Х.Баттулгын зохиомлоор ялласан үзэл санааны хоригдлуудыг сулла!

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-30 08:41:09

Х.Баттулга Төрийн ордны гурван давхраас яваад тав хонож байна. 

Тэрбээр буухынхаа өмнөхөн өөрийнхөө хонгилоор чирж оруулсан Ерөнхий сайд асан М.Энхсайханыг уучлах хүсэлтийг хүнээр дамжуулан тавьсан гэх.  

Чингис бондын 280 сая ам.доллараар овоолсон шороонд нь аудит оруулах гэснийх нь төлөө өс өвөртөлж, Элчин сайд байхад нь дуудаж авчраад шоронд хийсэндээ Х.Баттулга гэм нүглээ наманчлах гэсэн үү, эсвэл хүн хэлмэгдүүлснээ ойлгосон уу, улс төрийн хэрэгсэл болгож ашиглахсан уу,бүү мэд.  

Ямар ч байсан “Чамаар Монголоо тоглуулахгүй” гэснийхээ төлөө шоронд орсон М.Энхсайхан Х.Баттулгын хүсэлтийг хүлээж аваагүй агаад “Хэрэг хийгээгүй учраас уучлал хүсэхгүй” гэж.

М.Энхсайхан хүсэлтийг нь хүлээж аваагүй тул ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өөрөө хүсэлт гаргаагүй байхад нь уучлах зарлиг гаргасанд өнөөх нь гомдолтой байгаа тухай хэвлэлд мэдээлэгджээ.

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан болон Оюутолгойн гэрээг боловсруулсан Сангийн сайд асан С.Баярцогтыг шоронд хийсэн нь гадаадын даалгавар захиалгатай гэж хардагддаг.

Энэ тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцрохдоо “Би цаашид шударга ёсны, шударга шүүхтэй байх, Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. АТГ нэг хүнээс хараат бус байх, хэн нэгэн дуудаж ял өгдөг, гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй”-г сануулж, Х.Баттулгатай хариуцлага тооцох ёстойг ч онцолж байв.  

Товчхондоо:

М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт нарыг  гэмгүй, тэднийг Х.Баттулга улс төрийн зорилгоор намнасан болохыг У.Хүрэлсүх өөрөө ч хүлээн зөвшөөрсөн нь энэ юм.

Олон нийтийн анхаарлын төвд байгаа Өршөөлийн тухай хуулийг УИХ яаралтай горимоор хаалттай хэлэлцэж байна.  

МАН зуун жилийн ойд зориулсан өршөөлөөрөө нэн шинэ үеийн үзэл суртлын хоригдлуудаа шоронгоос суллаж, Х.Баттулгын тарьсан балгийг цэвэрлэх ёстой юм.

С.Баяр, С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг батлахдаа бусдад илт давуу байдал олгож, албан тушаалаа урвуулан ашигласан гэж анх буруутгасан ч үүнийг нь хууль, шүүхийнхэн нотлож чадаагүй тул дээрээс өгсөн захиалгыг биелүүлэхдээ сүүлдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд  ял шийтгэл оноосон.  

М.Энхсайханыг Тавантолгойн гэрээг боловсруулахдаа үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэхийг завдсан гэж хэрэг тулгаад сүүлдээ нотлож чадаагүй тул Эрчим хүчний яамны төсвөөр ажлын хэсгийнхэнд авч өгсөн  130 сая төгрөгийн Lexus-570 авто машиныг таван жилийн дараа 75 сая төгрөгөөр үнэлээд зөрүү болох 55 саяыг нь улсад учруулсан хохирол гэж тооцоод дөрвөн жил зургаан сараар ялласан.

Тэдэнд тулгасан “гэмт хэргийнх нь” хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хуулийг буцааж хэрэглэж байгаад Монголын шүүгчид Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас өгсөн даалгаврыг “амжилттай” гүйцэтгэсэн байдаг. 

Учир нь, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Төрийн ордны 3 давхраас шүүгч, прокуроруудад нөлөөлдөг болохыг чуулганы хуралдаан дээр мэдэгдсэн нь мэдээж Х.Баттулгад хаягласан үг байлаа.

Х.Баттулгын үед Тамгын газарт нь ажиллаж байсан өмгөөлөгч Б.Баасанцогтын компьютерээс олдсон баримт, нэр бүхий шүүгч, прокуроруудын дансанд мөнгө шилжүүлсэн хуулга зэргээс харахад С.Баяр, М.Энхсайхан, С.Баярцогт нарыг захиалгаар ялласан болох нь тодорхой болсон юм.

Өмгөөлөгч Б.Баасанцогттой дорридож байгаа бичлэг нь цацагдаж, секс скандалын хэрэгт холбогдсон З.Болдбаатар нь М.Энхсайханд авто машины хэргээр 4 жил зургаан сарын ял оноосон шүүгч юм.  

Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгч З.Болдбаатарын цалинг нь зургаан сарын хугацаанд 30 хувиар торгох сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

Мөн М.Энхсайхан, С.Баярцогт, С.Баяр нарт яллах дүгнэлт үйлдсэн нийслэлийн прокурорын орлогч асан Ц.Насанбат нь өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой, түүнээс мөнгө авсан нь тогтоогдож, энэ асуудлаасаа болоод албан тушаалаасаа буусан байдаг.

У.Хүрэлсүх өнгөрөгч Баасан гаригт тангараг өргөхдөө “Хүн засагладаггүй хууль засагладаг ардчилсан төрийг байгуулах”-аа амалсан. 

Амалсан ёсоороо улс төрийн хилс хэрэгт ял шийтгэл хүлээсэн үзэл санааны хоригдлуудаа суллах, өршөөхөөс У.Хүрэлсүхийн хуулийн засаглал, шүүхийн реформ эхэлнэ гэсэн үг

Холбоотой мэдээ