Бүрэн эрх нь дуусч, энэ жил эгүүлэн татагдах Элчин сайд нар
Улс ТөрМонгол Улсаа төлөөлж гадаадын оронд суух Элчин сайд нарын томилгоо дор хаяж нэг жил дамжиж шийдэгддэг болсон гэхэд хилсдэхгүй.
Улс төрийн болон бусад олон шалтгаанаас хамаарч Монгол Улс зарим Элчин сайд нараа томилж чадахгүй хоёр дахь парламент дамжлаа.
Мөн эхний томилгоо нь бүрэн дуусаагүй байхад эхэлж томилогдсон Элчин сайдуудын бүрэн эрхийн хугацаа нь 2021 онд дуусгавар болж байна.
Улс төрийн болон бусад олон шалтгаанаас хамаарч Монгол Улс Элчин сайд нараа томилж чадахгүй сунжирч буй.
Элчин сайдын томилгоо үндсэндээ гурван субъектийг дамжиж байж шийдвэрлэгддэг.
Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын таалалд нийцэж байж, Элчин сайдаар томилогдох "виз" даруулдаг.
Одоогоор Монгол Улсаас 31 улсад Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар ажилладаг.
Үүнээс бүрэн эрхийн хугацаа нь энэ онд дуусах 10 гаруй орон бий.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын гадаад бодлогод сэв суулгахаар олон үйл явдал болж өрнөв.
Ялангуяа Элчин сайдуудаа томилж чадахгүй байх, Ерөнхийлөгч нь олон удаа түдгэлзүүлэх эсвэл эгүүлэн татах үйлдэл гаргаж байв.
Тухайлбал, ОХУ-д Элчин сайдаар сууж байсан Б.Болормаа, АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаяр нарыг эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж байв. Бүр бүтэн гурван жилийн хугацаанд Элчин сайдаа томилж чадахгүй тохиолдлууд ч байсан. Энэ мэтчилэн гадаад бодлого, дипломат албанд урд хожид тохиож байгаагүй олон зүйлс болж өнгөрөв.
Дипломат албаны тухай хуульд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан байсныг 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн байдаг.
Харин 2016 онд томилогдсон Элчин сайд нарын хувьд тэднийг томилогдох үед Дипломат албаны хууль нэмэлт өөрчлөлт ороогүй байсан учраас өмнөх хуулиар бүрэн эрхийн хугацаа нь 2019 онд дууссан гэсэн үг.
Тэгэхээр энэ ондоо багтаж, дараах Элчин сайд нарыг ирүүлж, орны хүнийг нь томилох ёстой.
2016 ОНД ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙДУУД
- Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Жамбалдорж
- Бельгийн хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Оч
- Бүгд найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Батсайхан
- Бүгд найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Билэгдорж
- Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Чинтүшиг
- Бүгд найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Баттунгалаг
- Бүгд найрамдах Турк улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Болд
- Бүгд найрамдах Чех улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар М.Энхсайхан
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баярыг томилсон байдаг. Гэвч М.Энхсайхан, С.Баяр нарыг эгүүлэн татаж байсан билээ.
Харин одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамгийн их анхаарал хандуулах, шуурхайлан шийдэх ажил бол хугацаа нь дууссан Элчин сайдуудаа эгүүлэн татаж, дараагийн Элчин сайдуудаа томилох, гадаад бодлогын хүрээнд хийгдэх олон айлчлал, түншлэл хүлээж буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөхтэй зэрэгцээд эрх баригч МАН дотор дараагийн Элчин сайдад горилогчид ч экс намын даргаа тойглох болжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва, Л.Болд нар Бүгд Найрамдах Герман Улсад суух элчин сайдын "сэнтийг" горилж байгаа аж.
Эдгээрээс гадна Шадар сайд асан Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн асан Ч.Улаан, Д.Оюунхорол нар элчин сайдаар томилогдоно гэх “бор шувуу” улс төрийн хүрээнд нисэх болов. Мөн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр ч Элчин сайдаар явах тохироогоо хийсэн гэх.
УДАХГҮЙ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСАХ ЭЛЧИН САЙД НАР
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга
- Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Тэнгэрийг эгүүлэн татаж, түүний оронд Д.Батжаргалыгтомилсон.
- Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд
- Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн
- Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр,
- АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрах
- Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат
2019 ОНД ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙДУУД
- Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж,
- Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг,
- Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар,
- ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа
- Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр
2020 ОНД ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙДУУД
- Бүгд найрамдах Хятад Ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал
- Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа
- Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр,
- Бүгд найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд
ЗАСГИЙН ГАЗРААС НЭР ДЭВШҮҮЛСЭН Ч УИХ-ААР ХЭЛЭЛЦЭГДЭЛГҮЙ ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ЭЛЧИН САЙД НАРЫН ЖАГСААЛТ:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц. Цэнгэлийг/Ерөнхийлөгч дэмжээгүй/
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Наранбатыг эгүүлэн татаж, Элчин сайдаар Д.Гансүхийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийг эгүүлэн татаж, Элчин сайдаар Б.Болормааг,
- Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татаж, Элчин сайдаар Б.Мандахбилэгийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдыг эгүүлэн татаж, Элчин сайдаар Ч.Бүрэнбаярыг/МАН-ын бүлэг дэмжээгүй/,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэлийг эгүүлэн татаж, Элчин сайдаар М. Ганболдыг,
- Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Түр хамаарагч Т.Ганболдын оронд тус улсад суух Ч.Баттөмөрийг,
- Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа зөвлөх С.Цогоогийн оронд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Баярсайхан
- Бүгд найрамдах Киргиз улсад суух Элчин сайдад нэр дэвшигч Ч.Баттөмөр
"МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ АЛБА ДАМПУУ БОЛЧИХСОН"
Зарим улс оронд суух Элчин сайдуудыг томилохгүй, улс төрийн дэмжлэг авч чадахгүй байгаа нь улсын гадаад бодлого, дипломат албанд ямар нөлөөлөл үзүүлж болох талаар судлаадчын байр суурийг хүргэж байна.
Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор, профессор Д.УЛАМБАЯР:
-Онц бөгөөд Бүрэн эрхт гэдэг нь онцгой тохиолдолд бие дааж шийдвэр гаргах, мөн тухайн улсыг бүхэлд нь төлөөлнө гэсэн үг. Тиймээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд нэн чухал үүрэгтэй оролцдог. Үүнд аюулгүй байдал, улсын нууцтай холбоотой асуудлууд ч хамаарна.
Элчин сайдыг томилох хүртэл өмнөх Элчин сайд нь ажлаа үргэлжлүүлэхэд асуудал байхгүй. Харин элчин сайд нь бүрмөсөн нутаг буцсанаас хойш шинэ Элчин сайдаа томилохгүй удах нь тийм ч таатай биш.
Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар солигдох үед элчин сайд нарыг томилох асуудал удаашрах тохиолдол байдаг. Үүнийг аль, аль тал нь ойлгодог. Агреманы хариу ирчхээд байхад Элчин сайдыг томилохгүй байх практик дипломатын түүхэнд бараг л байгаагүй. Тийм тохиолдолд манайд гарч байсан санагдаж байна. Ер нь бол дипломат алба хуулиараа төрийн тусгай алба байдаг. Тиймээс улс төрөөс ямагт ангид байх шаардлагатай. Гэхдээ түнш болон холбоотон орнуудад томилох Элчин сайдаар өөрийн найдвартай итгэлтэй хүнээ томилох нь дипломат практикт түгээмэл байдаг л даа. Элчин сайдаас шалтгаалж хоёр орны харилцаа сайн урагшилсан, эсвэл муудсан гээд олон улсын харилцааны түүхийн сургамж олон байдаг.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн бүс нутаг, олон улсын харилцаа, судлал салбарын эрхлэгч, Доктор (Sc.D), профессор А.ДАВААСҮРЭН :
элчин сайд нарыг томилж чадахгүй байгаа нь улс төр болон намуудтай холбоотой байх. Учир нь сүүлийн жилүүдэд Элчин сайдын яаманд мэргэжлийн бус хүмүүс томилогдох болсон. Мэргэжлийн бус гэдэг нь эрх барьж байгаа намын хүнийг мэргэжил, туршлагыг үл харгалзан улс төрийн томилгоог хэлж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад дипломат алба нь эрх барьж байгаа намыг сонгуульд ивээн тэтгэсэн мөнгөтэй бизнес эрхлэгч эсвэл зарим албан тушаалтны шагнал, зарим улстөрчдийг улс төрөөс түр холдуулах арга хэрэгсэл болж хувирчхаад байна.
Сайд эсвэл агентлагын даргын ширээнээс буугаад гадаадад Элчин сайд болж байх жишээтэй. Гэтэл гадны улсад томилогдож очиж байгаа дипломатууд тухайн улсынхаа хэл, соёл зан заншил, уламжлал, нөхцөл байдлыг сайн мэддэг гэхчлэн бүх асуудлыг мэддэг байхаас гадна дипломат ажлын туршлагатай хүн байх ёстой. Гэтэл бодит байдал дээр ямархуу байгааг хүн бүр мэдэж байгаа. Томилогдож байгаа хүмүүс гадаад хэлний мэдлэггүй, дипломат албанд ажиллаж байгаагүй мэргэжлийн, бус хүн ажиллаж байна.
Уг нь эсрэгээрээ тэд дипломат албаны ёс жаягийг сайн мэддэг, мэдлэг чадвартай, 2-3 хэлтэй хүн тухайн улсдаа улс орноо сурталчлах чадвартай байх ёстой. Тухайн орныхоо хэл, соёлыг мэддэг хүн чинь уг орны иргэд, хүмүүстэй хэл, амаа ойлголцож, цаашлаад найз нөхдийн түвшинд очиж чадна. Өөрийгөө болон Монгол Улсынхаа онцлогыг сайн ойлгуулж чадна. Англи хэлээр ярьж өөрийгөө ч бүрэн гүйцэт ойлгуулж чаддаггүй хүн дипломат албанд очихоод орчуулагчаараа дамжуулан хичнээн сайхан үг хэлээд ч нэмэргүй шүү дээ. Энэ нь амьд биш харилцаа гэсэн үг л дээ. Үнэндээ сүүлийн арван гаруй жилийн дотор Монгол Улсын дипломат алба дампуу болчихсон. Одоо бол хэн дуртай нь дипломат албанд томилогдоод байхаар мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүнд унаж байна. Дипломат албаны ажилтнууд гадаад улсад Монгол Улсын нүүр царай болдог хүмүүс. Гэтэл бизнес, наймаа хийж байсан хүн элчид сайдад томилогдож өөрийнхөө бизнесийг явуулж байх жишээтэй.