Афганистаны газар нутгийн 85 хувийг эзэлсэн Талибанчууд Хятад улстай түншлэх хүсэлтээ илэрхийлжээ
ДэлхийЛхагва гарагт Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Сухали Шахин “This Week in Asia” сэтгүүлд Афганистаны ирээдүйн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
Түүний хэлснээр одоо Талибанчууд Афганистаны газар нутгийн 85 хувийг захиргаандаа оруулаад байгаа гэнэ.
АНУ-ын цэрэг Афганистанаас гарах ажиллагаа тавдугаар сараас эхэлсэн бөгөөд наймдугаар сард бүрэн хэрэгжиж дуусах төлөвлөгөөтэй байгаа. Үүнтэй зэрэгцэн исламын шашны суурь үзэлт Талибан хөдөлгөөн Афганистаны нутагт хяналтаа тогтоохоор Кабулын засгийн газрын цэрэгтэй байлдаж эхэлсэн юм.
АНУ-ын тагнуулын албадын тооцоолсноор цэрэг гарч дууссанаас хойш зургаан сарын дотор Афганистаны засгийн газар сүйрч, Талибанчууд засгийн эрхийг авах өндөр магадлалтай байна.
2001 оны есдүгээр сарын 11-нд Нью Йорк хотод Аль Кайда бүлэг террорист халдлага зохион байгуулсны дараа Афганистаны дайн эхэлсэн юм. Тухайн үед Талибанчууд Афганистаныг захирч байсан бөгөөд Аль Кайда бүлгийг газар нутагтаа орогнуулж байгаа гэсэн шалтгаанаар тэдний дэглэмийг АНУ-ын цэрэг түлхэн унагаж байв.
Харин 20 жилийн дараа Талибан хөдөлгөөн дахин Афганистанд хяналтаа тогтоох гэж байна.
Сухали Шахин ярилцлагадаа Афганистаны эдийн засгийг хөл дээр нь босгоход Хятадын хөрөнгө оруулалт чухал байгааг хэлж, үүнд шаардлагатай аюулгүй байдлын баталгаа өгөхөө амлажээ.
“Бид тэднийг урьж байна. Хэрвээ хөрөнгөө оруулбал бид аюулгүй байдлыг нь хангана. Хөрөнгө оруулагчдын аюулгүй байдал бидний хувьд маш чухал” гэж тэр хэлсэн байна.
Сухали бас Шинжаан Уйгарын салан тусгаарлагчдыг Афганистанд орогнуулахгүй гэдгээ энэ үеэр амлажээ.
Уйгаруудаас гадна Аль Кайда зэрэг бусад террорист байгууллагуудын үйл ажиллагааг газар нутаг дээрээ бүрэн хориглох тухай мэдэгдсэн байна. “Бид дэлхийн хаана ч орогнох газаргүй болсон Аль Кайдаг тухайн үед хүлээж авахаас өөр аргагүй байсан. Гэхдээ Аль Кайдаг бид ерөнхийлөгч Бурхануддин Раббанигийн засаглалын үеэс өвлөж авсан юм. Одоо Аль Кайда бидний хувьд ‘өнгөрсөн үе’ болсон” гэж Сухали ярьжээ.
Талибанчууд 1996 онд Раббанигийн засгийн газрыг унагаж, 2001 он хүртэл Афганистанд дэглэмээ тогтоож байсан юм.
Афганистанд зэс, алт, нүүрс, төмрийн хүдэр, кобальт, лити зэрэг ашигт малтмалын дэлхийн хамгийн том ашиглагдаагүй нөөц байдаг. Эдгээрийн нийт үнэлгээг нь $1 их наяд гаруй гэж үздэг байна.
Энэ их баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад Афганистанд гадаадын хөрөнгө оруулалт чухал хэрэгцээтэй байгаа.
Талибан хөдөлгөөн энэ удаа Афганистаныг засаглахдаа өмнөх шигээ харгис бурангүй дэглэм тогтоохгүйг Сухали бас хэлсэн байна. “Манай хяналтад орсон газар нутагт сургуулиуд нээгдэж, охид хичээлдээ явж байгаа” гэж тэр хэлжээ.
Тэр бас багш нар, орон нутгийн албан хаагчдыг Кабулын засгийн газар цалинжуулахаа зогсоосон тул тусламж үзүүлэхийг олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудад уриалсан байна.
Эх сурвалж: South China Morning Post