ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ШААРДЛАГАГҮЙ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-23 11:04:15


* Монгол улс нийт хүн амынхаа 50 гаруй хувийг вакцинжуулаад байна.  

Одоо энэ тоо цаашид маш аажуу нэмэгдэх дүр зурагтай байна.

* Үүн дээр вакциныг аль ч үед эсэргүүцдэг 10-20 хувь, 0-17 насны 1.25 сая хүн буюу хүн амын 35 хувь, халдвар авсан, эдгэсэн, удахгүй дахин авах 4-8 хувийг нэмэхээр үндсэндээ манай хүн амын тоо гарч байна.

* Хүүхдийн вакцины хувьд илүү эсэргүүцэлтэй, удаашралтай явагдах магадлал өндөр. 

Монгол улсад өнөөдөр 16-17 насны 90 мянган орчим өсвөр үеийнхэн, 12-15 насны 210 мянга гаруй, 0-11 насны 900 мянга гаруй (0-5 насны 465 мянга, 6-11 насны 450 мянга) хүүхэд байна. 

Одоо холбогдох шийдвэр гарсан ба вакцин нь байгаа тохиолдолд 12-17 насны 300 мянга орчим хүнээ дахин вакцинжуулах их ажил хийгдэх гэж байна. 

Оны эцэс, ирэх оноос үе шаттайгаар 0-11 насны 900 мянга гаруй хүнээ бас зөв бодлогоор вакцинжуулах ажил хүлээгдэж байна.

* Бусад улстай харьцуулахад вакцинд хамрагдах хүмүүсийн тоо санасныг бодоход манай улсад өндөр байна. 2.08 сая насанд хүрэгчдээс бараг 1.92 сая хүн эхний тунгаа авсан, 1,7 сая хүн 2 дах тунгаа авсан, удахгүй 200 мянган хүн 2 дах тунгаа авна гэхээр тун дажгүй сонсогдож байна. 

Гол нь вакцины чанар, дархлаа үүсгэх байдалд анхаарал тавих, дүн шинжилгээ хийх шаардлагатай байна.

* Халдвар нэгэнт тархсан байна. 

Онцгой үеийн вакцинууд бүрэн дархлаа үүсгэхгүй байна (75-90 хувьтай байна). 

Гэвч вакцинжуулалтын эерэг нөлөө удахгүй гарч халдвар, өвчлөл аажмаар буурах болно. 

* Онолын хувьд хүн амын 60-70 хувь нь дархлаажсан байж сүргийн дархлаа үүснэ гэж үздэг. 

Гэтэд вакцины үр нөлөө 80 хувьтай гэж үзэхээр дор хаяж хүн амын 75-80 хувийг вакцинжуулж байж  (энэ тохиолдолд дархлаажсан хүний тоо  нийт хүн амын дотор 60-70 хувьд хүрнэ) сүргийн дархлаа үүснэ. 

Иймд манай улс 12-17 насны 300 мянга гаруй хүүхдээ вакцинжуулах буюу дархлаажуулсаны дараа "сүргийн дархлаа" үүсгэх боломжтой.

* АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн эрүүл мэндийн салбарын зөвлөх халдварын тэргүүлэх шинжээчдийн нэг Энтони Фаучи хэлэхдээ:

"Хэдийгээр (бүрэн) вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд халдварын тохиолдол байдаг боловч тэдгээр нь бараг үргэлж шинж тэмдэггүй байдаг. 

Вирусын түвшин маш бага тул тэд халдварыг цааш дамжуулах магадлал тун бага юм" гэжээ. 

Үнэхээр л эсрэгбиет, дархлаа үүссэн бол бүрэн ВАКЦИНЖСАН ХҮН ХАЛДВАР ТАРААХГҮЙ. Баттай хэлье.

* Зуны дэлгэр богинохон цаг болж байна. 

Хүн амаа агаар салхинд гаргаж, дархлаа эрүүл мэндийг дэмжих учиртай. 

Гол нь олон нийтийн арга хэмжээг л хязгаарлах, нийтийн дундах халдвараас хамгааллыг иргэддээ сайн ойлгуулах замаар ХАТУУ ХӨЛ ХОРИОГҮЙ ЗУН болгох зөв ухаалаг бодлого шийдвэр гарнаа гэж найдаж байна.

АЙДАСГҮЙ, АМАР ТАЙВАН ЗУН БОЛТУГАЙ.

Б.Арвинбаяр, Молекул биологич

Монголын Биотехнологийн Нийгэмлэг




Холбоотой мэдээ