Канадад ойн түймэр гарч, бүхэл бүтэн хотыг сүйтгэжээ
ДэлхийОТТАВА. /CBC/. Энэ долоо хоногт 49.6 хэм хүрч халсан Канадын Британийн Колумб мужийн Литтон тосгон ойн түймэрт бүхэлдээ сүйджээ.
Мужийн гал түймэртэй тэмцэх газраас мэдээлснээр, гал түймэрт хотын барилга байгууламжийн 90 хувь нь шатсан байна.
Агаар хуурайшиж, хэт халсны улмаас ойн түймэр дэгджээ.
Литтон болон Ванкувераас зүүн хойд зүгт тосгоны орчимд амьдарч байсан 1000 гаруй хүн орон гэрээ орхин дайжихаас аргагүйд хүрсэн байна.
Зарим оршин суугчидтай одоог хүртэл холбоо тогтоогоогүй байна гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
Британийн Колумб мужид 26 ойн түймэр асаж байна гэж өмнө нь мэдээлж байв. Амиа алдсан болон бэртэж гэмтсэн хүмүүсийн талаар мэдээлэл ирээгүй байна.
Канадын Альберта, Британийн Колумб мужууд, Саскачеван мужийн зарим хэсэг, мөн тус улсын Арктикийн нутаг дэвсгэрийн өмнөд хэсэг болох Юкон, Баруун-Хойд мужуудыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс хэт халуун агаарын давлагаа нөмөрчээ.
Зарим бүс нутагт мягмар гаргаас агаарын температур буурч эхэлсэн боловч зарим газраар энэ долоо хоногийг дуустал халах төлөвтэй байна.
Британийн Колумб мужид хэт халууны улмаас 486 хүн нас барсан байж болзошгүй гэж мужийн цагдаагийн газар лхагва гарагт мэдээлжээ.