Сангийн яамнаас хүүхдийн мөнгийг үе шаттайгаар олгох саналыг ЗГ-т танилцуулжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-01 20:41:57

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “2022 онд халамжийн асуудлыг хэрхэн төсөөлж байна вэ. Зөвхөн хүүхдийн мөнгө гэхэд нэг их наяд төгрөгөөр төсөв дээр нэмэгдэж байна.

Үүн дээр тооцоо судалгаа хийсэн үү” гэдгийг ажлын хэсгийнхнээс тодруулав.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт “Сангийн яамнаас нөхцөл байдал ямар байх вэ гэдэг эрсдлийн тооцооллыг оны эхнээс хийсэн. Энэ тооцооллын үндсэн дээр төсвөө оруулж ирнэ.

2022 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хойшлуулсан зорилтоо биелүүлээд явах хэмжээнд төсвөө боловсруулна.

Жишээ нь, хүүхдийн мөнгөтэй холбоотой гурван хувилбарыг Засгийн газрын түвшинд танилцуулсан.

Сангийн яамны баримталж байгаа гол бодлого бол хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгөх нь зүйтэй гэж гэж үзэж байгаа. 

Өрхийн орлогын судалгаагаар нийт өрхийн 40 хувьд нь хүүхдийн мөнгө бодит дэмжлэг болж байна. Тэгэхээр яг энэ хүн амын бүлэгт хүүхдийн мөнгийг бууруулалгүй олгоод, нөлөө үзүүлдэггүй хадгаламж болж байгаа бусад хэсэгт нь үе шаттайгаар олгох саналыг боловсруулж танилцуулсан. Гарах шийдвэрийг улс төрийн түвшинд шийдэх байх” гэдэг хариулт өглөө.

Холбоотой мэдээ