ХАЗААРУУД харийн нутагт хавчигдаж амьдарж байна.

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-24 22:25:26

ХАЗААРУУД харийн нутагт хавчигдаж хаашаа явахаа мэдэхгүй эх орон ч үгүй тэд эхнэр хүүхдээ тэжээхийн тулд хүний газар гүний нутагт хөлсний цэрэг болохоос ч өөр зам алга. 

Тухайлбал:

2014 онд Ираны нутаг дэвсгэр дээр байгуулагдсан хорин мянган хүнтэй хазааруудын хөлсний дивиз нь сургалт зэвсэг техник бүх хангалтаа Ираны армиас авч хазаар дайчид нь ээлж ээлжээр Сирийн нутагт орж Ассадын дайснуудыг бутцохиход чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Сайн дурын эдгээр дайчид сард 500 долларын цалинтай, ихэвчлэн Афганаас дүрвэж ирсэн шийт шашинтай хазаруудад Иранд 10 жилээр оршин суух эрх олгож байлдаанд нас барсан тохиолдолд ар гэрт нь Ираны иргэншил өгдөг. 

Нэг сарын цэргийн бэлтгэл сургууль хийгээд Сирийн фронтод хамгийн хүнд хэцүү галын тэргүүн шугаманд тэд байлдахад зуугаас арвантаван хазаар дайчин амьд үлдэх тохиолдол ч бий. 

Хазаарын дивиз Сирийг чөлөөлөх бүх шийдвэрлэх тулаанд орж дивизийн хоёр захирагч, 2000 гаруй хазаар дайчид амь үрэгдэж 8000 гаруй нь шархадсан.

Афганд аль наяад онд зөвлөлтийн цэрэгтэй, дараа нь талибуудтай байлдаж сурсан хазарууд Ассадын гол дайсан Сирийн чөлөөт арми, Исламын фронт, Ан-Нусрагийн фронт, Исламын улсын эсрэг байлдаж Дарьяа Идлиб Алеппо Пальмир зэрэг ихэнх хот сууринг чөлөөлөхөд голлох үүрэг гүйцэтгэсэн. 2018 оны өвлийн тулалдаанд Америкийн хяналтанд байсан Евфрат голын баруун эрэг дэхь нефть хийн байгууламжийг эзлэн авах зорилгоор хазаарууд оросын гэрээт вагнерууд сирийн армийн 4-р дивизийн дайчдын хамт голыг гатлан дайраад америкуудад бөмбөгдуулөн бүгдээрээ алуулах шахан алдан /сири орос хазар нийлээд 250 хүнээ алдсан/ оросын холбогч офицерүүдийн тусламжтайгаар америкийн бөмбөгдөлтийг арайхийж зогсоосон юм.

Хазаарчууд ийнхүү нэг талаас Афганаас гадуурхагдан дүрвэсэн, нөгөө талаас Иран төвтэй шийтийн шашныг хамгаалах суртал ухуулгад автагдсан "Фатимиюн" дивизийн боевик болж харагдаж байгаа ч ахуйн талаасаа дээшээ тэнгэр хол доошоо газар хол гэгчээр өөрийн гэсэн эх орон газар нутаггүй тэдэнд ар гэр үр хүүхдээ тэжээхийн тулд, аль нэг улсын иргэншил паспорт тэдэндээ олж өгөхийн тулд амиа золиослон хөлсний цэрэг болохоос ч өөр арга зам байхгүй юм. 

Дэлхий нийтийн цэрэг-улс төрийн нөхцөл байдлыг ялгаж салгах нь бүү хэл бичиг үсэг мэдэхгүй хазаарын арвантав зургаатай хүүхдүүд хүртэл ариун шийт шашнаа хамгаалж буй ойлголтын дор ар гэрээ тэжээхийн тулд байлдаж байна.

Сүүлийн үед нэг талаас Ассад Орос Ираны эвсэл нөгөө талаас Америк тэргүүтэй барууны эвсэл исламын дайчдыг бүслэн бүрмөсөн устгахын оронд хүмүүнлэгийн коридор гарган тэднийг дайны хөлөөс зайлуулснаар асар их байлдах туршлагатай исламын дайчид Ойрхи дорнод төдийгүй Афган Дундад Ази Сомали Мали Ливи Индонези Филиппин зэрэг дэлхийн олон өнцөг булан бүрд дүрвэн тархаж байгаа нь тэдэнтэй хэзээ нэгэн цагт дэлхий нийтээрээ дахин нэг дайтах аюул учруулж байгаа юм. 

2000-гаад оны эхээр америкуудтай нийлэн Афганд талибуудыг бутцохиж явсан хазаарчууд одоо Ассадын талд Иран Пакистаны шийт бүлэглэл, Ливаны Хезболлахын дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж байгаагаараа тэд удахгүй Исламын дайчдын дараагаар Америк тэргүүтэй барууны эвслийн хорхойтой араанд зуугдах төлөвтэй байна.

Бусдад үргэлж ад үзэгдэн өөрийн гэсэн эх оронгүй эхнэр хүүхдүүд нь дүрвэгсдийн хуаранд толгой хорогдон, өөрсдөө хүний газар хөлсний цэрэг болон амь тэмцэж яваа элэг нэгт хазаар эрчүүдийг хараад эх орон газар шороо бидэнд ямар их үнэ цэнэтэй болохыг улам ихээр ухаарч эцэг өвгөдөөс үлдээсэн эх орон тусгаар тогтнолоо нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах нь монгол хүн бүрийн эрхэм үүрэг гэдгийг бид гүнээ ухамсарлах ёстой. ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ 

Холбоотой мэдээ