Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөлөө

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-25 04:26:56

Монгол Улсын Төрийн тэргүүнээр 6 жил ажиллах анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөж, Төрийн далбаанд мэхийн адис авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг анх удаа 6 жилээр сонгох сонгуулийн санал хураалт энэ сарын 9-нд болсон бөгөөд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авсан. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авсан юм.

Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор УИХ-д тангараг өргөх ёстой бөгөөд тангараг өргөх товыг УИХ тогтоодог. Энэ дагуу УИХ сонгуулийн дүнгээр олонхын санал авсан У.Хүрэлсүхийг өнөөдөр 11.40 цагт тангараг өргөж буй юм. Түүнд 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан Х.Баттулга Төрийн тэргүүний тамга гардууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж үг хэлж байна. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэх болно.

Тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүхийн удирдлагууд, Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын удирдлагууд оролцож байна.

У.Хүрэлсүхийн намтар:

Төгссөн сургууль, боловсрол:

1985 онд нийслэлийн хоёрдугаар сургууль

1989 онд Батлан хамгаалахын их сургууль

1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын арга зүйч

2000 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч

Улс төр судлаач мэргэжилтэй

Ажилласан байдал:

1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч

1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан

1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх

1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал

1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч

1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх

2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч

2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд

2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд

2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч

2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга

2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2017-2021 оны нэгдүгээр сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд

2017 оноос Монгол Ардын Намын дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч

Холбоотой мэдээ