Ээждээ ирэх гэж ирсэн хэдэн бүлтгэр үрээ хаана нуух билээ гэж сэтгэлээ “сэмэртэл” уйлж хүртэл үзсэн.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-24 00:09:24

“Ойр, ойрхон төрж, олон хүүхдийн ээж боллоо. 

Эхний амьдрал чинь бүтээгүй байхад дахиж, амьдрал зохиох гэлээ. 

Хүүхдүүдээ чирээд олон нийтийн газраар хэслээ” гэж бусдад чичлүүлж, хэн нэгний харцнаас дальдчиж, олон хүүхэд төрүүлсэн нь буруу юм шиг санагдаж, энэ нийгэмд ад, шоо үзэгдэж, амьдрал ямар хэцүү юм бэ гэж эгч нь бодож явлаа. 

Нэгэнт л бий болчихсон амьдралын бэлгээ би хааш нь буцаах юм бэ. 

Ээждээ ирэх гэж ирсэн хэдэн бүлтгэр үрээ хаана нуух билээ гэж сэтгэлээ “сэмэртэл” уйлж хүртэл үзсэн. 

Юу ч өөрчлөгддөггүй юм билээ. 

Гэхдээ сайн явбал хормойноос салдаггүй, саар явдал хад, чулуу ч гэж хардаггүй хүрээллээсээ холдож, бүгдийг өөрчилсөн. 

Одоо би, миний хүүхдүүд, гэр бүл минь бүхнээс илүү жаргалтай байгаа. 

Учир нь тэд минь элэг бүтэн, эрүүл энх байгаа болохоор” хэмээн сэтгэлийн гүнээсээ ярих бүсгүйг В.Бадамханд гэдэг. 

Тэрбээр одоо 0-20 насны хоёр охин, долоон хөвгүүний ээж. “Тэртээ холын мөрөөдлөөс тэмцэж босгосон миний амьдрал сайхан” хэмээн өгүүлэх эгэл жирийн монгол эмэгтэй.

Автобусны буудлаас эхлээд, түүний гэр рүү нь очих хүртэл хашааны булан тохой бүрт хөвгүүд нь нэг, хоёроороо угтан биднийг тосож, газарчлав. 

Амгалан захаас хойш хоёр гудамжны цаана байрлах 4х5 ам метр хэмжээтэй шавар байшинд орлоо. 

Хүүхдүүдийн цангинасан хоолой, нялх хүүхдийн хамар цоргим тансаг үнэр, дэггүйтэн гүйх балчир үрийн хөлийн чимээ, залуу хосын харц цаанаа л дулаахан сэтгэгдэл төрүүлнэ.


В.Бадамханд амаржаад удаагүй. 

Ес дэх хүүхдээ хийсвэрээр төрүүлж, эмнэлэгт хэд хоноод саяхан гэртээ иржээ. 

Гэрийнх нь хойморт байрлах бор модон орон дээр улбар шар малгайтай, цагаан өнгийн өлгийгөөр гангарсан нялх үр нь үнэгчлэн хэвтэнэ. 

Харин ээж нь хийсвэрээр төрсөн шинжгүй гурван настай хүүгээ эрхлүүлэнгээ бидэнд цай аягалав. 

Бидний яриа түүний анх ээж болсон түүхээс эхэллээ. 

Тэрбээр “Анх ээж болсноо гурван сар мэдээгүй явсан. 2000 оны хавар дөнгөж хувийн эмнэлэг эхотой болж байхад жирэмсэн боллоо.

Эмчид үзүүлтэл “Чи бараг жирэмсэн юм шиг байна. 

Эхоны эмнэлэгт үзүүлээд хүрээд ирээрэй” гээд явуулав. 

Дөнгөж хорин нас хүрч яваа охин айх, гайхах зэрэгцээд Сансарын тунелээр ухаан мэдрэлгүй юм шиг л өнөөх эмнэлэг рүү нь алхав. 

Эхоны эмч “Шээстэйгээ ирсэн үү” гэхээр нь үгүй л гэж хариулав.

“Тийм бол үзэх боломжгүй.

Жаахан байж байгаад шээстэйгээ хүрээд ир” гэв.

Би ч гэртээ харих замдаа өөртөө компот авч, түүнийхээ шилэнд шээгээд буцаад эмнэлэгтээ ирэв.

Харин эмчийг “Шээстэйгээ ирсэн үү” гэж асуухаар нь өөртөө итгэлтэй нь аргагүй тийм л гэж хариулсан юм.

Эмч намайг орон дээр хэвтүүлж үзсэнээ “Шээс байхгүй байна” гэхээр нь цүнхэнд барианы шилэнд байгаа гэж хариулаад эмнэлгээр нэг шоолуулж байлаа.

Тэгж л эход үзүүлэхдээ давсгандаа шээстэй очих ёстой юм байна гэж мэдсэн (инээв).

Ингэж л хөглөж, анх ээж болсноо мэдэж байлаа.

Тэр үеэс хойш хоёр жилийн зайтай долоон хүүхдийн ээж болсон.

Олон хүүхэдтэй миний амьдрал тийм ч сайхан, дардан байгаагүй ээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд олон жил дарлуулж, архины хамааралтай нөхрийнхөө гарын шүүс болж амьдарсан амьдралаа эргээд бодохоор одоо айж байна.

Эмэгтэй хүн гэдэг чинь хүнд нэг итгэхээрээ хамаг залуу насаа гаргуунд нь гаргадаг юм билээ.

Гоё сайхан үгэнд хууртаад голоо тасартал тэвчиж үзсэн.

“Одоо л гайгүй болчих болов уу, ингээд л бидний амьдрал сайхан болно.

Хэдэн үрээ өнчрүүлээд яах вэ” гээд 14 жил тэмцсэн.

Эцэст нь, би өөрөө тэр гэрээс долоон хүүхдээсээ өөр юм авалгүй шалдан шахуу гарсан даа” хэмээн санаашрав.

Тэрбээр хоёр жил гаруй хугацаанд өрх толгойлсон ээжийн амьдралаар амьдарч, 2016 онд дахин амьдрал зохиожээ.

Дахин амьдрал зохионо гэдэг түүний хувьд амаргүй даваа байсан нь тодорхой.

Түүний одоогийн нөхөр А.Батбилэг 35 нас хүртлээ ганц бие амьдарсан ч одоо есөн хүүхдийн аав, хариуцлагатай нэгэн болжээ.

Тэрбээр “Анх долоон дагавар хүүхэдтэй хүнтэй суух гэлээ гээд хүн бүхэн дургүйцэж байлаа.

Гэхдээ би энэ чинь миний амьдрал гэсэн гэгээн бодолдоо чин сэтгэлээсээ итгэсэн учраас энэ айлын тэргүүн болж орж ирсэн.

Одоо энэ хэдийн минь харц тайван, хүүхдүүд минь хичээлдээ онц сураад, сайхан байна” гэв.


“МАНГАСЫН АМАНД НҮДНИЙ ШИЛ ЗАРЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛДАГ”

Тэд хүүхдүүдээ өсгөхийн тулд “Нарантуул” захын хойд хаалганд байрлах хар захад нүдний шил зардаг гэнэ. 

Энэ талаар гэрийн эзэгтэй “Би гурван жил нүдний шилний лангууны худалдагч хийсэн. 

Өдрийн цалин нь 10000 төгрөг, заримдаа юм зарахгүй бол гэртээ хоосон ирдэг байлаа. 

Тэгээд нүдний шилний бөөний төвийн эмэгтэйг таньдаг болж өөрөө шил зарж эхэлсэн. 

Хар захад маш хямдхан буюу шинэ шилийг 5000 төгрөгөөр зардаг. 

Улирлын чанартай учраас өвөлдөө гэртээ байдаг. 

Хүн нээрээ зовлон даадаг хэрнээ жаргал даахгүй гэж үнэн үг шүү. 

Өмнө нь хүүхдүүдээ өсгөхийн тулд хоёр давхар ажил байнга хийдэг. 

Нялх биетэй хэрнээ, оройн цагаар паб, караокед тогооч, өдөр нь үйлчлэгч гээд хийгээгүй ажил байхгүй. 

Одоо нөхөр маань олсон мөнгөө хүүхдүүдээ зарцуулж байгаа болохоор сэтгэл амар, нялх хүүхдээ хараад гэртээ байна. 

Жаргах хүний зовлон түрүүлж ирдэг гэдэг үнэн байх (инээв).

“ЯМАР ОЛОН ТӨРДӨГ ЮМ БЭ. ОДОО БОЛИОЧ ГЭЖ ХЭЛДЭГГҮЙ САЙН ЭМЧ БОЛНО”

В.Бадамхандын есөн хүүхдийн гурав нь 0-5 настай. 

Харин том хүү нь МУБИС-ийн Түүх, нийгмийн багшийн ангийн оюутан. 

Үлдсэн хэд нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч. 

Тэд сургуулийнхаа шилдэг сурагчид бөгөөд хичээлдээ онц сурч, ээжийнхээ ачийг хариулж байгаа гэнэ. 

Том хүү нь элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгч, сургуульдаа үнэ төлбөргүй сурдаг гэсэн. 

Биднийг очих үеэр түүний том хүү айлын хүүхдэд түүхийн хичээлийн чиглэлээр давтлага өгөхөөр гарч байсан юм. 

Харин ээж нь түүний араас “Хэдэн хүүхдээ ямар ч гэсэн их сургуулийн босго давуулж, мэдлэгтэй болгоно доо. 

Миний хүүхдүүд чинь хичээлдээ онц сурдаг сайн хүүхдүүд шүү” хэмээн охиныхоо духан дээр нь үнэрлэв. 

Харин IV ангийн охин нь “Би эмч болно. 

Дүүгээ өвдөхөд нь үздэг эмч болно. Олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйд “Ямар олон төрдөг юм бэ. 

Одоо болиоч гэж хэлдэггүй сайн эмч болно” цовоо цалгиунаар сэтгэл өвдтөл хэлэв. 

Энэ талаар ээжээс нь тодруулахад “Манай өрхийн эмч нар хэцүү шүү. 

Ес дэх хүүхдээ олоод очиход “Ямар олон төрдөг юм бэ. 

Одоо болих болоогүй юу” гэж хэлсэн. 

Түүнийг л охин минь их эмзэг хүлээж авчээ” гэлээ. 

Харин тэдний бага хүү нь идээн дээр тавьсан гурилан боовыг ах эгчдээ нэг, нэгээр тарааж өгч байв. 

Урт сормуус, өтгөн хөмсөгтэй энэ “залуу”-г Б.Тулуй гэдэг. 

Тэр одоо гурван настай бөгөөд гэрийнхээ хамгийн царайлаг нь гэлтэй. 

Түүнээс чи яагаад ийм хөөрхөн юм гэхэд “Энэнээс л болж байхгүй юу” гэж аав руугаа зааж гэрээр нэг инээд болов.

“ОЛОН ХҮҮХЭДТЭЙ УЧРААС ТҮРЭЭСИЙН БАЙР ОЛДДОГГҮЙ”

Инээд хөөр, баяр баясал тасардаггүй эднийх сэтгэлд нэг л дулаахан. 

4х5 ам.метр хэмжээтэй шавар байшин түрээсэлж амьдардаг тэдний туйлын зорилго нь өөрийн гэсэн хашаа, байшинтай болох гэнэ. 

Одоо амьдарч байгаа байшингаа жилийн хугацаатай, сарын 150 мянган төгрөгөөр түрээслэжээ. 

Энэ талаар гэрийн эзэн А.Батбилэг “Айл, айлын хашаа дамжаад явж байна. 

Манайх олуулаа учраас түрээслэгч нар тэр бүр хашаандаа байлгах дургүй. 

Олон жил хүн амьдраагүй, муудаж, нар салхи сийгсэн иймэрхүү л байшин олддог. 

Засаж янзлаад тухтай амьдрах гэхээр л жилийн дараа гэрээ нь дуусаж, өөр байшин хайх болдог. 

Гэхдээ дөрвөн мөчөө хөдөлгөж байхад зорилгодоо хүрнэ гэж итгэдэг. 

Ямар ч гэсэн хэдэн хүүхдээ дулаахан, өөрийн гэсэн гэр оронтой болгоно” гэж ярив.

“ХООЛ АЯГАЛАГЧ ӨӨРТӨӨ ИЛҮҮГ АВДАГ”

Тэдний өдрийн хоолны цаг болж байгаа бололтой. 

Хөвгүүд ажлаа хуваарилж аваад, нэг нь төмс арилгаж, нөгөө нь мах, гурилаа бэлдэв.

Харин үлдсэн нь усандаа явж, нэг нь галаа өрдөв.

Хорин литрийн том ширмэн тогоонд шөлтөй хоол хийхээр зэхэж байлаа.

Ээж нь нялх биетэй учраас хоол хийлгүй удаж байгаа гэнэ.

Мөн охин нь ах нарынхаа хиртэй хувцсыг ялгаж байв.

В.Бадамханд “Хүүхдүүд том болох ч сайхан юм.

Эд өөрсдөө хувцсаа угааж, хоолоо хийдэг.

Нэгнийхээ хичээлийг давтуулна.

Ус, түлээгээ бэлдэнэ.

Би ч хийсэн юмгүй, охиноо хөхүүлээд л өдрийг өнгөрөөж байна.

Аав нь өдөртөө таксинд явж, өдрийн хэрэглээний хүнсээ авна тэгээд л манай нэг өдөр өнгөрдөг.

Хүүхдүүд өглөө ээлжээр босож, галаа түлж, цайгаа чанана.

Нээрээ, инээдэмтэй юм ярихад, манайх олуулаа учраас хоол хийх, аягалах сайн дурын хүн олон бий.

Учир нь хоол аягалах хүн өөртөө ахиухан хийдэг байхгүй юу (инээв).

Удахгүй “Мартын-8” боллоо.

Эд нартаа тахианы махтай шөл, пицца хийж өгөхсөн гэж бодож сууна.

Манай хүүхдүүд миний хийсэн бүх хоолонд дуртай ч бид тансаглахаараа энэ хоёр хоолыг хийж иддэг юм.

Олуулаа учраас гадуур явах дургүй.

Зуны цагт голын эрэг дээр очиж, хүүхдүүдээ баярлуулдаг.

Баярын үеэр хүүхдүүд маань, ялангуяа охин минь надад ил захидал бичдэг” хэмээв.


Амьдрал гэдэг заримдаа шиврээ бороо мэт. 

Намуухан орох тусам өвс, ургамал шиг ургаж, өнгө ордог. 

Харин заримдаа аянга цахилгаантай бороо ч юм шиг. 

Тэгэхээр хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн гэлтэй. 

Гэргийнх нь нэрээр зорьж очсон айлаасаа гэрийнх нь эзнээр үдүүлж, буцах цаг болов. 

Биднийг гарахад В.Бадамханд эгч “Амьдрал дандаа муу, муухай байдаггүй. 

Алдаатай, оноотой амьдралд минь бурхны илгээсэн бэлгийг би 40 нас хүртлээ хүртэж есөн сайхан үртэйгээ жаргалтай, сайхан амьдарч байна. 

Би хүүхдүүдээ хүнийг хайрладаг, ойлгодог, хүндэлдэг, зүтгэл, тэмүүлэлтэй байгаасай гэж хүсэж, хүмүүжүүлэхийг хичээдэг. 

Миний мөрөөдөл биелж л байна” хэмээгээд инээмсэглэн үдлээ.

Аз жаргал, амжилт хүсье.

Холбоотой мэдээ