ПУТИНЫ ЖОГОТОЙ ИНЭЭВХИЙЛЛИЙН УЧИР

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-23 23:00:08

Саяхан Оросын ерөнхийлөгч Путин Америкийн ерөнхийлөгч Байдентай уулзалт хийх үеэр америкийн сэтгүүлчид ярилцлага өгчээ. 

Тэр сурвалжлагч асуултынхаа дундуур "Хэрвээ Хятад улс Тайвань руу халдан довтловол Орос улс ямар байр суурь баримтлах вэ?" гэдэг асуулт тавихад Путин хэсэгхэн зуур бодлогоширсноо царайд нь шоолонгуй инээвхийлэл тодроод 7 секунд болсныг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тооцоолсон байх юм. 

Тэгээд тэр бүхний хариуд "Би хариуцлагатай том гүрний удирдагч хүн. Хэн нэгэн хүний хэрвээ гэсэн төсөөлөл төдийхөн асуултанд автаад хөнгөн хуумгай хариулт өгвөл харин ч маш хариуцлагагүй хэрэг болох бус уу?" гэж товчхон хариулт өгсөн аж. 

7 секунд үргэлжилсэн Путины зальжин инээвхийллийн цаана ийм нарийн нандин хариулт өгөх дотоод сэтгэлийн гүн дэхь том лаборатори ажиллаж байсан ч юм бил үү? 

Их гүрний төрийн хүнээ бэлдэх ухаан гэж ийм л нарийн нандин зүйл байх юм даа. 

Хятад улсын хүчин чадал сул дорой байх үед америкийн тагнуулын нисэх онгоцууд дураараа тус улсын хил хязгаар дээгүүр нисдэг байж л дээ. 

Гэтэл гэнэт Хятад улс Америкийн маш өндөрт нисэх чадвартай тагнуулын нисэх онгоцыг унагасан гэдэг. 

Нэгэн удаагийн Хятадын гадаад явдлын яамны хэвлэлийн бага хуралд оролцож байсан тухайн үеийн Хятадын ГЯЯ-ны сайд Чэнь Игээс гадаадын нэгэн сэтгүүлч "Саяхан Америкийн тагнуулын нисэх онгоцыг Хятадын тал сөнөөж чадсан. 

Түүнийг ямар зэвсгээр сөнөөчихөв?" хэмээн асууж л дээ. 

Иймэрхүү тохиолдолд дийлэнх улс орны албаны хүмүүс "Улсын аюулгүй байдалтай холбоо бүхий асуудал учраас хариулах боломжгүй." хэмээх албархуу хариу хэлээд орхино биз. 

Гэтэл Чэнь И ГЯЯ-ны сайдын хариулт их сонин бөгөөд шулуухан. 

Тэр нь юу хэмээвээс "Бид чавхаар харваад унагачихсан." гэж хэлсэн нь танхим дүүрэн инээд үүсгээд өнгөрсөн төдийгүй тэр сайдын саруул ухааны илрэл хэмээн одоо хир нь олон улсын харилцааны сурах бичгүүдэд бичиглэгдэн үлдсэн гэдэг юм шүү. 

Путины саяын зальжин инээдийн жишээ ч гэсэн олон улсын харилцааны сурах бичигт дурсагдан үлдэх буй за.


Холбоотой мэдээ