Ромчуудын тавьсан 2000 жилийн настай замууд яагаад өдгөө ч ашиглагддаг вэ?

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-06-25 21:03:54

Ромын эзэнт гүрний үед хийсэн чулуун зам 2000 жилийн дараа ч гэсэн бат бөх хэвээр байна. 

Ромчуудад давтагдашгүй чадвартай гар урчууд байсны дээр Ромын бетон нь ус, чийг зэрэг байгалийн хүчин зүйлд тэсвэртэйгээрээ алдартай. 

Нийт наян мянга гаруй  км үргэлжлэх уг бетонон замыг элдэв хэрэгсэл ашиглалгүй, хүний гараар барьсан юм. 

Энэхүү гайхамшиг Ромын эдийн засгийг ер бусын хурдаар тэлэх боломж олгосон билээ.

Олон мянган км үргэлжлэх энэ зам Европ даяар салаалж, Ромыг дэлхийн төв болгосон байна. 

Харамсалтай нь уг замын ихэнх хэсэг нь нурж, зарим газраараа бүр ул мөргүй алга болжээ. 

Худалдааны томоохон хотуудыг холбосон энэхүү чухал замыг Ромын эзэнт гүрэн нуран унасны дараа ч идэвхтэй ашиглаж байв. 

Их Британийн зүүн эргээс Лондиниумаас (Одоогийн Лондон) баруун эрэг дээр орших Веруламиум хот хүрэх замыг одоо Уотлинг-стрит гэж нэрлэдэг болжээ.

Тэгвэл яагаад энэхүү зам зарим хэсгээрээ нурж, зарим нь эсрэгээрээ зүгээр үлдсэн юм бол? 

Үүний хариулт нь хүний ​​ухамсартай холбоотой байж болох юм. 

Ром хэдий өндөр хөгжилтэй байсан хэдий ч хүмүүсийнх нь дунд авлига, гэмт хэрэг, улс төрийн хуйвалдаан зэрэг зүйлс мөн цэцэглэн хөгжсөн байв. 

Тиймээс замыг бүхэлд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх боломжгүй байсан хэрэг.

Хамгийн анхны замыг МЭӨ 4-р зуунд цэргийн удирдагч Аппиус Клаудиус Цезийн тушаалаар барьсан байна. 

Энэ замыг Аппиева гэж нэрлэдэг. 

Тэр үед Ром Апенниний хойгийн өмнөд бүс болох Кампаниятай дайтаж байсан бөгөөд Аппиус зам тавьж тийш аян дайн хийхдээ илүү хурдан цэргийн хангамж нийлүүлэх арга сэдсэн нь энэ аж. 

Дараа нь 195 км урт Аппианы замыг уртасгах ажил эхэлж, Европын хамгийн том хуурай газрын сүлжээг байгуулсан байна. 

Зам барьж байсан ажилчид замыг үргэлжээ буюу тэв тэгшхэн байлгах үүрэг авжээ. 

Үнэхээр ч ямар нэгэн тойрог, мушгиа гаргалгүйгээр ийм тэгшхэн зам барьсан нь олон давуу талтай байлаа. 

Нэг талаас зам эвдэрвэл засахад амархан, нөгөө талаас маш энгийн бүтэцтэй тул замаа дагаад явахад төөрнө гэж байхгүй.

Дашрамд хэлэхэд, замыг барьсан хүмүүс нь өөрсдөө легионер (Ромын явган цэргүүд) байсан юм.

Цэргүүдийг ийнхүү зам тавихад ашигласан нь 2 шалтгаантай.

Нэгдүгээрт, цэргүүд сахилга бат сайтайн дээр бараг үнэ хөлсгүй ажилладаг

Хоёрдугаарт, дайсны нутаг дэвсгэр дээр зам тавих бол цэргүүд өөрсдөө тулалдах хэрэг гарна. 

Мөн олзлогдсон боол, эд барааг цэргүүд өөрсдийн барьсан замаараа зөөвөл маш их цаг хэмнэнэ.


Тийм ч учраас зөвхөн Европ төдийгүй Ойрхи Дорнод, Хойд Африк гээд эзэлсэн газар бүртээ Ромчууд өөрсдийн “сүлжээ”-г байгуулсан юм.

Тэд замаа барихын тулд нэг метр орчим гүн, хоёр метр хагас өргөн суваг ухдаг байв.  

Улмаар доод талыг нь нягтруулж, дээр нь том чулуунуудыг өрж байрлуулна.  

Дараа нь жижиг ширхэгтэй хайрга цацаж, шавар зуурмагаар хучна. 

Ингэхдээ хайргыг замын гол хэсэгт илүү ихээр цацдаг байжээ. 

Үүний үр дүнд замын гол ирмэгээсээ өндөр болж, борооны ус тогтож үлдэхээргүй болдог.


Хамгийн инээдтэй нь Ромчуудад газрын зураг байгаагүй юм. 

Гэхдээ Ромын бүх хотууд замд холбогдсон байна. 

Учир нь Ром цэргүүд эзэлсэн нутаг дэвсгэртээ заавал зам барьдаг байсан бөгөөд түүнийгээ дагуулж хот барих уламжлал тогтсон аж.


Мэдээж Ромчууд огт чиг баримжаагүй байсан гэвэл өрөөсгөл болно. 

Тэд газрын зургийн эхний хувилбар болгож газарзүйн тайлбар ном хэрэглэдэг байжээ. 

Мөн замын хажууд тухайн нутгийн ерөнхий нэр тайлбар, аль замаар хаашаа хүрч болохыг бичсэн чулуунууд (milestone) тавьдаг байв.


Гэсэн хэдий ч Ромын нэгэн иргэн улсынхаа хил хязгаар болон замын сүлжээг харуулсан ерөнхий газрын зургийг зурахаар шийдсэн байна. 

Харамсалтай нь түүний нэр хэн болох нь тодорхойгүй бөгөөд түүхчид энэ тухай 16-р зуунд л олж мэдсэн байдаг.

Конрад Пейтингер (1467-1547) нь түүхч, хүмүүнлэг, хуульч мэргэжилтэй хүн байв. 

Тэрээр I Максимилианийн номын санч Конрад Бикельтэй найзууд байсан бөгөөд түүнээс илгэн цаасан дээр зурсан 11 хуудас бүхий, нийт 680 сантиметр урт эртний газрын зургийг өвлөн авсан аж. 

Бикель өөрөө номын санд ажиллаж байхдаа тэрхүү газрын зургийг олсон ч онцын зүйл гэж бодоогүй аж. 

Гэхдээ Пейтингер түүхч хүний ​​хувьд энэхүү зургийн цаадах оньсогыг тайлахаар шийджээ.


Газрын зургийг сайтар судалж, хоёр шөнө суусны эцэст тэрээр Ромын газрын зургийн Дундад Зууны үеийн хуулбар болохыг олж мэдсэн байна. 

Зургийг зурсан хүн эзэнт гүрний ерөнхий тоймыг л гаргахыг урьтал болгосон учраас яг нарийн тооцоолж зураагүй нь тодорхой байв. 

Гэхдээ үүний тусламжтай түүхчид Ромын эзэнт гүрний замын сүлжээ яг хаагуур явдаг байсныг мэдэх боломж нээгдсэн байна.

Дараа нь Конрад өөрийн нээлтийг "Пейтингерийн хүснэгт" нэртэйгээр 1591 онд хэвлүүлсэн юм.





Холбоотой мэдээ