Статистик: Нарийн ногооны үнэ тогтвортой байна
НийгэмМахны дундаж үнэ зургадугаар сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12,630 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14,563 төгрөгийн үнэ ханштай байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 573 төгрөгөөр 4.1 хувь, үхрийн цул махны үнэ 638 төгрөгөөр тус тус өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 13,000 төгрөг, харин “E-март”, “Саруул”, “Их наяд” худалдааны төвүүдэд хамгийн өндөр үнэтэй буюу 16,500 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 399 төгрөгөөр, хонины цул махны үнэ 410 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11,000 төгрөгөөр, харин “E-март” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 14,500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ 2021 оны 6 дугаар сарын эхний долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1,500-1,800 төгрөг, 1-р зэргийнх 1,300-1,600 төгрөг, 2-р зэргийнх 969-1,100 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1,500-1,600 төгрөг, 1-р зэргийн гурил 1,300-1,400 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1,199-1,320 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1,199 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1,320 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны зургадугаар сарын эхний долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 3.0 хувиар өсч 1,688 төгрөгөөр, монгол байцай 2.0 хувиар өсч 2,633 төгрөгөөр, монгол хүрэн манжин 2.3 хувиар өсч 2,905 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.