Европын үерт 120 хүн амиа алдаж, 1300 хүн сураггүй болов
ДэлхийСүүлийн хэдэн аран жилд тохиогоогүй их үерийн гамшиг баруун Европт болж, багадаа 120 хүн нас барж, 1300 гаруй хүн сураггүй алга болсон талаар BBC мэдээлжээ.
Иймд амиа алдсан хүмүүсийн тоо цаашид өсч магадгүй байгаа талаар албаныхан анхааруулав.
Герман улсад 100 гаруй хүн, хөрш Бельги улсад 20 гаруй хүн үерт амиа алдсан нь тогтоогджээ.
Түүнчлэн Нидерланд, Люксембург, Швейцар улсуудад мөн гол, нуурууд үерлэж эхэлжээ.
Бельгийн ерөнхий сайд Александер Де Кру долдугаар сарын 20-ны өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна.
Тус улсын эрх баригчид яг хэдэн хүн сураггүй болсныг эцэслэн тогтоож чадаагүй байгаа аж.
Германы Засгийн газар аврах ажиллагаанд 15,000 цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчдыг дайчилжээ.
Тус улсын баруун хэсэгт үерийн улмаас зам тээврийн системд доголдол үүсч, сургуулиудыг хаажээ.
Орон сууцнууд руу орох, гарах гарц бүрэн хаагдсан учир завиар хүрэхээс өөр аргагүй болсон байна.
Энэхүү байгалийн гамшгийн гол хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Дэлхийн цаг агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн эрин эхлэх үеэс хойш даруй Цельсийн 1.5 хэмээр нэмэгдээд байгаа билээ.
Иймд дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа эрс бууруулж, энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй бол цаашид үер, ган гачиг зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн давтамж улам ойртоно гэдгийг анхааруулж байна.
Эх сурвалж: BBC