13 хатан, 200 сая доллартай Африкийн бяцхан улсын хааны амьдрал
Сонин ХачинСвазиленд хэмээх Африкийн нэгэн жижиг улс 2018 онд нэрээ Эсватини хэмээн сольсон байдаг.
Тус улсын одоогийн хаан III Мсвати (Mswati III) Африкийн хамгийн баян төрийн тэргүүнүүдийн нэг юм.
Тэрээр нийт 200 сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд төрийн зардлаар тэжээж, тэтгэдэг 13 эхнэр, 35 хүүхэдтэй аж.
Үүний хажуугаар Мсвати үнэтэй машин, хувийн онгоц, алмаазан цаг зэрэг тансаглалаа ард иргэдээсээ нуух нь битгий хэл, бүр бусдад харуулж баярхах дуртай гэнэ.
1Эцгийнхээ шийрийг хатаасан
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын дунд орших бяцхан арал гэмээр Эсватини улс нэгэн ер бусын ёслолтой.
Улсын өнцөг булан бүрээс хэдэн мянган үзэсгэлэнтэй бөгөөд онгон охид тус ёслолд оролцохоор ирдэг байна.
Тэд эхлээд биеэ сайтар угаан сүрчиг түрхэж, үйл ажиллагаанд зориулан хааныхаа зурагтай нөмрөгөөр гоёх ба дараа нь талбайд хагас нүцгэн гарч зогсдог аж.
Эзэн хаан Мсвати тэдний өмнө үндэстнийхээ уламжлалт хувцсыг өмсөж гарч ирэх бөгөөд тусгайлан зассан тавцан дээр гарч гараараа дохио өгөх үед баяр албан ёсоор эхэлдэг байна.
Ийнхүү цугларсан олон хааны алдрыг магтан дуулж хуурдах зуур Мсвати дээрх үзэсгэлэнт охидоос таалагдсанаа сонгож, ордон руугаа дагуулж явна.
Хэрвээ сонгогдсон бүсгүй жирэмсэн болвол албан ёсоор хааны хатан болдог гэнэ.
Яг энэ маягаар Мсвати 13 эхнэртэй болжээ.
Тус уламжлалыг Мсватигийн эцэг II Собуза хаан эхлүүлж байсан түүхтэй.
Тэрээр нийт 70 эхнэрээс 200 хүүхэдтэй байв.
Мсвати Их Британи дахь хөвгүүдийн Шерборн сургуульд боловсрол эзэмшсэн байдаг.
Тэрээр жинхэнэ Англи маягаар хүмүүжсэн нэгэн бөгөөд ахлах сургуулиа төгсөх жилдээ хаан суудалд суусан юм.
Собуза хаан Мсватийг угсаа залгамжлагчаа болгосон явдал олон хүний гайхшралыг төрүүлсэн байна.
Гэхдээ Мсвати аавтайгаа олон талаараа адил гэнэ.
Ялангуяа эцэг, хүү хоёр хэрээс хэтэрсэн тансаглал, эмс хүүхнүүдийн явдлаараа ижилсдэг гэхэд болно.
Улсынх нь иргэд өдөрт 65 цент төдийхнөөр амь зогоож байхад Мсвати төрийн мөнгөөр ханаж цадахаа мэдэхгүй тансагладаг.
Түүний хувийн хөрөнгө 200 сая ам.доллар давдаг ч тэрээр улсын төсвийг өөрийн хувийн зардалдаа ашиглан туйлдаг.
Жишээлбэл:
7 жилийн өмнө Мсвати гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулж 60 сая ам.доллар улсаас авсан бөгөөд 2019 онд 50 насныхаа төрсөн өдрийг өргөн цар хүрээтэй тэмдэглэж их мөнгө зарцуулсны дунд 1.6 сая долларын үнэтэйRolex цаг болон дэлхийн шилдэг дизайнерын урласан алмазан оруулгатай хослол багтсан байлаа.
2Хэрээс хэтэрсэн тансаглал
Мсвати хааны хамгийн дуртай тансаглал бол машин юм.
Тэрээр 2000-аад оны үед хагас сая ам.долларын үнэтэй Maybach 62 маркийн машиныг өөртөө, 10 ширхэг BMW машиныг эхнэрүүддээ зориулан авч байжээ.
Хэвлэлүүд ядуу орны төрийн тэргүүн ингэж тансаглаж байгааг шүүмжилсэн нийтлэл бичсэний дараа Мсвати машиных нь зургийг дарахыг хориглосон хууль батлуулсан юм.
Хамгийн сүүлд 2019 онд хаан өөртөө болон хамаатан садандаа зориулж 120 цоо шинэ BMW, 19 Rolls-Royce автомашин худалдаж авсан байна.
Гэсэн хэдий ч тэрээр энэ үйлдлээ онцгой арга ашиглан нуухаар шийджээ.
Бараг 150 тансаг автомашиныг тэрээр гадна талаас нь танигдахааргүй болтол нь баглаад, эх орондоо оруулж ирсэн байна.
Харин нэгэн гэрэл зурагчин тус үйл явдлыг гэрчлэх зургуудыг дарсан бөгөөд дараа нь зургуудаа Өмнөд Африкийн нэгэн сонины редакцад илгээжээ.
3-р Мсвати хаан 1986 онд
Мэдээж хааны сонирхол тансаг зэрэглэлийн автомашинаар тогтохгүй.
2010 онд тэрээр анхны McDonnell Douglas DC-9-87 хувийн онгоцоо Сингапур бизнес эрхлэгч Шанмуги Ретенам (Shanmugi Retenam)-аас 11.54 сая доллараар худалдаж авсан юм.
Тэрээр онгоцны дотоод заслыг 3.5 сая ам.доллараар өөрчилсөн байна.
Үүний дараа Мсвати 15 сая ам.долларт багтааж Нью-Йоркоос сонгодог урлагийн бүтээлүүд захиалсан аж.
Мсвати энэхүү худалдан авалтуудаа олны хэл амнаас нууцлахын тулд өөрт нь өгсөн бэлэг хэмээн тайлбарласан байдаг.
Үнэндээ тэрээр онгоцны төлбөрийг бэлнээр өгөөгүй юм.
Үүний оронд тэрээр Ретенамд Свазиленд улсад төмрийн хүдэр олборлох зөвшөөрөл өгчээ.
Харамсалтай нь, түншүүд хоорондоо түнжин хагарсан бөгөөд эцэст нь бие биенээ шүүхэд өгсөн байна.
Улмаар эзэн хаан шинэ онгоц авахаас өөр сонголтгүй болж хоцорчээ.
Хаан шинэ "агаарын хөлгөөрөө" Airbus A340-300 онгоцыг сонгож, харин зардлыг нь Засгийн газар төлжээ.
Ингэхдээ тэд эзэн хаан Мсвати улс орноо олон улсын тавцанд төлөөлж буй учир өндөр зэрэглэлийн тээврийн хэрэгсэл авах шаардлагатай гэж мэдэгджээ.
Гэхдээ сөрөг хүчнийхэн түүнийг увайгүй үйлдэл сэдсэн хэмээн сэжиглэж эхэлсэн байна.
Мэдээж хэрэг ингэж хардах үндэслэл тэдэнд бүрэн бий.
2009 онд хааны 5 хатан нийт 40 зарцаа дагуулаад Франц, Итали, Тайвань, АНУ-ыг тойрон аялсан нь ил болсон юм.
Хэсэг хугацааны дараа тэд АНЭУ-ыг зорьсон байдаг.
Дээрх аялал тус бүр дээр тэд 6 сая ам.доллар зарцуулсан байна.
Эзэн хаан өөрөө ч мөн аялах дуртай.
Тэрээр Английн ханхүү Уилльямын хуриманд очихдоо 700 мянган ам.доллар зарцуулсан юм.
Хааны арын албаны хүмүүс түүний хэтэрсэн тансаглалын тухай мэдээллийг задруулахгүй байх үүрэг хүлээдэг.
Өмнө нь хэлсэнчлэн тэр бүгдийг нуух талаар хууль тогтоомж хүртэл гаргасан байдаг.
Харин хэд хэдэн удаа Мсватийн "аяллын" тухай мэдээлэл ил болсны үр дүнд тус улсын иргэдийн тэвчээр алдарч, жагсаал хийсэн юм.
3Бүсгүйчүүдийн эрлэг
Уламжлал ёсоор хааны авааль хатан нь Мацебул, бага хатан нь Моца овгоос гаралтай байх ёстой гэнэ.
Мөн эхний хоёр хатныг хаан өөрөө биш, парламентын гишүүд сонгоно.
Ерөнхийдөө хааны эхний хатад нь хөрш зэргэлдээ Өмнөд Африк улсад дээд боловсрол эзэмшсэн байдаг.
Харин 3 дахь хатнаас хойшихийг хаан өөрөө сонгох эрхтэй.
Хааны хатан байх нь эмэгтэй хүний хувьд тийм ч хүсэхээр амьдрал биш.
Мсватийн 5 болон 6 дахь эхнэр нь 10 жил түүнтэй цуг амьдарч байгаад тэсэлгүй Өмнөд Африк руу оргожээ.
Тэд олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байхдаа нэг нь тус улсын бизнесмэнтэй гэрлэж, нөгөө нь Лондон руу нүүжээ.
Найм дахь эхнэр нь мөн арваад жилийн дараа бас Өмнөд Африк руу дүрвэсэн байна.
Хааны анхны хатан Ламбикиза
Мсватигийн хамгийн хайртай эхнэрүүдийн нэг болох ес дэх хатныг нь Ламагонго гэдэг байв.
Харамсалтай нь хаан гэнэт түүнийг сонирхохоо больсон учир Ламагонго нөхөртэйгээ гурван жилийн турш уулзаагүй аж.
Мсвати бүр түүнийг эгчийнхээ оршуулгад явахыг хориглосон бөгөөд сэтгэлийн зовлонгоо дийлж чадаагүй хөөрхий бүсгүй амиа хорложээ.
Гэсэн хэдий ч хамгийн их шуугиан тарьсан хатан нь хааны арван хоёр дахь эхнэр, "Свазиландын өсвөрийн мисс" асан Ладубе байв.
Энэ явдал 2012 онд хаан Ладубейн хамт Тайвань улсад айлчлах үеэр болжээ.
Ладубе тэр үед Хууль зүйн сайд Ндүмисо Мамбатай явалдаж байгаад баригдсан юм.
Хатан нууц амрагтайгаа болзоонд явахын тулд цэргийн хувцас өмсөж яваад танигдсан аж.
Мамба баривчлагдаж, хатан гэрийн хорионд оржээ.
Залуухан эхнэр ордноос гарах нь бүү хэл, нөхөртэйгөө уулзах эрхгүй болсон бөгөөд зөвхөн Британийн сэтгүүлчидтэй л харьцдаг байв.
Харин Мамба хааны дотны найз, түүний хувийн санхүүг зохицуулахад тусалдаг байсан учраас азаар "өршөөгдсөн" гэнэ.
4Хүүхдүүд
Хааны олон хүүхдүүд Англид сурдаг.
Тэднийг Лондонд таван сая фунт стерлингээр худалдаж авсан байшинд байрлуулдаг бөгөөд тусгайлан томилогдсон хүмүүс сургалтын явцыг нь хянадаг байна.
Мсватийн хүүхдүүд ерөнхийдөө олны хараанаас далд байдаг.
Гэхдээ түүний гурав дахь эхнэрээс төрсөн охин Сиханисон гүнж олон дуулианы эзэн болсон юм.
Тэрээр Английн коллежид боловсрол эзэмшиж, Сиднейн Их Сургуульд дижитал харилцаа холбооны чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.
Сиханисон нь төрөлх Свазиландаас илүү барууны соёлд дуртай.
Тэрээр улс төрийн сөрөг хүчнийхэнтэй үзэл бодол, байр сууриараа нэгддэг төдийгүй олон эхнэр авах ёсыг буруутган шүүмжилдэг байна.
Тэрээр бүр Pasha нэрээр аавыгаа шүүмжилсэн утга бүхий реп дуунууд гаргажээ.
Сиханисо тус улсад улс төрийн намуудыг хориглосон хууль гарсныг эсэргүүцэж, эцэг нь засгийн газраа бүрэн хяналтандаа байлгаж байгааг хүчтэй шүүмжилжээ.
Мсвати төрөлх орондоо зарим нэг шинэчлэлийг авч ирсэн гэдгээрээ алдартай.
Тэрээр улсаа үндсэн хуультай болгосон боловч аав нь ерөнхий сайд болон бусад өндөр албан тушаалтнуудыг томилох эрхтэй хэвээр байгаа аж.