У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхийлөгч үү, Монголын Ерөнхийлөгч үү?!
Улс ТөрЗургаан жилийн бүрэн эрхтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын тамгаа нутгийн дүүдээ өгч, Төрийн тамгаа Х.Баттулгаас шилжүүлж аваад гурав хонож байна. Хэдийгээр У.Хүрэлсүх МАН–аас явсан ч МАН түүнээс яваагүй.
Тиймээс “Ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх”-аа тангарагласан У.Хүрэлсүх Монголын улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал,тусгаар тогтнолыг бүхэлдээ хамаарах онц их эрх мэдэлтэй ҮАБЗ–ийг тэргүүлэхээр болов.
Ийнхүү зургаа хананд өлгөхөөс илүү түүхэнд нэрээ үлдээх асар том амбицтай У.Хүрэлсүх хожмоо сайнаар эсвэл муугаар бичигдэхийг зөвхөн тэр өөрөө л шийдэх болно. Товчхондоо, МАН–ын Ерөнхийлөгч үү, Монголын Ерөнхийлөгч үү гэдгээ. Товчхондоо У.Хүрэлсүх хэний Ерөнхийлөгч байхыг Монголын ард түмэнд ирэх зургаан жил харуулна гэсэн үг.
НЭГ.
У.Хүрэлсүхийн хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол үндэсний аюулгүй байдлыг хамгаалах явдал юм. Өнөөдрийн хувьд Монголын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй цорын ганц дайсан нь Covid-19 болчхоод байна. 500 гаруй хүний амийг авч одсон цар тахлыг хохирол багатай даван туулах нь ҮАБЗ-ийн даргын анхаарал тавих асуудал мөн.
МАН–ын зуун жилээс илүү Монголын ард түмний аюулгүй байдал аюулгүйн зөвлөлийн даргын хувиар У.Хүрэлсүхийн улстөрждөг сэдэв биш болсон.
У.Хүрэлсүх шинэ асуудалтай нүүр тулаагүй. Өнгөрсөн 2017 оноос 2021 оны нэгдүгээр сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, өнгөрсөн долоо хоногийн Баасан гариг хүртэл эрх баригч МАН–ын дарга байсны хувьд сайн, муу, сайхан, муухай бүхнийг ил далдаар шийдэж ирсэн.
Тэрбээр тангаргийн үгэндээ “Хүн төрөлхтний өмнө, монголчууд та бидний өмнө “Ковид-19” цар тахлыг даван гарах хүндхэн сорилт тулгараад байна. Нөхцөл байдал ч амаргүй байна. Энэ аюулт цар тахал өвчнийг хохирол багатай даван гарахад төр засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж, эвийг эрхэмлэн, хүчийг нэгтгэн хамтын хүчээр тэмцэх явдал онцгой чухал байгаа”-г ард түмнээс илүү эрх баригчдад сануулах ёстой байлаа.
Бүтэн хоёр жил шахам хөл хорионд байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд төр засгийн бодлого шийдвэрт хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж ирсэн нь худлаа биш. Өөрөө ч үүнийг сайн мэдэж буй биз. Үнэндээ, цар тахлаар далимдуулан эрх баригчид илүү эрх эдлэж буйд иргэд бухимдалтай байгаа. Тэгэхээр У.Хүрэлсүх нэг намын дарга уу нийт ард түмний Ерөнхийлөгч үү гэдгээ сонгох сонголттой нүүр тулж байна. Түүнийг МАН–ын 200 мянган гишүүн биш Монголын 800 мянган хүн сонгож саналаа өгсний хувьд шүү дээ.
ХОЁР.
У.Хүрэлсүхийн өнө эртний хүсэл нь шударга ёсыг тогтоох. Бараг амны уншлага шахуу болсон энэ үг тангаргийн ёслолоороо Монголын ард түмний өмнө дахин сануулсан нь “…..Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгох явдал нэн чухал шаардлагатай” гэх амлалт.
Гэхдээ Х.Баттулга шиг өөр үзэл бодолтой бусдыг өс хонзонгоор яллаад өөрийн талын алуурчид, авлигачдад уучлал үзүүлэх юм бол У.Хүрэлсүхийн амласан шударга ёс уланд гишгэгдэнэ::
Тэгээд ч өнгөрсөн дөрвөн жил өрийн ордны зүүн жигүүрээс хууль, шүүхийнхэнд нөлөөлж ирснийг У.Хүрэлсүх өөрөө ил тод зарласан. Өстнүүдээ улс төрийн зорилгоор ялладаг хуулийн засаглалыг эсэргүүцэж Ерөнхий сайдаасаа хүртэл огцорсон. Хүн засагладаг биш хууль засагладаг шүүхийн тогтолцоотой болох ёстойг амласан нь өөрөө л шүү дээ.
Өдгөө Х.Баттулгын балгийг, үлдээсэн “өв”-ийг нь цэвэрлэх нь түүний үүрэг болсон гэхэд буруудахгүй ч биз. Товчхондоо, Монгол Улс үзэл суртлын хоригдлуудтай хэвээр байх эсвэл тэднийг өс хонзонгоор ялласан шүүхийн тогтолцоог өөрчлөх үгүй нь У.Хүрэлсүхээс хамаарах юм. ҮАБЗ-ийн дарга бол шүдгүй арслан биш. Өнөөдрийн Монголын улс төрийн номер нэгдүгээр хүн нь У.Хүрэлсүх болсон.
ГУРАВ.
“Нэгдсэн үндэстний байгууллага болон олон улсын яриа хэлэлцээний тавцанд Монгол Улсын нэр хүнд, оролцоог сэргээн бататгаж, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө санал санаачилга гарган, идэвхтэй хамтран ажиллана. Олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлнэ.
Зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийн тангарагласан. Түүний гадаад бодлого Монголын улс төрийнхөнд төдийгүй, гадаад орнуудын анхаарлын төвд байгаа.
Үйлдвэр барих, төмөр зам тавих нь Монголын Ерөнхийлөгчийн хүлээсэн үүрэг, хийх ажил биш. Гүйцэтгэх засаглалын ажлаас хошуугаа ч, хуруугаа ч хол байлгах тусмаа сайн. Авчиг тангараг өргөсөн өдрөө ҮАБЗ–ийг хуралдуулсан У.Хүрэлсүх Засгийн газрын халамжийн бодлогыг хэлэлцсэн нь нэг намд биш нэг хүнд эрх мэдэл хэт төвлөрөх вий гэсэн айдас төрүүлж буй нь худлаа биш.
Ерөнхийлөгчийн хувиар У.Хүрэлсүхэд хийх ажил, Х.Баттулгыг хийгээгүй, чадаагүйг өөрчлөх зүйл цөөнгүй. Өнгөрсөн дөрвөн жил тэг зогссон гадаад харилцааг сайжруулах, Монголын төрийн гадаад бодлогыг залгамж чанарыг хангах нь У.Хүрэлсүхэд хуулиар оноогдсон “ямба ба ял” юм.
Эцэст нь, Монгол Улсыг ардчиллын баян бүрд байлгах нь Ардын намаас илүү У.Хүрэлсүхийн улс төр мэднэ. Ардчилал, эрх чөлөөг устгасан дарангуйлагч болж үлдэх үү. Эсвэл жинхэнээсээ эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх уу?!