АНУ, ОХУ-ын дээд хэмжээний уулзалтын ЯЛАГЧИД

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-19 21:54:30

Швейцарын Женев хотноо АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Владимир Путин нарын хэлэлцээ болж өндөрлөв.

Энэ нь 2018 оноос хойш болж буй анхны хоёр улсын дээд хэмжээний уулзалт, Байден, Путин нар төрийн тэргүүнүүдийн хувьд нүүр туулсан анхны уулзалт байв.

Энэхүү хэлэлцээ ямар ач холбогдолтой, үр дүн нь ямар байх талаарх дэлхийн нийтийн таамаг, эргэцүүлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Байден Кремлийн тэргүүнд нейтрал нутаг дэвсгэрт уулзах санал тавьснаас хойш идэвхтэй өрнөж эхэлсэн билээ.

Эерэг үр дүн 

Хоёр их гүрний удирдагчид нүүр тулан уулзаж, хэлэлцээний ширээний ард суусан нь өөрөө эерэг үр дүн гэж ажиглагчид дүгнэж байна. Энэ нь зөвхөн АНУ, ОХУ төдийгүй дэлхийн нийтэд эерэг дохио юм. Вашингтон, Москва хоёрт саналын зөрөлдөөн бий хэдий ч шууд хэлэлцээ хийх боломж байгаа нь дипломат бодлого олон улсын улс төрд тэргүүн зэрэгт тавигдаж буйг илтгэж байна гэж шинжээчид үзэж байна. Талуудын уулзалт, яриа хэлэлцээ нь зөрчлийг арилгахгүй ч алдагдсан итгэлцлийг бэхжүүлж, илүү чухал асуудлыг шийдэхэд дэвшил авчирдаг болохыг баталлаа.

АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын хэлэлцээний дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлд талууд стратегийн тогтвортой байдлын чиглэлээр хоёр талын цогц яриа хэлэлцээ эхлүүлэхийг эрмэлзэж буйг дурджээ. Ийм яриа хэлэлцээгээр дамжуулан зэвсэглэлийг цаашид хянах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний үндсийг тавихыг зорьж байна гэж мэдэгдэлд онцолжээ.

Владимир Путины хэлснээр, ойрын үед хоёр улс цахим аюулгүй байдал, хоригдлуудыг солилцох, зэвсэглэлийг хянах асуудлаар зөвлөгөөн эхлүүлэхээр тохиролцжээ. Эдгээр асуудал нь Москва, Вашингтоны цаашдын хамтын ажиллагааг урагшлуулахад тулах цэг нь болох боломжтой гэж үзжээ.

Уулзалт үр дүнтэй болсон гэж Байден, Путин нар хоёул дүгнэсэн. Путин Байденыг бодлоготой, туршлагатай гэж сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр дүгнэсэн байна. Путин АНУ-ын төрийн тэргүүнтэй хоёр цаг нүүр тулан ярилцсан гээд төрийн тэргүүн бүртэй ийм дэлгэрэнгүй яриа тэр бүр өрнөөд байдаггүй гэжээ.

Мөн ийм утгатай үгийг Жо Байден илэрхийлсэн. Түүний хэлснээр, саналын зөрчилдөөнийг үл харгалзан хэлэлцээний уур амьсгал найрсаг, харилцан ойлголцоход дөхөмтэй байсан аж.

Талууд дипломатуудаа эргүүлж ажиллуулна 

Талууд элчин сайдуудаа харилцан татсан нь Орос, Америкийн харилцааны доод цэг байв. Ийм алхмыг талууд Жо Байден Путиныг “алуурчин” хэмээн нэрлэсэн дуулиант ярилцагын дараа өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Харин өдгөө дипломатуудыг эргүүлэн ажиллуулах нь цаг хугацааны асуудал болжээ.

АНУ-ын Төрийн департамент, ОХУ-ын Гадаад хэргийн яам дипломат хамтын ажиллагааны бусад асуудлаар зөвлөгөөн эхлүүлэхээр тохиролцсон. Ингэснээр Москва, Вашингтон сүүлийн жилүүдэд хориг арга хэмжээний улмаас эрс цөөрсөн элчин сайдын яамдынхаа орон тоог нэмэгдүүлэх боломж гарч ирэв. 


Алсын үр дүн 

Путин, Байден нар ямар нэгэн тодорхой тохиролцоонд хүрнэ гэдэг хүлээлт байгаагүй нь бодит байдал юм. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаанд хэтэрхий олон асуудал шийдэгдээгүй хуримтлагдсан. Хэрэв талууд эдгээр санал зөрөлдөөнтэй асуудлыг хэлэлцэж эхэлсэн бол нэг өдрөөр тогтохгүй их хугацаа авах байв. Энэхүү дээд хэмжээний уулзалт урт хугацааны хамтын ажиллагааны анхны алхам болсон ч үр дүн нь зөвхөн ирээдүйд гарч ирнэ.

Байдены дүгнэснээр, ОХУ, АНУ стратегийн яриа хэлэлцээг эхлүүлж чадсан эсэхийг ирэх 6-12 сар харуулна.

Хүний эрхийн асуудлаарх санал зөрөлдөөн 

Хүний эрхийн асуудал дээр хоёр улсын тэргүүн нар өөр өөр байр суурьтай байдаг нь илт. Барууныхан Оросын эрх баригчдыг хүний эрх чөлөөнд халддаг хэмээн буруутгадаг бол Москва өөрийнх нь практик барууны орнуудын ажлын арга барилаас ялгаагүй гэж өөрийгөө зөвтгөдөг. Владимир Путин Жорж Флойдын амь насыг хөнөөсний дараа эмх замбараагүй байдал гарсанд сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ. Ингэхдээ тэрбээр Орос улс дотооддоо ийм явдал гаргуулахгүй гэж амлав.

Байден үүний хариуд Алексей Навальный хорих газарт амиа алдвал Оросын хувьд ноцтой үр дагавартай учирна гэв. Тэрбээр энэ асуудал туйлын чухал болохыг Путинд сануулав.

Уулзалтын талаарх сэтгэгдэл 

Путины хэлснээр, уулзалтын үеэр дайсагнасан уур амьсгал байгагүй. Хэдийгээр Москва, Вашингтон олон асуудлаар өөр өөр байр суурьтай байдаг ч талууд бие биенийгээ ойлгох хүсэлтэйгээ илэрхийлж, хэлэлцээ үр дүнтэй байсан гэж Кремлийн тэргүүн дүгнэжээ. Тэрбээр хэлэлцээ хийгчдийн дунд “итгэлцлийн гэгээ татсан” гэж онцолжээ. “АНУ-ын дотоодын улс төрийн уур амьсгалыг мэдэхгүй. ОХУ-тай харилцаагаа хөгжүүлэхийг дэмждэг нэг байхад сайшаадаггүй хүмүүс ч бас бий. Аль хүч нь давамгайлахыг нь мэдэхгүй. Хэрэв бидний уулзалтын дараа хориг арга хэмжээ авч эхэлбэл ээлжит боломжоо алдсан гэсэн үг” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч дүгнэжээ.

Байден уулзалтын талаарх сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Энэ уулзалтын өнгө аяс эерэг байсан. Дарамт шахалт үзүүлэх оролдлого гараагүй. Харилцан зөрөлдөөнтэй асуудал дээр бид биедээ учир шалтгааныг нь тайлбарласан” гэжээ. “Би зорьсон зүйлээ бүтээсэн. Нэгт, хоёр улсын нийтлэг ашиг сонирхлыг урагшлуулах, дэлхийн нийтийн сайн сайхны тулд хамтран ажиллах салбарыг тодорхойлсон. Хоёрт, АНУ-ын эрх ашиг, бидний холбоотнуудын эрх ашигт хохиролтой аливаа үйлдэлд хариу барих болно гэдгийг шууд ойлгуулсан. Гуравт, тэр манай улсын тэргүүлэх зорилт, үнэт зүйлсийн талаар надаас шууд сонссон” гэж дүгнэжээ.



Холбоотой мэдээ