Ромын папыг индианчуудаас уучлалт гуйхыг шаардав

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-26 08:22:26

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Ромын пап Францискийг Канадад ирж, 215 хүүхдийн цогцос олдсонтой холбогдуулан индианчуудаас уучлалт гуйхыг шаарджээ. 

Тэрбээр индиан хүүхдүүдийг сургуульд албадан сургадаг байсан тухайн үеийн Засгийн газрын ичгүүрт, жигшүүрт бодлогод шүүмжлэлтэй хандаж, сэтгэл өвдөж буйгаа илэрхийлэв.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Канадын Камлупс хотод 1890-1969 оны хооронд үйл ажиллагаа явуулж байсан, дотуур байртай сургуулийн газраас 215 хүүхдийн цогцос олдсон тухай ВВС мэдээлсэн билээ.

Хүүхдүүдийн цогцсыг задлан шинжлэхэд зарим нь дөнгөж гурван настай нь тогтоогдсон аж. 

Уугуул иргэдийн хүүхдүүдийн дотуур байранд хүчирхийлэл, хэрцгийлэл, өлсгөлөн, гадуурхалт ноёлж, тус сургуулийн үйл ажиллагаа явуулсан 100 орчим жилийн түүхэнд 4000 гаруй хүүхэд амиа алджээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо олон нийтээс уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлсэн юм. 

Тэрбээр “Камлупс дахь сургуулийн дотуур байрны дэргэдээс олон хүүхдийн цогцос олдсон тухай мэдээ сонсоод, манай улсын ичгүүрт, жигшүүрт түүхийг эргэн сануулж буйд сэтгэл их өвдөж байна. 

Энэ гунигт мэдээ манай улсын хүн бүрийн сэтгэл зүрхийг өвтгөсөн биз ээ” гэжээ.

Мөн энэ долоо хоногт Канадын индианчуудын төлөөлөл 1899-1997 онд Мариевалд үйл ажиллагаа явуулж байсан сургуулийн газраас уугуул иргэдийн 600 гаруй хүүхдийн цогцос олдсон талаар мэдэгдсэн. 

Улмаар Ромын папаас энэхүү жигшүүрт үйлдлийн төлөө индианчуудаас уучлалт гуйхыг шаардсан билээ.

Канадын уугуул иргэдэд зориулсан тусгай сургуулийг өнгөрсөн зууны эхээр нээсэн бөгөөд 1996 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байжээ. 

Уугуул иргэдийг хавчин гадуурхах, хэрцгийлэн хөнөөх ажиллагааны нэг хэсэг болсон энэхүү сургуульд өлсгөлөн, хүчирхийлэл, хэрцгийллийн улмаас олон зуун хүүхэд амиа алджээ. 

2008 онд энэхүү тусгай сургууль нь олон хүүхдийн аминд хүрснийг Канадын төр засаг хүлээн зөвшөөрч, албан ёсоор уучлалт гуйсан аж.

Эдгээр байгууллагууд санхүүжилт муутайн дээр хүүхдүүдтэй зүй бус харьцдаг байжээ. 

Олон хүүхэд өлсөж, халдварт өвчнөөр нас барсан байна. 

Үнэн ба эвлэрлийн комиссоос уугуул хүүхдүүдэд зориулсан сургуулиуд үйл ажиллагаа явуулсан хугацаанд дор хаяж 3.2 мянган хүүхэд амиа алдсаныг тэмдэглэжээ.

Эх сурвалж: ВВС, ASSOCIATED PRESS


Холбоотой мэдээ