Монгол Улс худал мэдээллээс ардчиллаа аврахын тулд цахим хөгжлийн яам байгуулахаар төлөвлөж байна.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-30 07:48:24

Хуурамч мэдээллээс ардчиллаа хамгаалахын тулд Монгол Улсын Засгийн газар Цахим яам, УИХ-д Инновац, цахим бодлогын байнгын хороо байгуулж, кибер аюулгүй байдлын хуулийг УИХ-аар батлуулахаар төлөвлөж байна. 

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 5 дугаар сарын 6-нд Ардчиллыг хамгаалах нөхдийн бүлэг, Стокхолм хотноо төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан “Хуурамч мэдээллээс ардчиллаа хамгаалах нь” сэдвээрх цахим хэлэлцүүлэгт оролцох үеэрээ танилцуулсан байна. 

Цахим хэлэлцүүлэгт Швед, Монгол, Гүрж, Либери, Португал, Тунис Улсын сайд, дэд сайд, Элчин сайд нар оролцож, хуурамч мэдээллээс ардчиллаа хамгаалах чиглэлээр тус тусын сайн туршлага, шийдлүүдийн талаар болон хуурамч мэдээлэлтэй тэмцэх чадвартай нийгмийг бий болгох талаар харилцан санал солилцсон байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим арга хэмжээнд хэлсэн үгэндээ КОВИД-19 цар тахал, мэдээллийн технологийн хөгжил, уул уурхайн баялаг зэргээр тодорхойлогдох өнөөдрийн үед хуурамч мэдээлэл нь Монгол Улсад амаргүй асуудал болж байгааг дурдаад “Цахим үндэстэн”, Цахим яам, УИХ-д байгуулагдсан Инновац, цахим бодлогын байнгын хороо, УИХ-аар батлуулахаар төлөвлөж буй кибер аюулгүй байдлын тухай хууль зэрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулжээ.
Сүүлийн жилүүдэд бүс нутгийн мөргөлдөөн, улс төр, эдийн засгийн хямрал зэргээс улбаалж, дэлхийн ардчилалд аюул занал учирч байна хэмээн Швед Улс үзэж, Ардчиллыг хамгаалах нөхдийн бүлгийг 2020 онд санаачлан байгуулсан юм. 

Тус бүлэгт эдүгээ Швед, Монгол, Гүрж, Либери, Тунис, Уругвай, Португал зэрэг 7 улс багтдаг.

 

Ярилцлага:

• Д.Гэрэлмаа (Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал)

2020 онд Шведийн Гадаад харилцааны сайдын санаачилгаар Ардчиллыг хамгаалах анд нөхдийн бүлгийг байгуулсан. 

2021.05.06-ны өдөр Ардчиллыг хамгаалах анд нөхдийн бүлэг анхны хуралдаанаа Гадаад хэргийн сайд нарын түвшинд хуурамч мэдээллээс ардчиллаа аврах нь сэдвээр зохион байгуулсан. 

Өнөөдрийн мэдээллийн хурд ихтэй нийгэмд мэдээллийн үнэн зөв эсэхийг ялгахад маш хэцүү болсон бөгөөд хуурамч мэдээллийг ялгах, хуурамч эсэхийг тогтоох нь ардчиллаа аврахад хамгийн чухал зүйл юм байна гэж үзсэний үндсэн дээр энэ сэдвийг сонгож авсан.

Энэ хуралдаанд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцсон. Ардчиллаа аврах, тэр дундаа хуурамч мэдээллээс ардчилаа аврах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар танилцуулсан. 

Тухайлбал цахим яам байгуулахаар төлөвлөж байгаа, мөн УИХ дээр инноваци, цахим бодлогын байнгын хороо байгуулагдсан, кибер аюулгүй байдлын зэргээр хууль батлахаар төлөвлөж байгаа талаар танилцуулж ярьсан байгаа.


Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг




 

Холбоотой мэдээ