Алтайн нуруунаас олдсон "шивээстэй гүнж"-ийн түүх
Сонин ХачинДэлхийн тайлагдашгүй нууцуудын нэг нь “Алтайн гүнж” болохыг ОХУ-ын эрдэмтэд дуу нэгтэй баталдаг.
“Алтайн гүнж” гэдгээр дэлхий нийтэд танил болсон залуухан бүсгүйн занданшуулсан шарилыг 1993 онд ОХУ-ын Сибирийн Холбооны тойрогт хамаарах Алтайн Бүгд найрамдах улсын Укок хэмээх тэгш өндөрлөг газраас археологичид олсон юм.
Укок нь Монголын хилийн ойролцоох Оросын нутаг юм.
1993 оны зун Алтайн Укокын өндөрлөгт археологийн томоохон экспедиц ирсэн бөгөөд тэнд Япон, Америк, Герман зэрэг орны оюутнууд, залуу эрдэмтэд Новосибирскийн археологичидтой зэрэгцэн ажиллаж байв.
Багийн гишүүн Наталья Полосмак хэмээх бүсгүй Пазырыкийн дов дээр малтлага хийхээр сонгосон юм.
Тухайн үед түүний энэ шийдвэрт олон хүн эргэлзэж байсан ч эцэст нь асар том мөсөөр бүрхэгдсэн шарил гарч ирснээр түүний сонголт зөв байсныг баталжээ.
Тус "гүнж"-ийг өнөөгийн Орос, Монгол, Казахстаны хилийн уулзвар дээр Төмөр зэвсгийн үед нүүдэллэж явсан эртний Скифүүдийн ойрын хамаатан Пазырык хэмээх ястны төлөөлөл гэж үздэг.
Археологчид XIX зууны үед Алтайн нуруунд хэд хэдэн булш, хиргисүүрийг малтаж гаргасны дараа энэ ястны талаар олж мэдсэн байдаг.
Пазырыкууд нь мал аж ахуй эрхэлж, нүүдэллэн амьдарч, үслэг дээл өмсдөг байсан гэдэг.
Тэд хивс нэхэж чаддаг байсан бөгөөд дэлхийн хамгийн эртний хивс эндээс олдсон нь одоо Эрмитажид хадгалагдаж байна.
Пазырыкууд бол Алтайн уугуул оршин суугчид биш бөгөөд тэдний өвөг дээдэс нь орчин үеийн Ираны нутаг дэвсгэрт амьдарч байсан аж.
Тэд Хүннүчүүдийн довтолгооноос зугтаж тийшээ нүүсэн гэх онол байдаг.
Ямартаа ч Пазырыкууд Алтайд ирэхдээ ард түмнийхээ эртний соёлыг хадгалан үлджээ.
Тэд эртний Египетчүүдтэй адил аргаар үхэгсдээ занданшуулсан болохыг эрдэмтэд тогтоосон юм.
Тиймээс тэд нэг газраас энэхүү аргыг сурсан байж ч болох аж.
Эрдэмтэд 2400 жилийн настай уг шарилд Ак Кадин хэмээх нэр өгсөн байна.
Тэд “Алтайн гүнж” гэх хоч авсан шарил үнэндээ гүнж биш байсныг тогтоожээ.
Наталья Полосмак тэргүүтэй археологчид Укокын өндөрлөгөөс илрүүлсэн шарилд нэмэлт шинжилгээнүүд хийсэн байна.
Уг олдворыг нээснээс хойш хэдэн арван жилийн хугацаанд шинжлэх ухаан илүү хөгжилд хүрсэн тул антропологчид шарилын төрхийг сэргээн засварлаж чаджээ.
Үүний үр дүнд тус бүсгүйг цагаан арьстан болохыг тогтоосон юм.
Оросын эрдэмтдийн баталснаар “гүнж” ази гэхээсээ илүү европжуу төрхтэй, 170 см өндөр хүн байв.
Түүнд хийсэн ДНК-гийн шинжилгээгээр “RIA” цусны бүлэг буюу “Ари” угсаатан байжээ.
Олон улсын эрдэмтдийн дүгнэснээр “RIA” цусны бүлгийн 70 хувь нь славян үндэстнүүд байдаг.
Швейцарийн антропологич Марсель Ниффенеггер "гүнж"-ийн төрхийг сэргээн бүтээжээ
Оршуулгын дараа түүнийг булсан нүх нь гүний усаар дүүрч тэр чигтээ хөлджээ.
Наталья Полосмак түүнийг олох хүртэл Ак-Кадин энэхүү байгалийн хөргөгчинд хоёр мянган жил хэвтэж байсан аж.
Судлаачид бунхныг анх нээх үед үнэхээр өвөрмөц зүйлстэй нүүр тулжээ.
Уг бунхны шалыг чулуугаар чимэглэсэн байсан бөгөөд оройг нь том эсгий хивсээр хучсан байв.
Ханан дээр нь бугын арьсан чимэглэл өлгөсөн том мод байх бөгөөд шалан дээр маш нарийн хийцтэй хутга зоосон мах тавьсан байв.
Бунхны нөгөө талд бүрэн хазаар хэрэглэлтэй морьдын үлдэгдэл байжээ.
Бүсгүйг харин эсгий дээр хэвтүүлэн гарыг нь гэдсэн дээр нь зөрүүлж, хөлийг нь нугалан тавьсан байв.
Түүнд алтлаг хатгамал бүхий үстэй нөмрөг нөмрүүлжээ.
Шарилын хувцас бараг л төгс хадгалагдан үлдсэн байв.
Түүний хажууд буга сийлсэн модон хүрээтэй толь тавьсан байна.
Булшнаас нь мөн сахиус, намгийн хүлэрээр хийсэн хар тугалгатай харандаа, энгэсэг, сам зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн олджээ.
Түүний хүзүүнд алтадмал ирвэсийн хээ бүхий гоёл чимэглэл зүүлгэсэн байсан бөгөөд үсийг нь хусаж, бараг 90 см урт морины сүүлээр хийсэн нарийн хиймэл үс зүүлгэсэн байв
Түүнчлэн эмэгтэйн хоёр гар нь тэр чигтээ шивээсээр дүүрэн байжээ.
Алтайн Бүгд найрамдах улсын уугуул оршин суугчид уг занданшуулсан шарилыг өөрсдийнхөө дээд өвөг, түүний гар дээрх шивээс хүн төрөлхтний мэдвэл зохих чухал мэдээллийг агуулж байгаа гэж үзсэн байна.
Харамсалтай нь, хоёр гарын шивээсний зөвхөн зүүн гарынх нь бүдгэрэлгүй үлджээ.
Түүний зүүн гар дээрх амьтны дүрсийг гүнзгийрүүлэн судалсны эцэст аварга том эвэртэй буга болохыг тогтоосон байна.
Энэ амьтан хоёр толгойтой бөгөөд хоёр дахь толгой нь түүний ар зоо хэсэгт байгаагаар дүрслэгджээ.
Бунхнаас олдсон эмэгтэй онцгой нэгэн байсан нь тодорхой байна.
Тэрээр магадгүй удган, туульч эсвэл нууц мэдлэг хадгалагч байсан байж болох юм.
Булшинд алт эрдэнэ байгаагүй хэдий ч алс холоос авчирсан ховор нандин зүйл олдсон нь Хятадын толь, торгон цамц, хүрлээр хийсэн бөмбөлөг хэлбэртэй жижиг унжлага байв.
Мөн шашны шүтээн гэх зүйл байхгүй байсан боловч эртний соёлд эгэл жирийн амьдралын бүх зүйл ид шидийн утга агуулдаг байсан байж ч болно.
Эрдэмтэд шарилыг нас барахаасаа өмнө дөрөвдүгээр шатны хорт хавдартай байсан гэж оношилжээ.
Эмэгтэй бие сул, тэнхээ муутай байсан учир нүүдэллэж явахдаа мориноос унаж толгойгоо хүнд гэмтээсэн гэж мөн тэд үзсэн байна.
Энэ явдлаас хойш 3-5 сарын дараа бүсгүй нас барсан бололтой.
Амьдралынхаа сүүлийн саруудыг Ак-Кадин хэвтэрт өнгөрөөсөн бөгөөд эргэн тойрны хүмүүс нь сайн асарч тордож байсан аж.
Харин нас барсны дараа овгийн хүмүүс нь бүсгүйг занданшуулж, хэдэн сарын дараа оршуулжээ.
“Гүнж”-ийг одоо Горно-Алтайск хотын музейд хадгалж буй.