НҮБ: Дүрвэгчдийн тоо эрс өслөө
ДэлхийХүчирхийлэл, хүний эрх зөрчигдсөнөөс үүдэн орон гэрээ орхихоос аргагүй болсон хүний тоо дэлхий даяар 82.4 сая болж өсчээ.
Энэ нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин их үзүүлэлт бөгөөд статистик гаргаж эхлэснээс хойших хамгийн өндөр зүүлэлт гэж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын шинэ тайланд өгүүлжээ.
Цар тахлын үед улс хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан ч 2020 онд дүрвэгсдийн тоо гурван сая орчмоор өссөн байна.
Сүүлийн 10 жилийн туршид үргэлжилж буй энэхүү үзүүлэлтийн нэмэгдэх хандлагыг зогсоох шаардлагатай гэж НҮБ уриалжээ.
2020 оны сүүлээр ҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын мандаттай 20.7 сая дүрвэгч, Палестины 5.7 сая дүрвэгч, хямралын улмаас эх орноо орхихоос аргагүй болсон Венесуэлийн 3.9 сая дүрвэгч бүртгэгджээ. Харин 48 сая хүн дотооддоо шилжсэн байна. Түүнчлэн бусад орнуудад орогнол хүссэн 4.1 сая хүн бүртгэгджээ.
Дэлхийн дүрвэгсдийн гуравны хоёр нь таван улсаас гаралтай
Орон гэрээ орхихоос аргагүй болсон хүмүүсийн бараг тал орчим хувь буюу 42 хувь нь хүүхдүүд байгаа гэнэ.
ҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын мэдээлснээр, 2018-2020 оны хооронд дүрвэгсдээс сая орчим хүүхэд төржээ.
Энэ байдлаараа тэд олон жил дүрвэгч хэвээр үлдэнэ гэж НҮБ онцолсон байна.
Дүрвэгсдийн гуравны хоёр нь Сири, Венесуэл, Афганистан, Өмнөд Судан, Мьянмар гэсэн таван орны иргэд байгаа бөгөөд дүрвэгсдийн 86 хувийг хөрш орнууд нь хүлээж авчээ.