Хүн хооронд зай барих дүрмийг зөрчиж, туслахтайгаа үнсэлцсэн Британийн эрүүл мэндийн сайд огцров
Улс ТөрИх Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок албан тушаалаасаа огцорч байгааг Бямба гарагт зарлажээ.
Өнгөрсөн долоо хоногт The Sun сонин түүний туслахтайгаа үнсэлцэж буй дүрс хяналтын камерт бичигдсэнийг ил болгосон юм.
Цар тахлын үед хүн хоорондын зай барих журмыг зөрчсөн нь Хэнкокыг буруутгах эхний үндэслэл болж байв.
Бичлэгт гарсан Жина Коладанжело нь сайдын оюутан цагийн найз бөгөөд уг албан тушаалд хэзээ яаж томилогдсон нь тодорхойгүй байна. Тиймээс сөрөг хүчний Лэйбор намынхан Хэнкок ямар шалгуураар найз бүсгүйгээ өндөр албан тушаалд томилсон талаар тайлбар хийхийг засгийн газраас шаарджээ.
Тэд хоёул гэр бүлтэй хүмүүс бөгөөд Хэнкок нь гурван хүүхэдтэй юм байна.
Дуулиан дэгдсэний дараа Британийн ерөнхий сайд Борис Жонсон сайдаа өмөөрч, огцруулахаас татгалзаж байсан юм. Харин огцрох өргөдлийг нь хүлээж авсныхаа дараа тэр харамсал илэрхийлээд сайдынхаа хийж бүтээсэн зүйлээр бахархаж байгааг мэдэгджээ.
Сүүлийн үед Мэтт Хэнкок хэд хэдэн дуулианд нэр холбогдоод байгаа. Тухайлбал ерөнхий сайдыг хуурч, өөрийн найзын компанид тендер өгсөн, цар тахалтай холбоотойгоор засгийн газартай гэрээ байгуулсан компанид хувь эзэмшдэг нь ил болсон зэрэг баримтууд яригдаж байгаа юм.
Дотоод хэргийн сайд асан Сажив Жавид эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдох болсныг Британийн ерөнхий сайдын алба өчигдөр зарлажээ.
Эх сурвалж: AFP