцохыг хүсвэл тухайн хоригдлыг өөрийн улсын иргэн, эсвэл тагнуулын ажилтан гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай байдаг аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Женевт уулзаад эргэн ирэхэд Москвагийн радиогийн сурвалжлагч түүнээс Алексей Навальныйг хоригдол солилцоогоор шилжүүлэх тухай ярилцсан эсэхийг асуужээ. 

Харин Дмитри Песков уулзалт дээр тэр тухай ярилцаагүйг хэлж, “Хоёр Ерөнхийлөгчийн уулзалтад энэ талаар ямар ч яриа өрнөөгүй. 

Тэгээд ч Алексей Навальный нууцаар АНУ-ын иргэн байгаад, Орос оронд тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан гэдгийг Вашингтон батлахгүй л бол түүнийг өгнө гэж байхгүй” хэмээн тайлбарлажээ.

Навальный өнгөрсөн оны аравдугаар сард Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песковыг өөрийг нь гадаадын тагнуултай холбоотой хэмээн гүтгэсэн хэргээр шүүхэд өгөх талаар ярьж байлаа. 

Энэ талаар Песков “Навальный АНУ-ын тусгай албатай хамтардаггүй юм байж. 

Гэхдээ АНУ-ын тагнуулын алба бол түүнтэй хамтран ажилладаг байх. 

Ялангуяа сүүлийн өдрүүдэд би АНУ-ын тагнуулын албаны мэргэжилтнүүд Навальныйтай нягт холбоотой ажиллаж байсныг тодорхой хэлж чадна” гэсэн байна.

Уулзалтын өмнө Жо Байден Оросын сөрөг хүчний төлөөлөгч Навальныйг торны цаана амьсгал хураавал Москватай өөрөөр ярихаа хатуу мэдэгдэж байв. 

Харин Москва болсон явдлыг ердөө хууль ёсны дагуу, тэнсэн харгалзах ялын хугацаанд гадаад улс руу явсан иргэнээ баривчлан, тохирох ялыг нь оноосон хэрэг хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дээд хэмжээний уулзалтын дараа хоёр тал хэд хэдэн хоригдол солилцохоор хэлэлцэж буй юм байна. 

АНУ-аас Орост илгээх хоригдлуудын эхний эгнээнд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 2011 онд баривчлагдсан нисгэгч Константин Ярошенко бий аж. 

Харин ОХУ-аас Америкт илгээх хоригдлуудын жагсаалтад тагнуул хэмээн хоригдсон мэдээлэл технологийн мэргэжилтэн, цэрэг Пол Уилан оржээ.

Эх сурвалж: RT

Холбоотой мэдээ