Х.Баттулгын тарьсан балгийг У.Хүрэлсүх цэвэрлэнэ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-07-02 11:26:46

Х.Баттулга өнгөрсөн дөрвөн жил зөвхөн гэр доторх улс төр хийсээр байгаад буусан. 

Түүний он жилүүдэд Монголын дипломат алба бараг “дампуурсан” гэвэл хэтрүүлсэн дүгнэлт болохгүй байх. 

Үндсэндээ, өс хонзонгийн сэдлээр дуртай цагтаа Элчин сайд нараа эгүүлэн татдаг, эсвэл шинэ томилгоог нь ширээн дотроо түгжчихдэг байлаа шүү дээ. 

Ёстой батгана суусан газар баастай гэдэг шиг.

Түүнээс Төрийн тамгыг шилжүүлж авсан У.Хүрэлсүх гадаад бодлогодоо ямар чиглэл, зорилго барьж ажиллах нь монголчуудын төдийгүй хоёр хөрш, гуравдагч түншүүдийн анхаарлын төвд байна. 

Ямар ч байсан түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, АНУ гээд цөөнгүй орны удирдагч баярын цахилгаан ирүүлсэн.

У.Хүрэлсүх Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт төвхнөөд долоо хонож буй хэдий ч өнгөрсөн дөрвөн жил Х.Баттулгад самруулсан гадаад харилцааг гацаанаас гаргах нь Төрийн тэргүүний хувиар хийх эхний зорилго болжээ. 

Тэрбээр өнгөрөгч Баасан гаригт тангараг өргөхдөө ч бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлэхээ тангаргийн ёслолдоо уригдсан гадаадын Элчин сайдуудын өмнө зарласан юм.

Тэрбээр “Монгол төрийн гадаад бодлогын залгамж чанарыг хангаж, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршийн бодлогын хүрээнд дэлхийн бусад улс орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэхийн төлөө, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулах болно. 

Нэгдсэн үндэстний байгууллага болон олон улсын яриа хэлэлцээний тавцанд Монгол Улсын нэр хүнд, оролцоог сэргээн бататгаж, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө санал санаачилга гарган, идэвхтэй хамтран ажиллана” гэсэн.

Өнгөрсөн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Монголыг гадаад улсад төлөөлөх 25 Элчин сайдын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. 

Уг томилгоог УИХ-аар хэлэлцэж дэмжсэний дараа Ерөнхийлөгч  ёсчлон батлаад, итгэмжлэх жуух бичгийг нь гардуулна.

Х.Баттулгын хувийн улс төрийн тоглолт, өс хонзонгоос болж Монгол Улс гадаадад суух Элчин сайдуудаа томилж чадахгүй өнөөдрийг хүрсэн билээ. 

Тухайлбал, Чех, Киргиз, Беларусь, Эмират зэрэг улс өнөөдрийг хүртэл Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдгүй байгаа. 

Нэмээд Сингапур, Австрали, Энэтхэг, Лаос, Египетийн Элчин сайдуудын хугацаа дуусаад гурван жил, Бельги, Казак, Австри, Кувейт, Туркийн Элчин сайдуудын хугацаа жил гаруйн өмнө дууссан байдаг.

Элчин сайдуудын томилгоог гацааснаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулга МАН-ыг янаглан хорлож байна гэж бодсон байх л даа. 

Гэвч ард нь Монголын дипломат албаны залгамж алдагдаж, Монголын нэр хүнд, гадаад харилцаа, эдийн засгийн түншлэл, хөрөнгө оруулалтад сэв ч сууж, сөргөөр ч нөлөөлсөн.

Ерөнхийлөгч ёсчлохгүй, итгэмжлэх жуухаа өгөхгүй бол Засгийн газар, УИХ мянган сайхан томилгоо хийгээд нэмэргүй.

Ямар ч байсан шинэ Ерөнхийлөгч гадаад бодлогодоо ихэд анхаарч, гацаанаас гаргахыг түргэвчилж байгаа нь сайн хэрэг. 

Гэхдээ карьер нь төгссөн өвгөчүүл, харьсан бөх, контарбандчид, хар тамхины сүлжээчдээс Монголын дипломат албыг цэвэрлэх нь түүний үүрэг. 

Өөрөөр хэлбэл, гадаад бодлогоо цэгцлэхээс гадна дипломат албыг  цэвэрлэх нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийх ёстой нэг ажил болж байна.

Гадаад харилцааны яамнаас өгч буй мэдээллээр өмнө нь элчингүүдийн 50 хувь улс төрөөс 50 хувь мэргэжлийн дипломат томилдог жишиг байсан бол энэ удаад 80 хувь нь мерит зарчмаар томилогдож байгааг онцолсон билээ.

Ингээд гадаадад Монгол Улсыг төлөөлөх 24 Элчин сайдын томилгоог хүргэе.

  1. Монгол  Улсаас  Австралийн  Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг,
  2. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах  Австри  Улсад  суугаа  Онц  бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг,
  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,
  4. Монгол  Улсаас   Бельгийн   Хаант  Улсад  суугаа  Онц  бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг  эгүүлэн татаж, Монгол Улсаас  Бельгийн Хаант Улсад суух  Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг,
  5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг,
  6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист  Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Дашийн Билэгдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг,
  7. Монгол  Улсаас  Арабын  Бүгд  Найрамдах  Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чулууны Баярмөнхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг,
  8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг,
  9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан  Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан  Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг,
  10. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах  Киргиз  Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар  Содномын Ганхуягийг,
  11. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах  Ардчилсан  Лаос  Ард  Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрахыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг,
  12. Монгол  Улсаас  Оросын  Холбооны  Улсад  суугаа  Онц  бөгөөд  Бүрэн  эрхт Дуламсүрэнгийн Давааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг,
  13. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг,
  14. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг,
  15. Монгол Улсаас  Бүгд  Найрамдах Турк  Улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Равдангийн Болдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг,
  16. Монгол  Улсаас  Унгар  Улсад  суугаа  Онц  бөгөөд  Бүрэн  эрхт Элчин  сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг,
  17. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг,
  18. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,
  19. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг,
  20. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах  Энэтхэг  Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг,
  21. Монгол Улсаас  Швейцарын  Холбооны  Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг,
  22. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,
  23. Монгол  Улсаас  Их  Британи  Умард  Ирландын  Нэгдсэн  Хаант Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Нархүүгийн Тулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух  Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг,
  24. Монгол  Улсаас  Америкийн  Нэгдсэн  Улсад   суух  Онц  бөгөөд  Бүрэн  эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаяр нарыг томилох асуудлыг УИХ-д Засгийн газраас өчигдөр өргөн барьсан юм.


Холбоотой мэдээ