30-40 сая Курдууд тусгаар тогтнолынхоо төлөө 100 жил байлдаж байна.
ДэлхийКУРДУУД монголчууд бидэнтэй зэрэгцээд өнгөрсөн зууны хориод оноос эхлээд тусгаар тогтнолынхоо төлөө зуун жил тэмцэн байлдаж байгаа ч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй л байна.
Дэлхийн нэгдүгээр дайнд туркийн талд байлдсан курдуудад уг нь аль 1920 оны Турк-Антанта хоорондын Севрийн гэрээгээр Курдистан хэмээх тусгаар улс байхаар тусгагдсан боловч 1923 оны Лозаннагийн гэрээгээр энэ нь хүчингүй болж курд үндэстэн дөрвөн хэсэг болон хуваагдан одоогоор Туркт 15 сая, Иракт 7 сая, Иранд 4 сая, Сирид 2 сая курдууд амьдарч байна.
Курдууд 1924-1939 он хүртэл туркуудтэй тэмцээд дийлээгүй дэлхийн хоёрдугаар дайнтай золгосон бөгөөд 1941-1945 онд ираны курдууд босон тэмцээд 1946 онд холбоотны мэдлийн Ираны азербайджаны нутаг дээр Сталины дэмжлэгтэйгээр зөвлөлт маягийн Курдистан улсыг байгуулсан ч оросын цэрэг тэндээс гарсны дараа жил ч хүрэлгүй 11 сар болоод иранчуудад устгагдан, удирдлагууд нь дүүжлэгдсэн юм.
1960 оноос ЗХУ коммунизмаа экспортлох ажлын хүрээнд Туркэд Ажилчны нам, 1978 онд Курдистаны ажилчны намыг байгуулж курдуудыг эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө дахин өдөөж өгсөн юм. Саддам Хусейнд адлагдан байсан курдууд тусгаар тогтнох горьдлого өвөртлөн наяад онд иран-иракийн дайнд ираны талд байлдаад мөн л талаар болсон. Ерээд онд курдууд Америкийн талд Саддам Хусейний армийн эсрэг хамаг чадлаараа байлдаж Иракийн курдууд арайхийж нэг автономит эрхтэй болсон ч өнөөдөр тэр нь хутганы ирэн дээр байна.
Сирийн дайныг далимдуулан тусгаар тогтнолоо олчих санаатай курдууд оросын талд ч америкийн талд ч туркийн талд ч Ассадын талд ч Багдадын талд ч орж тэдний гол дайсан исламын улсын дайчдыг даралцахад голлох үүрэг гүйцэтгэн, ёстой далайсан газар нь далд орж далласан газар нь ил гарч бүгдэд нь хүчин зүтгэсэн ч дэмжиж байсан бүх талууд нь өнөөдөр нүүр бууруулан, бүр автономит статусаа туркуудад арчуулах дээрээ тулаад байна.
Улс орных нь талыг эзлээд байсан исламын улсаас курдууд л Сири Иракийг саяхан чөлөөлсөн. Туркууд өөрийн курдууд болон сириэс дүрвэж ирсэн курдуудыг зэвсэглэн исламын дайчдын эсрэг илгээсэн нь сайндаа ч биш дайсныг дайснаар нь цохиж курдуудын тоог аль болохоор цөөрүүлэх бодлого байсан юм. Гэтэл курдууд америк оросын агаарын цэргийн хүчтэй дэмжлэгтэйгээр исламын улсын эсрэг дайнд ялалт байгуулж улам бүр хүчээ зузаатган бүр туркийн хилийн дагуу хилийн цэргээ байгуулж, Иракийн Курдистаны тусгаар тогтнол, Сирийн Курдистаны холбооны улсын статусыг зарлаж орхисон нь Эрдоган Сирид цаашлаад Иракт байгаа курдуудыг газрын хөрснөөс арчих цэргийн ажиллагаанд хүргэсэн юм.
Эрдоганы энэхүү төлөвлөгөөг Орос Америк Иран бүр Ассад хүртэл ил далдуур дэмжиж оросууд Афринаас цэргээ гарган, Америкууд 2000 пуужингийн нэгэн зэрэг цохилтоор Сирийг эзлэн түрэмгийлж Ассадыг унагах төлөвлөгөөнөөс Оросын шахалт сүрдүүлгээр татгалсан төдийгүй Сириэс цэргээ гаргахаа амлаж, туркууд сирийн сөрөг хүчний зарим нэг ар тал хангалтын чухал бааз нисэх буудлыг Ассадад найр тавин өгөх зэргээр бүх улсууд туркуудэд ногоон гэрэл асааж байгаа нь сирийн дайнд Ассадыг бус курдуудыг бутниргэх шинэ эрин үе эхэлж байна.
Туркууд төлөвлөгөө ёсоор Африныг эзлээд цаашлаад америкийн хяналтанд байгаа курдын Манбижыг дайлаар мордон Курдын ажилчны намын дайчдын хяналтанд байгаа Иракийн Синджарыг эзлэн Сири Иракийн Курдистаныг бүхэлд нь бут ниргэх бодолтой байна. Иракийн Курдистаны тусгаар тогтнолын асуудлаар Иракт болсон бүх нийтийн санал асуулгад 93 хувь нь Курдын тусгаар тогтносон улс байгуулахыг дэмжсэн боловч НҮБ болон дэлхийн ихэнх улс орон түүний дотор курдуудыг сүүлийн гучаад жил дэмжиж зэвсэглэж ирсэн Америк ч курдын тусгаар тогтнолыг дэмжилгүй Багдадын талд орж эхэлсэн. Дэлхий нийтийн дайсан Исламын улс бүлэглэлийг устгахад гол үүрэг гүйцэтгэсэн курдуудыг Анкара арчихад НҮБ болон их гүрнүүд цаашид ч нүдээ анин мэдээгүй царай гаргах шинжтэй.
Курдуудын пешмерга болон Курдистаны аюулаас хамгаалах байгууллагыг анхнаас байгуулахад тусалж байсан Израиль л ганцхан өнөөдөр курдуудыг тууштай дэмжиж байгаа нь сайндаа ч биш тэднийг үргэлж арабуудын эсрэг барих мод хэрэгслэл болгон ашиглах стратегитэй нь холбоотой.
Өнгөрсөн зуун жилийн явцад өөрийн гэсэн эх оронтой болчих туйлын эрмэлзлэл итгэл зүтгэлтэй курдуудыг Турк Иран Ирак Сири Орос Америк ч ялгаагүй өөр өөрсдийн явцуу эрх ашиг, бие биенийхээ эсрэг дайн байлдаан өдөөн хатгалгад зөвхөн ашиглаа л хаяж байгаа нь үнэхээр хөөрхийлөлтэй.
Тусгаар тогтнол бол аливаа үндэстэнд азаар биш заяагаар өгөгддөг Бурханы ивээл бөгөөд гурав дөрвөн улсыг дамнан гуч дөчин саяуулаа амьдарч байгаа курдууд эрх чөлөөтэй туурга тусгаар үндэстэн болох горьдлого тээн тусгаар тогтнолынхоо төлөө зуун жил тэмцэн байлдаж тэд үүнийхээ төлөө голдуу бусдын золиос болж байгааг бид зүгээр нэг хараад өнгөрөх биш зуугаад жилийн өмнө 1921-03-18-нд ганц шөнийн дотор олж түүнийгээ дөчин жил байлдан тэмцэж байж баталгаажуулсан эх орон тусгаар тогтнолоо бид нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах нь монгол хүн бүрийн эрхэм үүрэг гэдгийг улам ихээр ухаарах цаг болжээ. ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ