Шүүх хурал дээр хэн хэн нь намайг авахаас татгалзаж бие бие рүүгээ түлхэхийг харж суусан ээжийн дүү…

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-07 01:02:19

Гөөг ах

Намайг 6 настай байх үед аав /26/ ээж /24/ хоёр салсан юм. 

 Ээж маань хэт залуудаа намайг төрүүлсэн болохоор би “хүссэн” хүүхэд нь биш байж.

Аав өөр хүүхэнтэй болж, ээж ч өөр залуутай болж шүүх хурал дээр хэн хэн нь намайг авахаас татгалзаж бие бие рүүгээ түлхэхийг харж суусан ээжийн дүү, миний нагац ах; 

“Би энэ хүүхдэд “Хайр” гэж юу байдгийг зааж ойлгуулна. 

Та нар бол Новшнууд!!! 

Харсан зүг рүүгээ зайлцгаа.

Энэ хүүгийн нүдэнд дахин бүү үзэгд!” гэж хэлээд намайг авсан гэдэг. 

(Энэ үед болсон үйл явдлын тухай нилээн сүүлд би сонссон)

Ийнхүү би нагац ахтайгаа хамт амьдрах болсон. 

Балчир ухаандаа томчуудын учир явдлыг сайн ойлгохгүй, гэнэт алга болсон аав ээж, гэнэт гарч ирсэн баавгай шиг том /нагац/ ах гээд.., гайхширч цочролд орсноо нууж үл чадна. 

Гэвч хэдийгээр балчир ч гэсэн, өдөр бүр маргалдаж, өдөр бүр надад гар хүрдэг эцэг эх хоёр минь нэг л өдөр намайг хаях байх даа гэж боддог байсан юм. 

Нагац ах өөрийгөө “Гөөг” гэж дуудаж байхыг хүсэв. 

Аав ээжгүй болсон надаар “Нагац ах”-аа гэж дуудуулах нь зүй бус гэж бодсон Гөөг ахын сайхан сэтгэлийн илрэл байлаа.  

Тэр үед Гөөг ах 23-тай, барилга дээр ажилладаг.

Нилээн хуучин нэг өрөө түрээсний байранд ганцаараа суудаг байв.

Эхэндээ надад эвгүй байдаг байсан ч нэг л мэдэхэд Гөөг ахад маш их хайртай болсон байлаа.

Өдөр бүр үнэхээр хөгжилтэй өнгөрдөг байлаа. 

Барилгынхаа жижигхэн ачааны машинаараа цэцэрлэгээс намайг аваад шууд дэлгүүр рүү оройн хоолны хүнсээ авахаар хамт явна.

Хоолыг гайхалтай зуурна.

“Дахиад л нэг жанхуу зуурчихлаа” гээд инээд алдсаар хоолоо ширээн дээр авчирч хамт хооллочихоод унтан унтталаа янз бүрийн тоглоом эвлүүлж хамтдаа тоглоно.  

Амралтын өдрүүдэд өглөөнөөс үдэш хүртэл байрны хүүхдүүдтэй хамт хөл бөмбөг эсвэл гар бөмбөг… тоглоно.

Том чийрэг биетэй Гөөг ах, яг л хүүхэд шиг чин сэтгэлээсээ улайран тоглоно.

Дүрэм бол дүрэм! ямар ч өршөөл байхгүй. 

Буруу зүйл хийвэл шууд л шанаадна. 

Харин сайн зүйл хийвэл толгой илээд онгиртол магтана. 

Гөөг ах надад, өнчин өрөөсөн гэдгийг минь мартагдтал аз жаргал, баяр хөөрийг мэдрүүлж, хайр ба шударга занг зааж өгсөн. 

Ангийн эцэг эхийн хурал дээр өөрт нь огт зохиогүй навсгар хүрэм өмсөөд ирнэ. 

Ангийн зугаалганд авч явах хоолыг минь өмнөх орой нь хичээнгүйлэн хийж бэлдэж өгч билээ.

Маргааш нь үүргэвчин дотор хамаг юмтай холилдоод асгарчихсан байсныг одоо ч мартдаггүй, үнэхээр хөгжилтэй дурсамж.

Ахлах ангид ороод гар бөмбөгөөр хичээллэж эхлэхэд үргэлж дэмжиж, тэмцээний урд өдөр надад массаж хүртэл хийж өгч байсан. 

Дунд сургуулиа төгсөөд шууд ажилд орно гэж би бодож байсан. 

Гэвч Гөөг ах минь “Мөрөөдлөө хөө! 

Надад битгий санаа зовоод дэмийрээд бай! Би залуу байнаа хө!” гэж хэлээд хувцас дизайнерын мэргэжлийн сургуульд оруулж өгөв. 

Төгсөөд ажлын байртай болоход минь нулимс дуслуулан баярлаж байж билээ. 

Анхныхаа цалингаар шууд материал авч Гөөг ахад өмд хүрэм хослол хийж өгөв. 

Анх удаа тоглоом авахуулсан хүүхэд шиг баярлаж байсаныг нь мартдаггүй. 

Гөөг ах хурим хийхдээ тэр хослолоо өмсөж билээ. 

Намайг бодоод он удаан … гэрлэхгүй…, хайртай бүсгүйгээ хүлээлгэж байж. 

Одооноос намайг мартаад хайртай эхнэртэйгээ аз жаргалтай сайхан амьдраарай….. гэж…, гэж.., хүсэж байхад… яагаад…, яагаад…, Бурхан гэж байдаг юмуу……,

Гөөг ах ажил дээрээ гэнэт ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэн, хоёр долоо хоногийн дараа хагалгаанд оров. 

Хагалгаанд орсныхоо ганцхан сарын дараа хорвоогоос халиад явчихсан. 

“Үхэл амьдралын зааг дээр ухаангүй хэвтэх Гөөг ахыг хараад би ямар ч эргэлзээгүйгээр, “ААВАА” гэж хашгирсан…

Гэнэт өөрийгөө гайхсан ч үргэлжлүүлэн хэд хэд хашгирав…

Ааваа, Ааваа, Ааваа! 

Гөөг ах ухаан алдаж өвдөж шаналж байхдаа нэг ч нулимс унагаагүй хэрнээ, намайг хашгирахыг сонсоод уйлж байсан. 

Бага зэрэг нүдээ нээгээд ухаан орж эхлэв.. тэгээд чичирсэн гараараа миний толгойг аяархан илэв. 

Нөгөө хүчирхэг булиа гар нь хатаж хорчийсон байв. 

Гэсэн ч, энэ орчлон дээрх хамгийн дулаахан гар байсан. 

Тэгээд аяархан нүдээ аниад хөдлөхөө больсон…, дахин хэзээ ч нүдээ нээгээгүй. 

“Гөөг ахаа, эмнэлэг дээр таны надтай танилцуулсан бүсгүйтэй би гэрлэсэн. 

Бид хөөрхөн хүүтэй болсон. 

Хүүгээ танд тэврүүлээд үнсүүлмээр байсан. 

Тэврүүлмээр байна… зөндөө их..” 

ААВАА, ААВАА, ААВАА, ААВАА, ААВАА, ААВАА, ААВАА, ААВАА… МИНИЙ ААВАА! 

Олон жил өнгөрсөн ч гэсэн таныгаа санаж үгүйлсээр явна. 

Төрсөн эцэг эхийнхээ зүс царайг ч мартаж орхиж. 

Хойд аав, өргөмөл хүү байсан хэдий ч та бол миний жинхэнэ Эцэг.  

Хүн дахиж төрдөг бол таны төрсөн хүү болон мэндлэхсэн…

Тэгээд танаараа толгойгоо зөндөө илүүлэхсэн. 

Ааваа! … Маш их санаж байна.

Баярсайхан Ундармаа

Эх сурвалж: Бүх хайраа гэр бүлдээ нүүр ном

Холбоотой мэдээ