"Жагсаалын үеэр ухаан алдсан цэрэг Covid-19 халдвараар өвдөөгүй"
НийгэмМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолд зориулан Төв талбайд өнөөдөр /2021.06.25/цэргүүд жагссан.
Энэ үеэр жагсаалд оролцсон албан хаагч ухаан алдсан нь олны анхаарлыг татсан юм.
Нийгмийн сүлжээнд тухайн цэргийг Covid-19 халдвараар өвдсөн байх магадлалтай гэх таамаг дэвшүүлээд байна.
Энэ талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас тодруулахад "Жагсаалд оролцсон цэргийн албан хаагч нь наршсан байх магадлалтай.
Одоогоор биеийн байдал нь хэвийн болж, гэртээ харьсан" гэх мэдээллийг өгөв.
Тус газраас “Жагсаалд оролцсон албан хаагчид вакцины хоёр тунд бүрэн хамрагдаж 14-өөс дээш хоносон.
Өнөөдөр жагсаалын үеэр ухаан алдсан албан хаагчийн тухайд Covid-19 халдвараар өвдөөгүй наршсан байх магадлалтай.
Олон цаг амны хаалттай зогссон нь биеийн байдал хямрахад нөлөөлсөн болов уу.
Энэ нь хувь хүний бэлтгэл, зохион байгуулалтын л асуудал.
Ер нь Covid-19 халдвараар өвдсөн албан хаагч байхгүй” гэх мэдээллийг өглөө.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр ухаан алдсан цэрэг нь Хил хамгаалах ерөнхий газрын бүрэлдэхүүнд харьяалагддаг аж.
Мөн дахин нэг албан хаагч жагсаалын үеэр гэдэс нь хямарснаас ухаан алдсан байна.
Одоогоор биеийн байдал нь сайжирч, хэвийн болжээ.
Харин Хил хамгаалах ерөнхий газраас цэрэг ухаан алдсан гэх мэдээллийг үгүйсгэж байгаа юм.
Тус газрын өгсөн мэдээллээр, жагсаалд оролцсон албан хаагчид PCR шинжилгээ өгсөн ба бүгд вакцины хоёр тунд хамрагджээ. Мөн алба хаагчдаас нэг нь ч ухаан алдаж унаагүй, нас барсан ноцтой асуудал гараагүй гэх тайлбарыг өгч байв.
Ёслолын ажиллагаанд өнөөдөр 600 орчим цэргийн алба хаагчид оролцсон байна.