Индонез вакцин хийлгээгүй иргэдийг хүлээж авахгүй

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-07-06 05:29:34

ЖАКАРТА/Kommersant/. Индонез улс мягмар гаргаас эхлэн гадаадын жуулчдаас коронавирусний вакцины гэрчилгээгээ үзүүлэхийг шаардана. 

Үүнээс гадна тус улсад нэвтрэхийн тулд “PCR” шинжилгээг хоёр удаа өгч, 8 хоногийн тусгаарлалтад хамрагдах шаардлагатай аж.

“2021 оны 7-р сарын 6-наас эхлэн вакциндаа бүрэн хамрагдсан, шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэд хилээр нэвтэрч, найман өдрийн тусгаарлалтад хамрагдана. 

Шинжилгээний хариу нь эерэг гарсан гадаадын иргэдийн хувьд эмнэлэгт хэвтэх юмуу зочид буудалд хоёр долоо хоног тусгаарлагдана” хэмээн Жакарта дахь Оросын Элчин сайдын яамны мэдэгдэлд дурдсан байна. 

Үүнээс гадна 2021-оны 7 дугаар сарын 3-21-ний хугацаанд амралт, аялал жуулчлалын бүсүүдийг хаах аж.

Дотоодын хийгээд олон улсын аялал жуулчлалыг хязгаарлах арга хэмжээ авснаар нөхцөл байдал сайжирч, халдварын тохиолдлын тоо нэлээд буурна гэж найдаж буйгаа Индонезийн Аялал жуулчлал, эдийн засгийн сайд Сандьяга Уно илэрхийлжээ. 

Засгийн газрын төлөвлөснөөр Бали арал болон бусад чиглэлийг нээх нь хэд хэдэн хүчин зүйл тэр дундаа хүн амын 70-80 хувийг вакцинжуулах ажлыг амжилттай явуулах эсэхээс шалтгаалах аж.

Тус улсын “Air Asia” агаарын тээврийн компани мөн халдварын тархалтыг хумихад нь засгийн газарт дэмжлэг үзүүлэхийн тулд энэ сарын 6-наас эхлэн нислэгээ нэг сарын хугацаатай зогсоожээ.

 Индонезид нийт 2.3 сая хүн халдвар авч, нас баралтын 60 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн байна. 


Холбоотой мэдээ