Эрх баригч хүчнийг ХЭН удирдах вэ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-22 23:34:54

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангарагаа энэ сарын 25-нд өргөнө. 

Ингэсээр МАН албан ёсоор төр, засгийн эрхийг бүхэлд нь барьж, ирэх жилүүдэд удирдах боломжийг сонгогчид Монголын ууган хүчинд олголоо.

Харин сонгууль дуусгавар болж, сонгогчид улс төрөөс хол амар жимэр амьдралдаа эргэн орсон энэ өдрүүдэд эрх баригч хүчин дотроо эрх мэдлийн төлөө бужигнаж байна. 

М.Энхболдыг УИХ-ын даргаас “татан буулгасан” өнөөдрийн төрийн өндөр албан тушаал хашиж байгаа эрхмүүд намдаа хэр хүчтэй, нөлөөтэйг одоо л харах цаг, уг нь. 

Юун түрүүн МАН-ын даргын төлөөх тэмцэл өрнөж, фракц бүлэглэлүүд өрсөлдөж байгаа.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар томилно гэсэн эхний хувилбар яригдаж байсан. Гэсэн хэдий ч бүлэглэлийн өрсөлдөөн дунд шууд тодрон сонгогдохгүй бололтой.

МАН-д хүчтэй байсаар ирсэн фракц бол хотынх. 

Хэсэг хугацаанд чимээгүй оршиж байсан хотын фракцынхан энэ удаад үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн нь тодорхой. 

Тиймээс ч  МАН-ын даргын албан тушаалд анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Мөнхбат нар яригдаж байсан бол эдүгээ сценари өөрчлөгдсөн.

 Хоёрхон хоногийн дараа намын даргаа сонгохоор төлөвлөсөн их хурлын товыг өөрчилсөн нь фракцуудын зөрчилтэй холбоотой.

Харин намын даргын сонгогдох дараагийн хувилбар нь Л.Оюун-Эрдэнэ, М.Энхболд, Сү.Батболд, Д.Хаянхярваа нар яригдаж байна.  

Намын бага, их хурал цахимаар явагдана.

Цахим хуралдаанд МАН-ын их хуралдаа төлөөлөгчөөр оролцохоор намын анхан шатны байгууллагууд  эртнээс бэлтгэцгээсэн.

Гэсэн хэдий ч цахим хуралдаанд цөөн тооны төлөөлөгч оролцуулахаар төв аппаратаас мэдэгдсэн нь намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан бололтой.

Гишүүдийн гэхээсээ фракц, бүлэглэлийн төлөөлөл намын анхан шатны байгууллагуудад байгаа.

Тиймээс тэд “дээрээс өгсөн чиглэлийн дагуу төлөөлөгчөөр сонгогдохоор өрсөлдөж байгаа.

 Эрх баригч хүчний намын дарга өнөөдөр эрх мэдлээрээ Ерөнхийлөгчийн албан тушаалаас ч  том суудал. 

Засгийн газрыг хууль тогтоох дээд байгууллагатай нь бүхэл нь удирдаж, Ерөнхийлөгчтэй зөвхөн  "зөвшилцөнө".

МАН-ын дүрэмдээ “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан байгаа.  

Энэ удаад Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгохгүй бусад гэвэл дараа дараагйин хувилбар яригдана. Дараагийн Засгийн газраас эхлээд УИХ-ын нөхөн сонгуульд ч нөлөөтэй. 

Хэрвээ парламентын гаднах эрхмийг сонговол нөхөн сонгуулийн хоёр тойргийн аль боломжит хувилбарт эрх баригч хүчин шинэ даргаа “сойно”.

Парламент дотроос сонгогдвол шинэ Засгийн газар байгуулагдана.

Л.Оюун-Эрдэнийн талынхан “Засгийн газрыг тогтвортой ажиллуулж, урт хугацааны бодлого, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь чухал”  гэсэн зарчмыг барьж, намын гишүүдийнхээ дэмжлэгийг авах гэж зүтгэх нь тодорхой.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын энэ үед цар тахлын халдварын тархалт дээд цэгтээ хүрч, нас баралт нэмэгдэж, нийгэм бухимдалд гэхээсээ айдаст автаад байгаа.

Тиймээс олон нийт цар тахлын халдвараас урьчдилан сэргийлэх арга хэмжээний талаарх сүржин шийдвэрийн ард даржин бэлтгэл хүлээж байсны бурууг Л.Оюун-Эрдэнэ бус У.Хүрэлсүхэд хаяглаж байгаа.

Цар тахлын энэ үед эрх баригчдын үйл ажиллагаа тогтвортой, эс тогтвортой байх нь олон нийтэд хүртээлгүй, зөвхөн эрүүл байх нь нэн тэргүүний асуудал болоод байгаа юм.

 Түүнээс гадна МАН МАХН нэгдэх процесс явагдаж байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Н.Энхбаяр МАН-д гаднаас  нөлөөлж, чиглүүлж байсныг  шинээр сонгогдсон Ерөннхийлөгчийн үйлдэлүйл явдал гэрчилнэ. 

Басхүү намын даргыг сонгоход ч Н.Энхбаярын нөлөөтэй нэгэн.  

Энэ сарын 24-нд товлогдсон МАН-ын их хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон эрх баригч хүчний шинэ дарга шинэ Ерөнхийлөгч тангарагаа өргөхтэй зэрэгцээд тодрох нь улс төрийн зайлшгүй нөхцөл үүссэн. 

МАН-ын даргаар хэн сонгогдохоос хэний фракц хүчтэй байгааг харах үлдлээ.

Холбоотой мэдээ