Цахимаар чарлагсад хийгээд дүлий төр
НийгэмӨчигдөр твиттерээс “Хүүеээ, энэнд хэн хариуцлага хүлээхийн бэ” гэсэн жиргээ нүдэнд тусав.
Хэн нэгэнд муу нэр аваачиж наахыг хүссэнээс өөр сэдэл зорилгогүй нь илхэн.
Ямар ч ач холбогдолгүй, хэнд ч хэрэггүй даган чарлагсадын л нэг.
Тухайн цаг үеийн трэнд сэдвээр бусдыг даган дууриаж, асуудалд заавал хэн нэгнийг буруутгаж, хариуцлага нэхэж байж гоё харагдана, олон дагагчтай болно гэж итгэгсэд сошиалоор дүүрэн.
Өөрийн үзэл бодолгүй, ямар ч гаргалгаагүй хэн нэгнийг муулж, хариуцлага нэхсэн дүр эсгэж, өөрийнхөө эгог баясгадаг нийтлэг дүр төрхтэй.
Цахимын цаанаас бол маш ухаантай, боловсон бас хариуцлагатай иргэн.
Төр засгаас хариуцлага нэхэж чаддаг, туйлбартай, тууштай хүмүүс.
Харин бодит байдал дээр эсрэг тал нь. Маш бүдүүлэг, туйлбаргүй, хариуцлагагүй иргэн.
Өөрөө олон хүн бөөгнөрсөн газар явж байгаа атлаа тэнд байгаа хүмүүсийн зургийг авч, сошиалд шоолдог бүдүүлэг.
Бусдын алдаа дутагдлыг хэлж байгаа нэрээр дайрч давшилдаг доромжлогч.
Хариуцлага гэсэн халхавчийн дор бусдын толгойг залгихаас наагуур аашилдаг хорчин.
Мөнгө өгсөн нэгнийг долоож, бай болсон нэгнийг үхүүлж ч магадгүй туйлбаргүй туйлшрагч хоёр нүүртэн.
Бусдын халуунд халж, хүйтэнд хөрч олсон тэмцлийн амжилтыг булаацалдагч зальтан.
Нийгмийн сүлжээ ийм нийтлэг дүр төрхтэй учраас мянга чарласан ч төр нь сонсдоггүй дүлий.
Коронавирусийн халдвараар 533 хүн амиа алдчихлаа гэж түм чарлаад хэн ч сонсохгүй, гэр бүлээс нь өөр хэн ч гашуудахгүй.
Төрийн нэг ч төлөөлөл эмгэнэл илэрхийлэхгүй.
Хүчгүй чарлаануудын дунд төр нь ч дөжирч, болох ёстой зүйл болдгоороо болж буй мэт үл тоомсорлодог болчихсон.
Хөл хорионы дэглэм зөрчсөн, огцор гэж мянган хүн мянгантаа орилсон ч төр нь тоохгүй, чихэн дүлий, нүдэн балайгаар өдөр сарыг нөхцөөдөг.
Асуудал жаахан даамжирвал хэсэг бүлэгт нь мөнгө шидэж, нөгөө хэсгээ дарах даалгавар өгөөд гүйцээ.
Таван хүн үхлээ гэж орилоход зургаан хөлсний бичээс үхэх болоогүй гэж дарангуйлна.
Ард нь таван хүн үхээд сэдэв хаагдана.
Иргэд нь хүлцэнгүй, номхон, дорой.
Сошиалд идэвхтэй байдаг хэсэг бүлэгхэн нь хий сүржигнэгч, худлаа хараагч, даган дууриагч, мөнгөний өмнө бөхөлзөгч.
Өнөөдрийн нөхцөл байдалд хэнийгээ ч буруутгах аргагүй.
Иргэн нь хий дэмий чарлагчид, төр нь сохор дүлий.
Тиймдээ ч төр нь цахим наадам хийхээр туйлширч зүтгэсээр буй.
Иргэд хичнээн эсэргүүцэж, найр наадам биш эмнэлэгт, өвчтэй хүмүүст амьсгалын аппарат хэрэгтэй байна гэж тамираа тасартал чарлалаа ч нэмэргүй.
Төр шийдвэрээ өөрчлөөгүй,
Хүй долоон худагт 3000 гаруй хүн цуглуулж, наадмын бичлэг хийхээр дайрч байна.
Хэрвээ иргэн хүчтэй, төр тэднийхээ үгийг сонсдог байсан бол наадам хийх шийдвэрийг аль хэдийнэ цуцлах байлаа.
Наадамд зарцуулах төсвөөрөө эмч, эмнэлгийн ажилчдад урамшуулал олгох эсвэл эмнэлгүүдийг амьсгалын аппаратаар хангах байв.
Гэхдээ одоо яанаа, танай төр сохор дүлий, та нар хий дэмий чарлагчид.
Мөнгөнд захирагдаагүй, үнэт зүйлтэй, үзэл бодолдоо үнэнч байсан бол бидний үгийг сонсох байлаа.
Сошиалд хий хоосон чарлаад ямар ч үр дүнгүйг хоёр жил хангалттай харлаа.
Одоо ч харж байна.
NoNaadam гэж сошиалд мянга орилсон ч төрийн чихэнд хүрсэнгүй.
Хоосон сүржигнэл болон замхарч байна.
Наашаа харж төрийг харааж, цаашаа харж алгаа тосож буй цагт хашааны банхараас ялгаа юун.