Л.Оюун-Эрдэнэ: Эмч нар гэлтгүй цагдаа, онцгой гээд маш олон салбар хэцүү байна, гэхдээ тэд цалин яриагүй
Улс ТөрЭмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхээр сүүлийн 11 хоног Төв талбайд суулт хийж байгаа юм.
Өнөөдөр өглөө тэд мэдэгдэл хийсэн бөгөөд 15:00 цагаас Ерөнхий сайдтай уулзаж байгаа юм.
Ерөнхий сайд уг суултыг улстөржилт гэдгийг уулзалтын эхэнд хэлсэн юм.
Мөн тэрбээр эрүүл мэндийн салбар төдийгүй олон салбар хэцүү байгаа ч өнөөдрийг хүртэл ийм шаардлага тавиагүйг онцлоод төрийн байгууллагууд хэцүү үед ч цалингаа үргэлжлүүлэн авсаар байгаа гэдгийг ч онцолж байв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
"Улсын төсөв ердөө 10 их наяд төгрөг.
Одоогоор нэг их наяд төгрөгийн алдагдалтай байна.
Цаашдаа хүнсний бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хомсдол үүсэх нь.
Шулуухан хэлэхэд төрийн байгууллагынхан татвар төлөгчдийн хүчээр цар тахлыг гайгүй давж байна.
Шат дараалсан хатуу хөл хорионоос болж хувийн хэвшлийн 95 мянган хүн ажлын байргүй болсон.
Гэтэл төрийн байгууллага ямартай ч цалинтай байна.
Цар тахлын үед эрүүл мэндийн салбарт маш их санхүүжилт олгосон.
Сүүлийн хоёр жилд 30 жилтэй тэнцэхүйц хөрөнгө зарцуулаад байна.
Улсын төсөв ч адил ЭМС-ын санаачилгаар нэг удаагийн мөнгөн тэтгэмж өгье гэсэн санаачилга дээр үндэслэсэн.
Эмч нар гэлтгүй цагдаа, онцгой гээд маш олон салбарынхан хэцүү нөхцөлд байна, гэхдээ тэд ийм юм яриагүй.
Онцгой байдлын албан хаагчид бид яах вэ эмч нартаа гэж байна лээ.
Би тэднээр бахархсан.
Төсвийн тодотгол баталсан.
УИХ-ын чуулган хаасан.
Дахиж чуулган хуралдана гэж байхгүй.
Энгийн үед тангараг яриад, ийм үед зовлон ярьж болохгүй.
Ийм үед бид эцсийн мөч хүртлээ иргэдээ хамгаалах ёстой.
Үүнийг зохион байгуулалттайгаар хийж байгааг тусгай албаны шугамаар олж мэдсэн.
Шаардлагатай бол улс эх орноосоо урвасан гэж үзэх болно.
Ийм үед бид нялцганаж болохгүй.
Одоо энэ асуудлаа цэгцэл.
Зөвшилцөлд хүр.
Эрүүл мэндийн сайд асан зарим хүнд хандаж хэлмээр байна.
Энэ цаг үед ийм зүйл битгий хий.
Зарим нэг улстөрчдийг ч гэсэн эрүүл мэндийн салбараас савраа тат гэж хэлмээр байна.
Шаардлагатай бол надтай улс төрөө ярь.
Ийм нөхцөлд эрүүл мэндийн салбарынхныг хувааж, хаана хаана ямар уулзалт хийж байгааг би бүгдийг нь мэдэж байгаа шүү.
Өнөөдөр вакциныг төлбөртэй хийсэн бол сайн муу гэж ярихгүй байсан байх.
Өнөөдөр эрүүл мэндийн санхүүжилтийг нэмэгдүүлье гэж яриагүй байсан бол цалин нэмүүлье гэж ярихгүй байсан байх.
Юм ийм л байдаг.
Та нар Засгийн газрын хуралдаанд сууж үзэж болдог бол бусад салбарынхан чинь боломжоо хасаад та нарт нэмж өгч байгаа юм.
Боловсрол, хүнсний хангамж, бүтээн байгуулалт гээд бүх салбарынхан иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад анхааръя гээд салбарын төсвөөсөө хасуулдаг гэдгийг мэдэх ёстой" гэлээ.